УИХ-ын даргыг юу бухимдуулав?

Ц.Чимэдцэеэ
2024-04-18 461

Монгол Улсын их хурлын гишүүн бүх ард түмний элч болохын хувьд ёс зүйн өндөр хариуцлага хүлээж, үлгэр дуурайл байх учиртай. Энэ асуудлыг УИХ 2021 онд баталсан  “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ээр шийдвэрлэж, хариуцлага хүлээдэг болно хэмээн хууль тогтоогч нар амлаж байв.

Гэтэл өнөөдрийн чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “өндөр” индрээс “...да чинь” хэмээн ёс бус үг хэллээ.

Тодруулбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэн гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Зарчмын зөрүүтэй 38 саналд завсарлагааны дараа 14.00 цагаас нийт гишүүдээс санал хураах талаар УИХ-ын дарга танилцуулсан юм.

Ийнхүү албан ёсоор чуулганыг завсарлуулаагүй ба 13.00 цаг хүртэл камер түүнийг фокуслаж байв. Энэ нэг минутын хооронд тэрээр утсаа шалгах зуураа дээрх үгийг микрофоноо хаахаа умартан хэлээд, хэлсэн даруй хааж харагдав.

УИХ-ын даргын энэ үйлдэл дээр дурдсан дүрмийн 2.1.5-д УИХ-ын гишүүн “биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх” ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө хэмээн заасантай харшилдаж байгаа юм.

Энэ мэт төрийн өндөрлөгүүдийн санаатай болон санаандгүй  ёс зүйн зүйн зөрчилд өнөөг хүртэл ямар нэг хариуцлага тооцоогүй байна.

Өмнө нь ёс зүйн алдаа гаргасан гишүүд:

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2021 оны дөрөвдүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан. Улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэдээс уучлал гуйжээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар чуулганы завсарлагааны үеэр  Б.Пүрэвдорж гишүүний  өрөөнд маргаж, улмаар  зодолдсон. Энэ талаараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Тэр өдөр Д.Ганбат гишүүн  хэдэн сарын өмнө болсон хүмүүс зодолдсон хэргийг намайг зохион байгуулсан гэж гүтгэсэн. Түүнээс болж маргасан" гэх тайлбарыг өгч байв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар нар 2021 оны гуравдугаар сард УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр муудалцаж, ёс бус үг хэлээр  нэгнийгээ доромжилсон.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Б.Пүрэвдорж оо, гараад ир. Чамайг ална даа” гэх зэргээр ёс бус  авирласан.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам хүүхдэдээ “гар хүрч” буй дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ард түмнийг  “ул”  гэж дуудсан байдаг.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Ганц гэр хороолол гэлтгүй Зайсанд ч үнэртээд эхэлчихсэн байна” гэж ялгавартай үзэл гаргаж байв.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe