Ерөнхийлөгчийн айлчлалаас юу хүлээх вэ

Ц.Чимэдцэеэ
2024-10-14

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын урилгаар энэ сарын 10-13-ны өдөр тус улсад айлчиллаа.

Энэ нь Монгол, Туркменистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 32 жилийн хугацаанд хэрэгжиж буй анхны дээд түвшний айлчлал.

Ерөнхийлөгчтэй хамт шинэ зах зээл нээхээр 40 гаруй аж ахуй нэгж хамт явсан. Айлчлалын эхний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Г.Бердымухамедовтой уулзсан байна. Дараа нь Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов ёслол төгөлдөр угтжээ.

Тэрбээр, Монгол, Туркменистаны бизнес уулзалт зохион байгуулж буйг сайшааж, энэ нь хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн цаашдын хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэв.

Дараагийн өдрүүдэд хамтын ажиллагааг бэхжүүлэх баримт бичиг байгуулах, олон улсын форумд оролцох зэрэг үйл ажиллагаанд оролцсон аж. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд, хоёр улсын хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар дурдсан байна.

Айлчлалын үеэр байгуулсан бусад хэлэлцээрүүд

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 

Хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжтой боллоо. Мөн Монгол Улсын хувьд Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломжийг бүрдүүлж буй юм. Ингэснээр хоёр улс болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, тэр дундаа аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн салбарт өргөжин хөгжих нөхцөлийг бүрдүүлжээ.

Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

Хоёр улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл харилцан дамжин өнгөрөх, гуравдагч улс руу ба гуравдагч улсаас ачаа, зорчигч тээвэрлэх боломж бүрдлээ. Улмаар монголын тээвэрчид бусад улс орон руу дамжин өнгөрөхөд илүү дөт замыг сонгож, цаг хугацаа хэмнэх боломжтой болох юм. Цаашлаад зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, иргэд болон бизнес эрхлэгч нарын харилцааг хөнгөвчилж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан улсын Хөдөө, аж ахуйн яам хоорондын хэлэлцээр

Холбогдох байгууллагууд хооронд мал эмнэлгийн шинжлэх ухаан, өвчний тандалт, хяналтын арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцох боломжийг бүрдүүлж буй юм. Түүнчлэн талууд мал аж ахуйн мэргэжилтнүүд, малын эмч, эрдэмтдийн уулзалт, мэдлэг солилцох сургалт, чадавхыг бэхжүүлэхэд харилцан бие биедээ дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн.

Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр

Хөдөө аж ахуйг цахимжуулах, хамтарсан үйлдвэр байгуулах зэргээр хамтран ажиллана. Цаашид хоёр улс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн суурь баримт бичиг нь болж байна. 

Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр зохион байгуулах, өвийг хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтарсан судалгаа хийх зэрэг үйл ажиллагааг тусгасан байна. Мөн соёлын эд зүйл, хэвлэл, бичиг баримт солилцох замаар нөгөө талдаа өөрийн улс орон, ард түмэн, соёлоо таниулахад хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд буй. Энэ хүрээнд Туркменистан улсын Соёлын цогцолборын улсын төв музей Чингис хаан Үндэсний музейтэй хамтран ажиллахаар тогтлоо.

Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Хоёр улсын иргэддээ улс орноо харилцан сурталчлан таниулах, хоёр улсын түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Туркменистан Улсын Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагууд хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, мэдээлэл, туршлага солилцон хамтран ажиллахаар тохиролцов. Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог тогтоох,  тэдний цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар иргэдийн солилцоог нэмэгдүүлэх боломжтой.

Айлчлалын үр дүн товчоор өгүүлэхэд, хоёр улс хамтарч болох бүхий л салбартаа хэлэлцээр, санамж бичиг байгуулах замаар эрх зүйн үндсээ бэхжүүлжээ.

Мөн “Монгол-Туркменистаны бизнес форум”-ыг амжилттай зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог тогтоосон нь цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Айлчлалын хүрээнд хөндсөн олон асуудлын дотроос хамгийн онцлох нь Каспийн тэнгис дэх Туркменистаны боомтыг хоёр улс хамтран ашиглах тухай Туркменистаны тал хөндөж, цаашид боломжийг нь хамтран судлахаа хоёр талын Ерөнхийлөгч амлажээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe