Цагдаагийн албаны тухай хуульд цагдаа нь тодорхой зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно гэх зохицуулалттай байжээ.
Энэ хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно хэмээн тусгасан байдаг аж. Тэгвэл иргэн П.Баттогтох уг заалт нь Үндсэн хуульд заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж байна гэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Ийнхүү гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцийн дунд суудал 6-р сарын 12-ны өдөр хуралдаж, УИХ-аас баталсан хуулиа хамгаалахаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил оролцсон байна. Ингээд хуралдаанаар УИХ баталсан хуулиа хамгаалж чадаагүй бөгөөд уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.
Халдашгүй, чөлөөтэй байх эрх гэж юу вэ?
Хүнийг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална.
Иргэн П.Баттогтохын гомдолд юу гэв?
Хүнийг 6 цаг түр саатуулах гэдгийг иргэн төрийн хяналтад байх хугацаа хэмээн ойлгож байна. Гэтэл түр саатуулж буй хугацааг саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно гэхээр 6 цагаас дээш хугацаанд түр саатуулах эрсдэлийг бий болгож буй юм. Жишээлбэл, цагдаа иргэнийг өөрийн хяналтдаа аваад түр саатуулах байранд хүргэхдээ 8 цагийг зарцуулсан гэж тооцвол түр саатуулах байранд үргэлжлүүлэн 6 цаг саатуулах боломжтой.
Энэ тохиолдолд тухайн хүнийг төр өөрийн хяналтад нийт 14 цаг байлгаж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүнийг түр саатуулах хугацаа нь 6 цагаас хэтрэхгүй гэж заасан байхад хүнийг түр саатуулах байранд хэзээ хүргэхээс хамаарч 6 цагаас дээш хэдэн цаг ч байж болохоор хязгаарлалтгүй болгосноор холбогдох хүний эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж гомдол гаргажээ.
Харин УИХ-ыг төлөөлөн Ц.Мөнх-Оргил гишүүн Цэцэд дараах байдлаар тайлбарлажээ.
Монгол Улсын нутаг дэвсгэр, суурьшлын бүсийн онцлог зэргээс шалтгаалж, хуулиар олгосон цаг хугацаа өнгөрч, хууль сахиулах байгууллагын ажилтнаас гэмт хэрэг, зөрчилд сэрдэгдэж байгаа хүний талаар шаардлагатай мэдээллийг тодруулах боломжгүй нөхцөл үүсэх эрсдэлтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдогч этгээдийг 1000 км цаанаас баривчилж, түр саатуулахаар боллоо гэхэд 6 цаг хүрэлцэхгүй гэсэн утгыг илэрхийлж байна. Мөн хот суурин газарт түр саатуулагдсан иргэнийг хуульд заасан 6 цагийн хугацааг баримталж түр саатуулах байранд хүргэж болох ч орон нутагт байгаль цаг уурын нөхцөл байдал, тээвэрлэх замын урт зэргээс хамаарч зарим тохиолдолд дээрх хугацаанд багтах боломжгүй болох эрсдэлтэй байдаг хэмээв.
Үндсэн хуулийн цэц хэрхэн шийдэв?
НҮБ-ын Хүний эрхийн хорооны Ерөнхий тайлбарт "саатуулах" гэдэг нь баривчлагдах үеэс эхэлж, суллагдах хүртэл үргэлжлүүлэн эрх чөлөөг хасахыг хэлнэ гэжээ. Цагдаагийн албаны тухай хуульд заасан түр саатуулах ажиллагаа нь хаана, хэзээ хийгдэж байгаагаас үл хамааран эрх чөлөөг хасах арга хэмжээ мөн. Ямар ч хугацаанд, тэр ч байтугай хэдхэн цагаар эрх чөлөөг нь хассаныг саатуулсан хэмээн үзнэ. Түр саатуулах нь эрх чөлөөг хасах арга хэмжээ учраас эцсийн арга байх ёстой бөгөөд хүнийг түр саатуулахгүйгээр хууль ёсны зорилгод хүрэх боломжтой бол хүнийг түр саатуулж болохгүй. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 26.2 дахь хэсгийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийджээ.
Шийдвэр гаргасан гишүүд
УИХ яаж өөрчлөн найруулав?
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар гаргасан энэхүү дүгнэлтийг УИХ хүлээн авч, саатуулах хугацааг "хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох" хэмээн өөрчлөн найруулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, та түр саатуулагдсан тохиолдолд 6 цагийн дотор холбогдох мэдээллээ цагдаагийн байгууллагад өгч, асуудлаа шийдэх болох нь ээ. Таныг үндэслэлгүйгээр 6 цагаас дээш хугацаанд түр саатуулсан тохиолдолд хуулийн зөрчил болох юм байна.
Сэтгэгдэл үлдээх