НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган есдүгээр сарын 10-нд нээсэн. Чуулганы дээд хэмжээний уулзалт буюу улс орнуудын удирдагчдын оролцож, асуудал дэвшүүлэн хэлэлцүүлэг өрнүүлдэг ерөнхий санал шүүмжлэл 23-30-нд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн хоёр дахь өдрийн үдээс өмнөх хуралдааны хамгийн эхэнд үг хэлсэн.
Энэ жилийн оролцогч улс орнууд “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор санал шүүмжлэл өрнүүлэв. Дээд хэмжээний уулзалтаар цаг уурын өөрчлөлт, ядуурал, тэгш бус байдал зэрэг тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ үргэлжилж буй мөргөлдөөн, дэлхийн эрүүл мэндийн хямралын нөлөөллийг даван туулахад олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатайг онцоллоо.
Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхий санал шүүмжлэлд дөрвөн жил дарааллан төрийн тэргүүний төвшинд оролцлоо.
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдрүүдэд үг хэлсэн нь ихээхэн ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хоёр хүний дараа Украины Ерөнхийлөгч Зеленский, үдээс өмнөх хуралдааны хамгийн сүүлд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн Францын Ерөнхийлөгч Макрон үг хэлсэн байна.
НҮБ-ын индрээс манай улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлого баримталдаг болохоо зарлан тунхагласан.
Манай улсын хувьд цөмийн зэвсгээс ангид байх, цаазын ялгүй улс болохоо энэ индрээс зарлаж байв.
Жижиг улсын хувьд гадаад бодлогоо дэлхий нийтэд сурталчлан таниулах хамгийн боломж бүхий талбар нь НҮБ-ын индэр. Мөн богино хугацаанд олон хоёр талт уулзалт хийж харилцаагаа урагшлуулах аятай боломж юм.
Ерөнхийлөгчийн уулзалтууд
Чуулган ямар ач холбогдолтой вэ?
2015 оноос хойш хөгжлийн хөтөлбөрийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн баримт бичигт тусгагдсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтын багцыг "Дэлхийг өөрчлөх нь: 2030 он хүртэл мөрийн хөтөлбөр" нэртэй 70/1 тогтоолоор тохиролцсон. НҮБ-ын 193 гишүүн орныг хамруулан дүрэмд тусгагдсан олон улсын бүх асуудлыг олон талаас хэлэлцэж, ерөнхий байр суурийг илэхийлдэг чуулган юм.
Мөн олон улсын эрх зүйн хэм хэмжээг тогтоох, кодчилох үйл явцад гол үүрэг гүйцэтгэдэг.
Ерөнхий Ассамблей жил бүр 9-12 дугаар сард ерөнхий чуулганаа хийж, дараа нь 1-9 дүгээр сард шаардлагатай хэсгийг тодруулах, хороодын тайлангуудыг хэлэлцэхээр үргэлжлүүлэн хуралддаг. Мөн өндөр түвшний сэдэвчилсэн мэтгэлцээний үеэр цаг үеийн асуудлыг авч хэлэлцдэг. Хэлэлцсэн асуудлаар Ассамблей өөрийн эрх хэмжээний хүрээнд улс орнуудад зөвлөмж гаргадаг.
Энэ удаагийн чуулганы онцлог
Ассамблейн Ерөнхий мэтгэлцээн Израил, Палистины, Ливаны мөргөлдөөний үеэр эхэлсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилийн дайн хийх эрхийг хамгаалж, хурцадмал байдлыг намжаахыг уриалав. Йордан, Турк, Катар, Колумб, Өмнөд Африк, Мальдивын удирдагчид Израилийн үйлдлийг хамгийн хүчтэй шүүмжилсэн дуу хоолой байлаа. Катарын төрийн тэргүүн Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг хамгаалсаар байгаа хүмүүсийг "хамсаатан" гэж мэдэгдэв. Олон хүн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурваст хийсэн дайны талаар идэвхгүй байгааг зэмлэн буруушааж, түүнийг шинэчлэх зайлшгүй шаардлагатайг онцлон тэмдэглэж, Сьерра Леон улсын удирдагчид Африкийн орнуудад хориг тавих хоёр байнгын суудал өгөхийг уриалав.
Сэтгэгдэл үлдээх