Гадаадын хөрөнгө оруулагч нар 100 жилээр газар эзэмших, ашиглах эрхгүй боллоо

Н.Саруулдөл
2024-04-11 167

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, 54.8 хувийн саналаар дэмжлээ.

Хуулийн төслийг яаралтай горимоор оруулж ирсэн тул анхны хэлэлцүүлгээс шууд эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж байна. Эцэслэн батлуулах бэлтгэл хангуулна гэдэг эцэслэн баталж буйгаас ялгаагүй зүйл юм. Уг хуралдаанд нийт 42 гишүүн байсан бөгөөд 23 нь дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэг рүү шилжив. 

Өнгөрсөн оноос л эхлэн олны анхаарлыг татаж байсан уг хуулийн төсөл жил орчмын дараа батлагдаж байна. Үүнийг он цагийн дарааллаар тайлбарлая. 

2023 оны 6 сарын 23

Хамгийн анх Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуульд газартай холбоотой Үндсэн хууль зөрчсөн асуудал байгааг засах шаардлагатай байна хэмээн хуулийн төслийг өргөн барьсан. Тодруулбал, хуульд гадаадын хөрөнгө оруулагч нар хуулийн дагуу 100 жилээр газар эзэмших эрхтэй байгаа нь Үндсэн хуулийн зөрчил. Тиймээс 100 жилээр ашиглуулах л эрхтэй байлгая гэж Засгийн газар үзэж, хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барьсан юм. 

Ингээд асуудал олны анхааралд өртөж, хуулийг гартаа барьж явсан Ч.Хүрэлбаатар гишүүн ихээхэн шүүмжлэл хүртэж, хятад цустай хэмээн цоллуулах болов. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийг танхимын сайд нар нь ч эсэргүүцсэн тохиолдол гарсан. Ийнхүү дэмжлэг авч чадаагүй Засгийн газрын өргөн барьсан хууль замхарсан билээ. 

2024 оны 1 сарын 22

Иргэн Н.Номун-Эрдэнэ хэмээх хүн УИХ-ын цахим системд “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” тухай өргөдлийг санаачилж, 100 мянгаас дээш хүн гарын үсэг зурав. Нийтийн өргөдлийг 100 мянгаас дээш хүн дэмжсэн учир хуулийн төслийг боловсруулах үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авлаа. 

Ингээд хуулийн төслийг боловсруулахдаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн “Хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхдээ газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” хэмээх заалтыг хүчингүй болгох гэж оруулж ирэв.

2024 оны 4 сарын 2

Хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нарын 8 гишүүн өргөн барив. 

2024 оны 4 сарын 3

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 

2024 оны 4 сарын 5

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

2024 оны 4 сарын 11

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжив. Энэ үед УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх санал гаргаж, дэмжүүлсэн. 

Ингээд байнгын хорооны хуралдааныг үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Газрыг хөрөнгө оруулагчдад 100 жил хүртэл ашиглууулна гэсэн хэрэгждэггүй заалтыг хасах санал гаргасан. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд батлахдаа Газрын тухай хуультай зөрчилдүүлсэн байна. Газрын гадаадын иргэн, хуулийн этгээдэд ашиглуулна гэж зохицуулагдсан. Тиймээс энэ заалтыг хасаад зохицуулалт байхгүй болно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хассан ч Газрын тухай хуулиар зохицуулагдаад явна гэсэн үг юм” гэлээ. 

Үүнээс харвал, гадаадын иргэн, аж ахуйн нэгж газрыг эзэмшихгүй, ашиглана. Гэхдээ хуульд байсан 100 жил гэх хугацаа л байхгүй болжээ. 

Нөгөө талаар хүний анхны хэрэгцээ хоол хүнс, орон байр гэдэгтэй адил бизнесийн анхны хэрэгцээ бол газар байдаг. Газраа эзэмшдэг ч байна уу, ашигладаг ч байна уу тодорхой хугацаатай, баталгаатай байх нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ. Харин энэ хуулийн заалтыг хүчингүй болгосноор хөрөнгө оруулагчдыг үргээх нэг алхам болохыг үгүйсгэхгүй юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe