Манай улсад 2023 оны байдлаар 20-44 насны 1'289'628 иргэн байна. Үүнээс 47 орчим хувь буюу 600'683 нь нийслэлд оршин суудаг. Улсын хүн амын тал орчим хувийг эзэлж буй насанд хүрсэн, эд залуу үеийнхэн байр орон сууцтай болоход нөхцөл байдал хэр байгаа болон улсын бодлого, хэрэгжилт хэр байгаатай танилцъя.
Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэв?
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
- орон сууцны зээлийн тогтолцоог шинэчлэх;
- ажилтай хүн бүр орон сууцны зээлд хамрагдах бодлогыг хэрэгжүүлж, гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг хот, аймаг, суманд хэрэгжүүлэх;
- аймаг бүрд “1000 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх;
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
- Хүн амын орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- Залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжид орон сууцжуулах, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг арга хэмжээг үе шаттай нэвтрүүлнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
- Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, орон сууцжуулах хөтөлбөрийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэ зохион байгуулалтаар өргөжүүлэн хэрэгжүүлнэ.
- Хуримтлалын нэгдсэн санг байгуулан төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150 мянган өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, орон сууцны хорооллыг барих ажлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан үе шаттай эхлүүлнэ.
- Нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулна.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
- Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон аймаг, сум Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт анх удаа орон сууц худалдан авах иргэдэд арилжааны банкнаас олгох ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
- Бүсийн хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгааг хангах төсөл, арга хэмжээ, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- Өрхийн төлбөрийн чадварт нийцүүлж ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
- Үндэсний орон сууцны корпорац байгуулж, орон сууцны ипотекийн хөтөлбөрийг үе шаттайгаар Засгийн газарт шилжүүлэх ажлыг зохион байгуулна.
- “Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг өмчлөх хэлбэрийг орон сууцны төслүүдийг хэрэгжүүлнэ.
- Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхний 3 жилд хэрэгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Хэрэв 8 хувийн хүүтэй зээл авсан хүмүүсийн зээлийг 6 хувь руу буулгая гэвэл улсын төсвөөс 400 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай талаар УИХ-аас мэдэгдсэн. Одоогоор тус асуудлыг ямар нэг байдлаар шийдвэрлээгүй байгаа юм.
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, хэзээ оров?
- 2015 онд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг батлав.
- 2016 онд Хан-Уул дүүрэгт “Буянт Ухаа II” 972 айлын орон сууцыг барьж эхэлсэн.
- 2017 онд Сүхбаатар дүүргийн с“Хангай” хотхонд 223 айл орон сууцандаа орсон.
- 2019 онд “Буянт Ухаа II” хороололд 580 айл орон сууцандаа орсон.
Буянт-Ухаа II хороололд 35'058 иргэн хүсэлтээ өгч, 580 нь л байрандаа орсон.
Нийт байрны 30 хувийг түрээслээд өмчлөх, 30 хувийг энгийн түрээс, үлдсэн 40 хувийг газрыг орон сууцаар солих хэлбэрээр иргэдийг хамруулж байв. Инхүү 290 өрх 5 жилийн хугацаатайгаар ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааг хүүгүй нөхцөлөөр бүрдүүлэхээр гэрээ байгуулсан. Үлдсэн 290 өрх энгийн түрээсийн гэрээ буюу Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 25 дугаар тушаалаар батлагдсан түрээсийн 1мкв талбайг 6000 төгрөгөөр тооцон 3 жилийн хугацаанд түрээслэн амьдарсан.
Түрээслээд өмчлөх байранд дараах ангиллаар иргэдийг оруулж байв. Үүнд:
- залуу гэр бүл
- ахмад настан (87-100 настай)
- хөгжлийн бэрхшээлтэй иргэн
- гачигдалтай иргэн
- төрийн албан хаагч
- хувийн хэвшилд ажиллагсад
- өрх толгойлсон эцэг, эх,
- дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүд
Мөн дараах шаардлагыг хангасан иргэд түрээслээд өмчлөх орон сууцанд орж байжээ. Үүнд:
- Улаанбаатар хотын харьяат
- гэр хороололд амьдардаг
- тогтмол орлоготой
- хугацаа хэтэрсэн өр зээлгүй
- 12 жил нийгмийн даатгал төлсөн
- 3-4 хүүхэдтэй
- агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг
- Гэрлэсэн
- 35 хүртэл насны иргэд
Сэтгэгдэл үлдээх