Гурав дахь жилдээ үргэлжилж буй ОХУ-Украины дайнаас Монгол Улс ямар сургамж авах вэ?

.
2024-02-23 219

Өнөөдөр 2024 оны хоёрдугаар сарын 24.

Яг хоёр жилийн өмнөх энэ өдөр ОХУ хөрш орон болох Украин руу чиглэсэн түрэмгийллийг эхлүүлсэн билээ. Ийнхүү тэд гурав дахь жилээ эхлүүлж байна. Эхэндээ “Цэргийн тусгай ажиллагаа”, “Зэвсэгт мөргөлдөөн” хэмээн нэрлэж байсан ч одоо дайн хэмээн хүлээн зөвшөөрсөн. Уг дайны улмаас дэлхийн дэг журам, улс хоорондын харилцаа, олон улсын аюулгүй байдал өөрчлөгдөж, үүнийг даган манай улс ч аюулгүй байдлын стратегиа эргэн харах цаг ойртож буй нь илт. 

Иймд бид гадаад орчноо дахин үнэлж, аюулгүй байдлаа улам бататгахын тулд Украинаас хоёр сургамжийг авах шаардлагатай байна. Эхний сургамж нь, ОХУ-ын түрэмгийлэл эхлэхээс өмнөх Украин бол Монгол Улсын яасан ч хийж болохгүй үйлдлийн жишээ. Хоёр дахь сургамж нь, түрэмгийллийн дараах Украин бол бидний заавал сурах зүйлсийн үлгэрлэл юм. 

Энэхүү хоёр сургамжийг задлан тайлбарлая. 

Эхний сургамж нь ОХУ-ын түрэмгийлэл эхлэхээс өмнөх Украин бол Монгол Улсын яасан ч хийж болохгүй үйлдлийн жишээ. Энэ бол улс төржсөн гадаад бодлого

Украин нь ЗХУ-ыг бүрдүүлж байсан улсуудын нэгэн адил 1991 онд тусгаар тогтносон. Анхны Ерөнхийлөгчийн сонгууль 1991 онд болсон бөгөөд анхны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Леонид Кравчук үнэмлэхүй ялсан байна. Тэрээр гадаад бодлогоо Украин улс нь Европ хийгээд Евро-Атлантикийн интеграцийн хүрээнд байх нь зөв бөгөөд Орос Холбооны улстай сайн хөршийн харилцаатай байх ёстой гэж үзжээ. Гэсэн ч тухайн үед Украины шийдвэр гаргагчид өөрсдийгөө "Европын нэг хэсэг" хэмээн үзэж, гадаад бодлогын үндсэн зарчмаа Европтой эргэн нэгдэх ойлголтуудын хүрээнд тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, 1991-1994 оны Украин Европын эдийн засаг интеграцчилалд багтах, барууны аюулгүй байдлын системийн нэг хэсэг болох эрмэлзэл дүүрэн байжээ. Зөвхөн Украинаар зогсохгүй ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Эстони, Латви, Литва зэрэг орон үүнтэй төстэй томьёоллоор гадаад бодлогоо чиглүүлснийг дурдах хэрэгтэй.

1994, 1999 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Леонид Кучма ялав. Тэрээр Украиныг Европын холбооны гишүүн орон болгох, Европын холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхолтойгоо илэрхийлж, 2003 оны Иракийн дайнд Украины Зэвсэгт хүчний анги, нэгтгэлийг илгээж байсан ч нөгөө талаас ОХУ-тай Нөхөрлөл, Хамтын ажиллагаа, Түншлэлийн гэрээ байгуулж, хоцрогдсон хэмээн шүүмжилдэг байсан Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн Төрийн тэргүүн нарын зөвлөлийн тэргүүн болж, улмаар орос хэлийг Украины албан ёсны хэл ч гэж зарлаж байсан удаатай. Кучма Орос болон баруунтай эн тэнцүү харилцаатай байх үүднээс "олон векторт гадаад бодлого" буюу олон чиглэлээр гадаад бодлогоо хэрэгжүүлж байжээ.

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Европ, НАТО тэргүүтэй барууны улс төр, эдийн засаг, цэргийн механизмд илүү оролцох талыг баримтлагч Виктор Ющенко ялав. Ямартай ч 3 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Виктор Ющенко Украиныг НАТО-гийн гишүүн орноор элсүүлэх, Орос хэлийг албан ёсны хэлээс хасах, цаашлаад гурав хуваагдаад байсан Үнэн алдартны шашны төлөөллийг бусад орноос хараат бус, бие даасан Украины Үнэн алдартны сүм гэх бүтцийн доор нэгтгэх зэрэг бодлогыг баримталдаг байв.

2010 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 2005 оны сонгуульд ялагдал хүлээсэн Виктор Янукович яллаа. Тэрээр Тэрээр АНУ болон ЕХ-той стратегийн түншлэл байгуулах нь чухал гэхийн зэрэгцээ ОХУ болон ТУХН-ийн орнуудтай нөхөрсөг сайн харилцаагаа сэргээж, орос хэлийг украин хэлний хамт албан ёсны хэл байх зөв гэсэн байр суурьтай байж. Түүний засаглалын үеэр Украины парламент Европын холбоонд элсэх улс төрийн шийдвэрийг 349 гишүүний 315 буюу 90 гаруй хувийн дэмжлэгтэй баталсан. Гэвч Янукович үүнийг үзэглэхгүйгээ мэдэгдэж, харин ч эсрэгээр нь  ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой улам гүнзгий хамтран ажиллахаа илэрхийлэв. Энэхүү үйл явдлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Киевийн төв талбайд гарч эхэлсэн нь алдарт Евромайден жагсаал юм. 2013 оны 11 дүгээр сард эхэлж, 2014 оны 2 дугаар сар хүртэл үргэлжилсэн ширүүн тэмцлийн үр дүнд Виктор Янукович албан тушаалаасаа огцрон Орос руу зугтаажээ. Ийнхүү Украин-Оросын харилцаа өмнө байгаагүйгээр дордож Донецк, Луганкс дахь салан тусгаарлах хөдөлгөөн буюу Донбасс дахь дайн, 2014 оны Крымын хямрал, цаашлаад 2022 оны “Цэргийн тусгай ажиллагаа” гэгч дайн дэгдсэн байдаг. 

1991-2010 он хүртэлх Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг харвал, үе үеийн нэр дэвшигч нар гадаад бодлогын үзэл баримтлалаа сонгуулийн уриа лоозон болгож байжээ. Украины ард түмэн ч улс төрийн сонголт хийхдээ тухайн нэр дэвшигч ОХУ-ын талыг баримталдаг уу, барууны талыг баримталдаг уу гэдгийг чухалчилдаг хэмээн Volodymyr Kulyk, Timothy Frye тэргүүтэй судлаачид үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Украины улс төрчид ялахын тулд гадаад бодлогоо тогтвортой хэрэгжүүлэхээс илүү улс төржүүлснээс болж газар зүй, хэл, шашны хуваагдалд гадаад хийгээд аюулгүй байдлын бодлогын агуулга оруулж өнөөгийн нөхцөл байдалд хүрчээ. 

Тиймээс бидний авах ёстой эхний сургамж бол манай улсын гадаад бодлого тогтвортой байх ёстой бөгөөд улс төрийн уриа лоозон болгож, улс төржүүлж болохгүй. Эсрэгээрээ иргэд бид гадаад бодлогоор сонгуульддаг улс төрчдийг сайтар анхаарч үзсэний үндсэн дээр сонголтоо хийдэг болох ёстой ажээ. 

Одоо хоёр дахь сургамж руугаа орцгооё. 

Хоёр дахь сургамж нь түрэмгийллийн дараах Украин бол бидний заавал сурах зүйлсийн үлгэрлэл. Энэ бол стратегийн коммунакаци.

Хүйтэн дайн дуусаж дэлхийд цор ганц гүрэн ноёлох болсноор дайн гэгч үзэгдэл бүр мөсөн төгсөв. Гэвч тийм биш ээ. 1991 оноос хойш олон дайн дэгдсэн. Гэтэл яагаад Украины дайн дэлхийн анхаарлын төвд орж, их гүрнүүдийн ашиг сонирхол нэг цэгт тулгарав. Олон хүчин зүйл байгаа ч нэг том шалтгаан нь бол Украин улсын стратегийн коммуникацийн бодлого юм. Тэд дайныг хоёр орны хилийн маргаан, эдийн засгийн ашиг сонирхлын зөрчил, эсвэл хүчтэй хүчгүйгээр зэрэг өнцгөөс бус Украин эрх чөлөөт ертөнцийг хамгаалан тэмцэж байна гэх ойлголтын дор тайлбарлахыг зорив. 

Оросын хэрцгий түрэмгийлэл, дайны хөлд автсан улсаа орхиж зугталгүй үлдсэн баатарлаг ерөнхийлөгч Володимир Зеленський, эх орноо хамгахаар эргэн ирж буй эрэлхэг Украинчууд, ЗХУ-ын буюу Оросын эрхшээлээс арай гэж гарсан яг үнэндээ Европ угсаатай эрх чөлөөг эрхэмлэгч Укрчууд гэх мэт өгүүлэмж түгээмэл байсныг бид бүгд санаж байгаа. Эдгээр өгүүлэмжийн олонх нь үнэн, ер нь үнэн худал нь ч чухал биш, гол нь дэлхийн голлох хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулж үр дүнтэй тараасан нь өндөр ач холболдолтой байв. Энэ бол бидний заавал сурах ёстой чадвар. Бид өөрсдийгөө зөв ойлгуулах, өөрсдийн өнцөг өгүүлэмжийг үйл явдлыг тайлбарлах үндсэн парадигм болгох нь олон дивиз цэрэгтэй дүйхүйц магадгүй түүнээс ч илүүтэй дайны үр дүнд нөлөөлөх боломжтой ойлгох хэрэгтэй. 

Монгол Улсад ийм чадавх байна уу? Манай гадаад бодлого сүүлийн жилүүдэд эрчимжиж, ирсэн төлөөлөл бүр манай орны нөхцөл байдлыг ойлгож ямар учраас НҮБ-ийн ЕА-н зарим тогтоолыг түдгэлздэг, яагаад түрэмгийлэгч гэх улсуудтай сайн харилцаагаа хадгалахыг зорьдог зэргийг тунгаан ойлгож хүлээн зөвшөөрдөг биз ээ.

ОХУ-Украины дайн гурав дахь жилдээ орж буй энэ өдөр graph.mn сайт Explained буландаа энэ дайнаас Монгол Улс ямар сургамж авах талаар онцлон тайлбарлалаа. Энэхүү тайлбар видео Орос Украины дайнд хэний зөв, хэний буруу байсанд дүгнэлт хийх, гадаад бодлого гэдэг том ойлголтыг бүрэн тайлбарлахыг бас зорьсонгүй. Гагцхүү бид юуг хийж болохгүй вэ, юунаас нь суралцах вэ гэдгийг анхаарч, ирээдүйд учрах өөрчлөлтөд бэлтгэлтэй байх ёстойг сануулахыг зорилоо. Дотоод улс төрийн тэмцэлд ялахын тулд гадаад бодлоготой уялдуулж, бусад улсын эрх ашгийг дуудаж оруулах нь ямар хохиролтойг бид Украинаас харж болно. Аливаа шинэ хуулийн дэмжигч нь нэг хөршийн зараал эсэргүүцэгч нөгөө хөршийн буу ноход гэх аюултай өгүүлэмж манай улс төрд ажиглагдах болсон. Дотоод улс төрдөө ялалт байгуулахын тулд газар зүй, соёлын ялгаагаар нь талцуулах нь аюул дагуулдаг нь мөн харагдлаа. Баруун зүүн аймаг, хот хөдөөгөөр улс төржилт хийж байгаа байдал бас л манайд ажиглагдаж байна. Хэл, шашин, соёл бас чухал хүчин зүйл. Бид үүгээр талцаж үл болно. Мөн бид дэлхийн тавцанд өөрсдийгөө сайн ойлгуулж чадаж байна уу, коммуникацийг ямар чиглэлд ямар зохион байгуулалтаар хийвэл амжилтад хүрдэг талаарх Украины жишгээс бид суралцах ёстой. Их гүрний хажууд оршиж буй манай улс Украины алдаанаас ч онооноос ч суралцах хэрэгтэй. Учир нь Монгол Улсад алдах эрх байхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Энэ сайтын дизайн арай бишээ.

Зочин

Дэмжих үү?

0

Newsletter Subscribe