Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган үргэлжилж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 66 гишүүн ирж, 52.4 хувийн ирц бүрдсэнийг танилцуулснаар өнөөдрийн (2024.10.04) хуралдааныг нээв.
Мөн цагтаа ирээгүй гишүүдийн мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад өгч байх үүргийг УИХ-ын Тамгын газарт өглөө. Тэрбээр "Долоо хоногт хоёрхон удаа 10.00 цагт ирж чадахгүй байгаа гишүүдийг хариуцлагагүй байна" гэв.
Хуралдаанаар ирэх оны төсөвтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн тов ёсоор хамгийн эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уг асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин зөвхөн хуульд заасан нөхцөл иргэний эрх зөрчсөн тухай асуудал өнөөдөр яригдаж байна. Харин хуульд заагаагүй журмаар иргэний эрх зөрчдөг жишиг байгаа талаар хэлсэн юм. Тэрбээр,
"Үндсэн хуульд иргэний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлана гээд маш тодорхой заасан байгаа. Гэтэл байгууллагын даргын гаргасан заавар, журмаар хүний эрх хязгаарладаг жишиг 30 жил боллоо. Тухайлбал, Гаалийн байгууллага иргэний өмч хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, битүүмжилж, хурааж авах, түр саатуулах зэрэг үйл ажиллагаа явуулахдаа байгууллагын даргын гаргасан журмаар явж байгаа. Тэгэхээр Хууль сахиулах үйл ажиллагааны хууль хэрэгтэй байна" хэмээв.
Үндсэн хуулийн цэц 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг түр саатуулах хугацааг 6 цаг хүртэл байхаар заасан ч тус зүйлийн 26.2 дахь хэсэгт уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, хорих, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно…” гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасныг зөрчсөн гэж дүгнэсэн юм.
Ийнхүү дээрх хугацааг "хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох" хэмээн өөрчлөн найруулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн дараах асуудлыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл үлдээх