НҮБ-аас гурван жилийн хугацаанд хийсэн “Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа”-гаа танилцууллаа.
Судалгаагаар Монгол Улсын хүн амд учирч буй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн дарамт тухайлбал өвчлөл, цаг бус эндэгдэл, ажлын байрны бүтээмж буурах зэрэгт гарах эдийн засгийн алдагдлыг тооцож, тоон дүнгээр гаргажээ. Үүнээс гадна нөхцөлд агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг тодорхойлж, эдгээр арга хэмжээний зардал, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн үр ашгийг загварчилснаараа онцлог байна.
Нийтлэлийг зургаар үзээрэй
7139 хүн агаарын бохирдлоос болж нас барсан
Судалгаанд Монгол Улсад агаарын бохирдлын улмаас жилд 7139 хүн нас барж байна гэж мэдээлжээ. Задалбал, гадаад агаарын бохирдлоос болж жилд 2839, дотоод агаарын бохирдлоос болж 4300 хүн нас барсан аж. Үүнийг агаарын бохирдол шууд үхэлд хүргэж байна гэж ойлгож болохгүй. Учир нь, судалгаанд
- Амьсгалын доод замын цочмог халдвар,
- Уушгины архаг бөглөрөлт өвчин,
- Зүрхний ишеми өвчин,
- Уушигны хорт хавдар,
- Уус харвалт,
- Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин гэсэн зургаан өвчинд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг авч үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол энэхүү өвчинг хүндрүүлж, хүнийг үхэлд хүргэж байна гэж хэлж болох юм.
Гадаад орчны агаарын бохидол гэж юу вэ?
- Гадаад орчныг бохирдуулагч хамгийн том хүчин зүйл нь бидний сайн мэдэх утаа юм.
- Утаанд агуулагдах өнгөгүй, хурц үнэртэй хүхэрлэг хий, нүүрсний шаталт, тээврийн хэрэгслийн яндангаас гардаг азотын исэл, агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог PM 2.5, PM 10 тоосонцор нь гадаад орчны агаарын бохирдлыг үүсгэгч гол элементүүд юм.
- Агаарын бохирдлыг ихэнх оронд хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон, тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг 6-8 үзүүлэлтээр хянадаг. Харин Монгол улс Улаанбаатар хот болон 20 аймгийн төвийг агаарыг бохирдлыг зөвхөн хүхрийн давхар исэл, азотын давхар исэл хоёроор л хэмжиж байна.
Дотоод орчны агаарын бохирдол гэж юу вэ?
- Бид амьдралынхаа идэвхтэй цагийн 70-80%-ийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд бодит байдал дээр дотоод орчны агаарын бохирдол гадаад орчныхоос 2-5 дахин муу байдаг байна.
- Дотоод орчныг бохирдуулдаг зүйл нь химийн орц найрлагатай гэр ахуйн болон цэвэрлэгээний бүтээгдэхүүн, тавилга, барилгын материалд агуулагддаг химийн хүнд элементүүд, камин зуух, пийшинг халаахад хэрэглэдэг түлшнүүд юм.
- Ялангуяа, тамхины утаа нь дотоод агаарын бохирдлын нэг гол хүчин зүйл аж.
Эдийн засгийн алдагдал
- Зөвхөн хүний амь үрэгдэхээс гадна эдийн засгийн асар өндөр алдагдал хүлээж байгааг тайланд дурджээ.
- Тухайлбал, гадаад орчны агаарын бохирдлын улмаас 269 сая ам.доллар буюу 905 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэ нь Монгол Улсын ДНБ-ний 2.4%-тай тэнцэх хэмжээ юм.
- Мөн дотоод орчны агаарын бохирдлын улмаас 1.2 тэрбум ам.доллар буюу 3.9 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэ нь Монгол Улсын ДНБ-ний 7.6%-тай тэнцэх хэмжээ аж.
НҮБ-аас өгсөн 5 зөвлөмж
НҮБ-аас гадаад болон дотоод агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2055 он хүртэл үүнийг арилгахад чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг татах шаардлагатай байгааг судалгаанд дурджээ. Мөн цаашид дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.
- Агаарын бохирдлын асуудалд хамтран ажилладаг талуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх
- Өрхийн эрчим хүчний хэрэглээг өөр эх үүсвэрт шилжихэд урамшуулах
- Гадаад орчны агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдэд хөрөнгө оруулалт хийх
- Агаарын бохирдлын хяналт, мониторингийг өргөтгөх
- Агаарын бохирдлын хор уршиг, түүнийг бууруулснаар гарах ач тусын талаарх мэдлэгийг дээшлүүлэх
Сэтгэгдэл үлдээх