Хортой харилцаанд байгаа юм биш биз

.Graph
2024-09-13

Хортой харилцаа гэж юу вэ?

Сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр PhD(докторын) зэрэг хамгаалсан Elizabeth Scott энэ талаар судалгаа хийжээ. Тэр хортой харилцааг бие махбод, зан авир, сэтгэл зүйн сайн сайхан байдалд ямар нэгэн байдлаар заналхийлж байгаа харилцааг ойлгоно. Хортой харилцаа даамжирсаар нэг нэгнээ дэмждэггүй, үргэлж харддаг, доромжилдог, халддаг нөхцөл байдал бий болдог хэмээн тодорхойлжээ.

Нийтлэлийг зургаар харах бол энд дарна уу.

Хортой харилцааг хэрхэн таних вэ?

  • Тухайн хүнд зориулснаасаа багыг авдаг ба энэ нь өөрийгөө үнэ цэнгүй гэж мэдрэхэд хүргэдэг.
  • Хүндэтгэлгүй санагдаж, цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алддаг.
  • Өөрийгөө буруу ойлгуулж, бодол санаагаа дэмжүүлж чаддаггүй ба үүнийхээ төлөө доромжлуулсан мэдрэмж авдаг.
  • Нэгнийхээ хамгийн муу муухай зан чанаруудыг гаргаж ирдэг. Бусад хүнтэй жишиж хор шарыг нь малтдаг.
  • Хажууд нь өөрийгөө хамгийн муу эсвэл энгийн хүн биш гэж мэдэрдэг.
  • Түүнтэй хамт байхад хутганы ирэн дээр алхаж байгаа юм шиг болгоомжтой ханддаг.

Хортой харилцааны шинж тэмдгүүд

  • Уучлалт гуйхаас татгалздаг
  • Үг үйлдэл нь үргэлж зөрдөг
  • Өнгөрснийг сөхдөг
  • “Gaslight” буюу тархи угаалт /Ойрын хүмүүсийг нь муулах, дуртай зүйлийг нь үгүйсгэх зэргээр бага багаар тархи угааж, хэлсэн үг, хийсэн үйлдэл, сонирхлыг нь үгүйсгэж, буруутгах байдлаар илэрнэ/
  • Хартай /Хайртай бол хартай гэх үг хамгийн буруу холбоо үг. Хар бол хайртай огт холбоогүй авир бөгөөд харин ч өмчлөх хүслийн илрэл юм/
  • Амжилтад тань баярладаггүй
  • Love-bombing (хайраар булах) /Яваандаа тэр "их" хайрыг хүлээн авч буй тал нь нөгөө хүнээсээ хараат юм шигээр мэдэрч эхэлдэг/
  • Бие махбодын хүчирхийлэл 

Яаж хүчирхийлэлтэй харилцаа руу шилждэг вэ?

Бүх хортой харилцаа хүчирхийлэлтэй байдаггүй. Харин хүчирхийлэлтэй харилцаа болгон хортой байдаг.

  1. Санал зөрөлдөөн хурцадмал болж эхэлнэ.
  2. Хүчирхийллийн үйлдэл гарна.
  3. Дараа нь уучлалт гуйж, хохирогчийг буруутгаж, эсвэл хүчирхийллийг багасгадаг.
  4. Хэсэг хугацаанд намжиж байгаад эцэст нь мөчлөг давтагдана.

Хортой харилцаанд байгаа найздаа өгөх зөвлөгөө

  • Тухайн хүний давуу тал, дотоод нөөц бололцоог нь үргэлж сануулж, хамтын мэдрэмж өгөх
  • Бодит туслалцаа үзүүлэх /түр хугацаанд манайд амьдарч болно гэх мэт
  • Өнгөрсөнд гаргасан амжилт бүтээлийг нь сануулах
  • Сонирхол, хоббигоо хөгжүүлж, урлаг спортоор хичээллэхийг зөвлөх

Хортой харилцаанаас хэрхэн ангижрах вэ?

  • Даван туулж буй зүйлийнхээ талаар бусадтай хуваалцаж, харилцааны нэг тал нь өөрөө гэдгээ хүлээн зөвшөөр.
  • Харилцаанд асуудал болж буй зүйлээ тодорхойлж, шийдвэрлэх арга замыг биесийнхээ саналыг тусгах байдлаар шийдвэрлээрэй.
  • Хамтрагч нь өөрчлөгдөх, асуудлын гаргалгааг хамтдаа олохоос зайлсхийх зэргээр үл тоомсорлож байвал зайгаа барихыг хичээгээрэй.

Эрүүл харилцааны шинж чанарууд

  • Хувийн орон зайг хүндэтгэдэг. Та хамтрагчтайгаа 24/7 байх албагүй.
  • Та өөрийн үзэл бодол, санаа зовоосон асуудлаа түүнд илэрхийлэхэд таатай санагддаг.
  • Аливаа шийдвэр гаргахыг албаддаггүй.
  • Таны хүсэл, мэдрэмжийг хүндэтгэдэг ба санал зөрөлдөхөд буулт хийж, тохиролцож чаддаг.
  • Харилцаа дуусгавар боллоо гэхэд хамтрагчийнхаа шийдвэрийг хүндэтгэж, тавьж явуулдаг.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe