Энэ өвөл дахиад л тог тасална гэнэ ээ

.Graph
2024-10-09

Өнгөрсөн өвлийн 10, 12, 1 сар гээд ид хүйтний үеэр тог тасарч, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа болон айл өрхийн амьдралд ихээхэн саад учирсан билээ. 

Тогны тасалдал нь ихэвчлэн ачааллаа дийлэхгүйгээс байсан байна. Тодруулбал, станцад гэмтэл гарлаа гэж бодоход тэрхүү гэмтэл үүссэн хэсгийг тогоор хангах нөөц байхгүй учир гэмтлийг засаж дуустал тогоор хангах боломжгүй байдал үүссэн байгаа юм.  Энэ асуудал зөвхөн энэ жил яригдаж буй биш. Өмнө нь жил бүр л өвөл эхлэхийн өмнө нь уг асуудал сөхөгддөг ч асуудал нь шийдэгдэхгүй явсаар энэ жил ч мөн давтагдах нь ээ. 

2024-2025 оны өвөл ачаалал ямар байх вэ?

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхийн мэдээлснээр 

Эрчим хүчний яамны тооцоолсноор энэ өвөл оргил ачааллын цагуудад 70-80 МВт-ын дутагдалд орохоор байна.  Тиймээс дутагдалд орох үед 70-80 МВт-аар хязгаарлалт хийнэ гэжээ.

Манай улс хамгийн ихдээ 2023 онд 107.9 МВт хүртэлх хэмжээгээр хязгаарлаж байсан юм. 

Бид хэр их тог хэрэглэдэг вэ?

Эрчим хүчний системийн оргил ачаалал 2020 онд 1309 МВт хүрсэн бөгөөд үүний 60 хувь нь Улаанбаатар хотын ачаалал байв.  Үүнээс хойш 4 жилийн дараа буюу 2024 оны 1-р сарын байдлаар оргил ачааллын үед хэрэглээ 1553 МВт хүрдэг болсон байна.

Манай улс өнгөрсөн өвөл 10.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч боловсруулж, 9.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч түгээсэн. Үүний 77.7 хувийг дотоодоосоо нийлүүлж, 22.3 хувийг Орос, Хятадаас импортолжээ. 

Эрчим хүчний салбарын алдагдал

2024 онд урьдчилсан байдлаар салбар 274 тэрбум төгрөгийн алдагдалтай байх төлөвтэй байна. Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах 3 уурхайн алдагдал 81 тэрбум төгрөг байх урьдчилсан тооцоотой байгаа юм. Дулааны цахилгаан станц, тоноглолын 19 хувь нь, шугам сүлжээний 40 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байдалтай ажиллаж байгааг албаны хүмүүс мэдээлжээ. 

Хөлдөх эрсдэлтэй гэнэ үү?

Бид эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд эрчим хүчээ дотоодоосоо 100 хувь хангахын зэрэгцээ 20 хувийн нөөц чадалтай байх ёстой. Гэвч манай эрчим хүчний салбар нөөцгүй, харин ч дутагдалтай явдаг. Өвөл дулааны цахилгаан станцууд зогсох юм бол Улаанбаатар хот 5-6 цаг л тэсэж, үүнээс цааш хөлдөх эрсдэлтэй.

Эрчим хүчний салбар зах зээлийн зарчимд шилжсэнгүй

Бидний үйлдвэрлэж буй цахилгааны өртөг нэг кВт/цаг нь 243 төгрөг байгаа ч борлуулж буй үнэ нь 215 төгрөг байгаа юм. 

Цахилгаан үйлдвэрлэлд ийм алдагдал гарч байгаа тул тариф нэмж, үнэ чөлөөлөх шаардлага бий. Хэдийгээр эрх баригчид жил бүр өвөл эхлэхийн өмнө тариф, нэмж үнэ чөлөөлнө, эрчим хүчний салбараа аварна гэдэг ч одоогоор бодит ажил болоогүй байна. 

 

2025 онд эрчим хүчний салбар яах вэ?

Хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд дараах заалтуудыг тусгасан байна. 

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.
  • Бөөрөлжүүтийн 300 МВт-ын дулааны цахилгаан станц төслийн хоёрдугаар ээлжийн 150 МВт-ын хүчин чадалтай блокийг ашиглалтад оруулна.Эрчим хүчний дамжуулах, түгээх шугам сүлжээг өргөтгөн шинээр байгуулж, эрчим хүчний найдвартай байдлыг хангах төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ.
  • Шинжлэх ухаан, технологи, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг үе шаттай ахиулах бодлогыг хэрэгжүүлнэ гэж тусгажээ.
  • Өөрөөр хэлбэл, энэ 2024 ондоо багтан тариф нэмж, үнээ чөлөөлөхгүй бол энэ асуудал 2026 оноос нааш шийдэгдэхгүй байх нөхцөл харагдаж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe