Утаанаас болж жилд 300 хүн нас барж байгаагийн 240 нь хүүхэд байна

.Graph
2024-04-15 230

Хүний эрхийн үндэсний комиссоос "Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл"-ийг УИХ-д тайлагнажээ. Уг тайланд агаарын бохирдлоос үүдэн хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг мэдээлсэн байна. 

Агаарын бохирдлоос болж жилд дунджаар 300 хүн нас бардаг

  • Монгол Улсад жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардаг.
  • Нас барж буй иргэдийн 240 нь 0-5 насны хүүхэд байна. 
  • Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астма зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүй болж, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдаж байна. 

Агаарын бохирдлоос болж жирэмсэн эхчүүд дутуу төрж, үр хөндүүлж байна

  • Агаарын бохирдлоос болж эхийн хэвлийд бойжиж байгаа хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх эсхүл мэс ажилбар хийлгэж, үр хөндөхөд хүрдэг. 
  • Ургийн эндэгдэл өвлийн улиралд зунаас 3.5 дахин их тохиолддог байна. 
  • Өвлийн хорт утаа эхийн хэвлий дэх ургийн жинг 138.2 граммаар бууруулдаг. 
  • 11, 12, 01 сард жирэмсэлсэн эмэгтэйчүүд 05, 06, 07, 08 сард дутуу төрөх магадлал өндөр байгаа нь ажиглагджээ.

2023 онд 61 хүн угаартаж нас барсан

  • Угаарын цочмог хордлогод орсны улмаас 2023 онд 3184 хүн угаартаж, 61 хүн нас баржээ. 
  • Сүүлийн 7 жилийн хугацаанд бүртгэгдсэн угаарын цочмог хордлого нь 9009 тохиолдол бүртгэгдсэн байна. 
  • Тандалтын тоон мэдээг харахад жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Утаатай тэмцэхэд хэдэн төгрөг зарцуулав?

  • 2010-2017 онд агаарын бохирдолтой холбоотой эдийн засгийн зардал 645,1 сая ам.доллар, агаарын бохирдолтой холбоотой халамжийн зардал 485,9 сая ам.доллар зарцуулсан байна.
  • 2008-2018 онд улсын төсвөөс 147,3 тэрбум төгрөг, 60.7 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гадаадын зээл тусламжийн хөрөнгийг зарцуулжээ.
  • 2017-2020 оны хугацаанд нийт 456,1 тэрбум төгрөг зарцуулжээ. 

Эрх баригчдын хоосон амлалт

  • Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч энэ эрх зөрчигдсөөр байна. 
  • Монгол Улсын төрөөс 2010 оноос хойш агаарын бохирдолд анхаарал хандуулж, шийдэх ёстой тулгамдсан асуудал болохыг тодорхойлж, шат шатандаа холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч агаарын бохирдол буураагүй, чанарт өөрчлөлт гараагүй.
  • Засгийн газраас 2017 онд “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлсэн ч агаарын бохирдолтой хэвээр, үр дүн хангалтгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe