Нарангийн ӨНӨРЦЭЦЭГ гэж хэн бэ

.
2024-03-04 128

Монголын сэтгүүлзүйн энэ цагийн түүхэнд зайлшгүй мөрөө үлдээсэн сэтгүүлч бол Н.Өнөрцэцэг юм.

Түүнийг хүмүүс “Зариг”-ийн Өнөрөө нэрээр нь андахгүй. Олон нийтийн сүлжээнд 1.1 сая дагагчтай Zarig.mn сайтын эрхлэгч Нарангийн Өнөрцэцэг Төв аймгийн Өндөрширээт суманд малчин айлын дунд охин болж, 1985 оны 8 сард мэндэлжээ. Төв аймгийн Алтанбулаг сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд “Их Монгол” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд “Бизнесийн мэдээ” сониноос ажлын гараагаа эхэлсэн тэрээр давхар орлого олохын тулд сонины газартаа цэвэрлэгээний ажлыг ч хийдэг байсан хэмээн нэгэн ярилцлагатаа дурдсан байдаг.

16 дахь жилдээ тасралтгүй сэтгүүлчээр ажиллах хугацаандаа телевизийн салбарт 8 жил ажилласан бөгөөд хийсэн нэвтрүүлгийнхээ мөнгөн дүнгийн тодорхой хувийг авч Zarig.mn сайтын ажлаа 2017 оны 4 сарын 1-нд эхлүүлжээ. Тэрээр Zarig сайтынхаа нэрийг хоёр сар орчим бодож нэг өдөр толь бичиг эргүүлж сууж байхдаа олсон гэнэ. Эгэл энгийн гэсэн утгатай уг үг түүнд  үнэн зүйлийн утга учирыг санагдуулсан тул сайтаа ийнхүү нэрлэжээ.

Өнөрцэцэг сэтгүүлч 16-н жилийн карьерынхаа хугацаанд “Монполимет компаний нэхэмжлэлийн хэрэг” “Амиа харамсалтайгаар алдсан цэргүүдийн хэрэг”  “Хятад эзэнтэй өмхийрсөн махны хэрэг” “Найман ишигний хэрэг” зэрэг нийгэмд дуулиан дэгдээсэн томоохон хэргүүдийг сурвалжилсан. Түүний эрхлэн гаргадаг Зариг сайтын үзэлт хандалт Монголдоо тэргүүлдэг бөгөөд “дахиад өгөх амь алга” хэлэлцүүлгийн шууд дамжуулалт 211 мянган хандалт, 9 мянган лайкыг цуглуулжээ.

Энэ оны 11 сарын 29-нд шүүхээс түүнийг цахим хаягаараа шүүгчийн ажил нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллүүдийг тараасан хэрэгт татсан. Улмаар энэ сарын 5-нд 30 хоногийн хугацаанд цагдан хорихоор шийдвэрлэн, хорих 461-р ангид хүчээр авч явсан нь олон нийтийн талцуулсан томоохон үйл явдал болоод байна. 2019 онд өгсөн нэгэн ярилцлагатаа тэрээр “Би өөрийгөө хамгийн эрх чөлөөтэй сэтгүүлч гэж боддог ” хэмээсэн байдаг. Өнөрөө сайн сэтгүүлч эсвэл муу сэтгүүлч гэхээсээ илүү Монгол улс үнэхээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөт орон мөн үү? Гэдэг асуултаар энэ удаагийн Biography-гаа дуусгая.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe