Нийтлэлийг зургаар үзээрэй
Тоxic аав, ээжид илэрдэг 18 шинж тэмдэг
1. Бяцхан алдаанд хүнд хариу үйлдэл үзүүлэх
2. Бие махбодийн шийтгэл өдөр тутам ашиглах
3. Уур бухимдлаа буруу чиглүүлэх
4. Хүүхдүүдээ бусадтай харьцуулах
5. Хайр сэтгэлээ харуулахгүй, илэрхийлэхгүй байх
6. Амьдралын хамтрагчтайгаа муу харилцаатай байх
7. Хүүхдийнхээ асуудалд санаа тавихгүй байх
8. Талархлаа илэрхийлэхгүй байх
9. Бүх асуудалд нь оролцож, бүх зүйлийг нь мэддэг байх
10. Хүүхдээ бусдын өмнө доромжлох
11. Муу үлгэр жишээ үзүүлэх
12. Сөрөг орчин бүрдүүлэх
13. Хүүхдээ бусдаас хол байлгах, тусгаарлах
14. Доромж утгатай хоч нэр өгөх
15. Хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөхгүй байх
16. Хүүхдийнхээ хүсэл зориг, чадавхийн эсрэг аливаа зүйлийг хүчээр тулгах
17. Хэтэрхий зөөлөн байх
18. Хүүхдүүддээ ач холбогдол өгөхгүй байх
Toxic хүмүүжлийн загварууд
Захиргаадах
- Ийм төрлийн хүмүүжлийн загвараар хүүхдээ хүмүүжүүлдэг эцэг эхчүүдийн гэр бүл дэх байр суурь өндөр бөгөөд бүх зүйлийг тогтоосон дэг жаягийн дагуу байлгахыг хүсдэг.
- Ихэнх тохиолдолд эцэг эхчүүд хүүхдийн бие даах боломжийг хязгаарлаж, ямар нэгэн тайлбаргүйгээр шаардлага тавьдаг бөгөөд, хэт их хяналттай байдаг байна. Хэрэв хүүхэд тогтоосон дэгийг бага ч болов зөрвөл хатуу шийтгэл амсана.
- Захиргаа далтын загвараар хүмүүжсэн хүүхэд эцэг эхтэйгээ дотно байх нь ховор байдаг бөгөөд энэ нь хардалт, байнгын сонор сэрэмж, бусадтай дайсагналцахад хүргэдэг байна.
Гэр бүлд түлхүү дараах шинжүүд ажиглагдана.
- Ярилцаж, зөвшилцөлд хүрэх боломж багатай, хатуу сахилга баттай. Шийтгэл маш нийтлэг тохиолдоно.
- Харилцаа ганцхан эцэг эхээс хүүхэд рүү чиглэлтэй байна. Тогтоож буй сахилга батын учир шалтгааныг огт тайлбарладаггүй
- Хэт хяналтдаа байлгахыг халамжилж буй нэг хэлбэр гэж ойлгох тохиолдол байдаг ч үнэн хэрэгтээ хүүхдэд очиж буй анхаарал, халамж бага.
- Хүүхдээс хүлээлт өндөртэй байдаг ч тэдэнд зорилгодоо хүрэх уян хатан нөхцөл байдаггүй.
Хүлцэнгүй байх
- Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдэд хүссэн бүх зүйлээ хийх эрхийг олгодог бөгөөд гэр бүлийн гэхээсээ илүүтэйгээр найзууд шиг байдаг.
- Зан төлөвийн хувьд дураараа, хувиа хичээсэн болох хандлагатай. Учир нь эцэг эхийн зүгээс хүүхдийг чиглүүлэх чадвар дутмаг эсвэл хангалттай хэмжээний хариуцлагатай байдлаар хүүхдийн хүмүүжилд ханддаггүй байна.
- Нас ахих тусам уг загварын гэр бүлд өссөн хүүхдүүд өөрийн хангалттай нөлөө үзүүлж, удирдаж чадахгүй байгаа хүмүүстэй холбоо тогтоож чаддаггүй, хариуцлага хүлээх чадваргүй болох хандлагатай байдаг.
- Нөгөө талаас эцэг эх хүүхдэд хэт их эрх чөлөө олгож, аливаа нэг асуудлыг бие даан шийдвэрлэхийг орхигдуулдаг тул хайхрамжгүй, тэднийг үл тоосон гэдэг үүднээс хүлээн авч айдас, үл итгэлцлийг хүчтэй мэдэрдэг байна.
Үл хайхрах
- Гэр бүлд хүүхэд хүмүүжүүлэх нэгдсэн нэг арга барил байхгүй, эцэг эхийн зүгээс хүүхдэд чиглэсэн тодорхой шаардлага, халамж, ойлголцол байдаггүй. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрөө өөртөө эцэг эхийн үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгож болно.
- Ийм загварын хүмүүжилтэй хүүхэд ихэвчлэн амьдралд, хүрээлэн буй орчинд сэтгэл дундуур байдаг бөгөөд эцэг эхийн тодорхой бус байдал нь хүүхдэд сэтгэл түгшүүр, түрэмгий байдал, нийгмийн зохистой бус харилцааг суурьшуулах төлөвтэй байна.
- Энэхүү хүмүүжлийн хэв маяг нь хүүхэд өөрийгөө хянах чадваргүй, хариуцлагын мэдрэмж төлөвшөөгүй, өөрийгөө үнэлэх үнэлэмж маш муу байдаг.
Хэт анхаарах
- Хүүхдийн дэргэд хором бүрд байх эрмэлзэлтэй бөгөөд, түүнд тулгарч буй бүх асуудлыг өмнөөс нь шийдвэрлэх хүсэлтэй байдаг.
- Хэт их санаа зовдог тул хүүхдийг өөрийн амьдралаар амьдрах боломж олгодоггүй.
- Ийм төрлийн гэр бүлд өссөн хүүхэд бие даах чадваргүй, би төвтэй, сэтгэлийн түгшүүртэй, унхиагүй зэрэг зан төлөвтэй болох магадлалтай.
Toxic аав, ээжүүдэд өгөх зөвлөгөө
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг
- Ээж аавууд өөрсдөө хүсээд toxic болоогүй. Toxic байдал нь аав ээж минь намайг зодоход зүгээр л байсан, намайг муухай үгээр хэллээ гээд би яагаа ч үгүй байна гэх мэт итгэл үнэмшлээс бий болсон байдаг. Итгэл үнэмшил нь маш бат бэх учраас шууд өөрчлөхөд хэцүү.
- Тиймээс эцэг эхчүүд “Би хүүхдээ өөрөө шийдвэрээ гаргадаг, алдах эрхтэй хувь хүн гэж харж чадаж байна уу” гэх асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.
- Үүнээс гадна хүүхдийн эерэг хүмүүжлийн арга гэж бий. Энэ нь зөвлөн тусалсан, эелдэг харилцаа юм. Зааж сургана, гэхдээ зөвлөн тусалсан өнгө аясаар илэрхийлнэ.
- Хүүхэд том болж, насанд хүрсний дараа гэрт нь очихдоо асуух, ямар нэг зүйлд туслуулахдаа завтай эсэхийг нь асууж байгаарай. Яагаад гэвэл аав, ээж нар шууд л хүүхдээ ажилд зарах гээд байдаг. Хэрэв танай хүүхэд биш өөр хувь хүн байсан бол та шууд ажилд зарж чадахгүй шүү дээ. Тиймээс хүүхдээ тусдаа бие даасан хувь хүн гэдгийг хамгийн түрүүнд бодож байгаарай.
Toxic аав, ээжтэйгээ хэрхэн ойлгоцох вэ?
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг
- Хэрвээ чамд танай аав, ээж toxic санагдаад, хил хязгаараас хэтрээд, өдөр тутмын харилцаанд нөлөөлөөд байна гэж бодож байвал таны мэдрэмж үнэн шүү. Өөрийгөө би муу хүүхэд юм аа, ачлалгүй хүүхэд юм аа гэж бодохоос өмнө өөрийнхөө мэдрэмжид итгээрэй.
- Дараа нь хил хязгаараа тогтооно. Ингэхийн тулд ярилцана, хэлнэ. Хамгийн гол нь хүүхдүүд эцэг эхээ гомдоохыг хүсдэггүй учир ярилцах орчноо бүрдүүлж, нөхцөл байдлыг нь зөв тааруулна.
- Сэндвич арга хэрэглэж болно. Эхлээд тухайн хүнээ сонсоод дараа нь өөрөө яриад, тэгээд тухайн хүнээ яриулах гэх мэт.
- Ойлголцолд хүрэхийн тулд ганц ярилцаад л болчихгүй. 10-20, магадгүй 100 удаа ярилцаж мэдэх юм. Хамгийн гол нь ярилцах оролдлогоо зогсоож болохгүй, орчноо солих гэх мэт өөр өөр аргаар үргэлжүүлж болно.
Сэтгэгдэл үлдээх