Хөдөлмөр эрхлэлт ба Gen Z

Ж.Номин
2024-10-16

Манай улсад “хөдөлмөрийн насны хүн ам” гэж 15 ба түүнээс дээш насны хүн амыг хэлнэ. 

Гэвч 2024 оны эхний 6 сарын байдлаар хөдөлмөрийн насны хүн амын 58,6 хувь нь л хөдөлмөр эрхэлж байна гэсэн тооцоо гарсан.

Өөрөөр хэлбэл, манай улсад 40-60 мянган иргэн ажилгүй байгаа бол ажил олгогчдод 30-40 мянган ажлын байр сул байгаа аж. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын хөдөлмөрийн насны нийт хүн ам одоогийн түвшнээс 19.7 хувиар өсөж, 2.7 саяд хүрнэ гэж тооцжээ. Харин насны бүтцийн хувьд ажиллах хүчний 40.2 хувийг нь 15-34 насны залуучууд бүрдүүлэх гэнэ. "The Hustle" сайтын судалгаанаас харахад 2025 он гэхэд Gen Z дэлхийн нийт ажиллах хүчний 27 хувийг бүрдүүлнэ гэсэн судалгааны хариу гарчээ.

Бас нэг судалгаа

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны буюу 2024-2035 оны эрэлт, нийлүүлэлтийг судалсан дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас танилцуулсан.

Уг судалгаанаас онцолвол,

Манай улсын ажиллах хүч 300 мянган хүнээр дутагдаж байна. Ажил олгогч нарт өнөөдөр хүний нөөцөө тогтоон авч үлдэх бэрхшээл тулгарч байна. Gen Z үеийнхэн буюу 2000 оноос хойш төрсөн залуучууд 2035 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэнэ. Энэ нь хүний нөөцийн бодлогыг эрс шинэчлэх шаардлага үүсэж байгааг харуулж байна.

Мөн манай улс ажиллах хүчээ гадаад руу их алдаж буй.

Өнөөдрийн байдлаар, БНСУ-д 54 мянган хүн ажиллаж байгаа бол Шведэд 20 мянга гаруй монгол иргэн байна. Монголчууд Австрали, Чех, Япон зэрэг улс руу олноор их зорчдог аж. Энэ нь нэг талаар гадаадын улс орнуудад хүн амын хөгшрөлт их, ковидоос хойш ажиллах хүчээр дутагдаж буй хүчин зүйл нөлөөлж байгаа бол дотоод талын хүчин зүйл нь эдийн засгийн өсөлт нийгэмд бодитойгоор буухгүй байгаатай холбон тайлбарлаж байна.

15-64 насны иргэдийн 67 хувь нь гадагшаа явж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн албан бус хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байна. Ажилгүйчүүдийн эгнээнд сүүлийн жилүүдэд залуучууд, эмэгтэйчүүд их орж байна гэсэн дүн гарчээ.

Залуучууд яагаад ажил хийхгүй байна вэ?

Монгол Улсад 2016 оноос хойш шинээр ажилд орохоор анкет бөглөх залуусын тоо буурсан нь 1990 оны шилжилтийн үед төрөлт буурсантай холбоотой байх магадлалтай. Тухайн үеийн төрөлтийн хувь одоогийн хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж байгаа талаар судлаачид онцолж байна. Цалин бага, хөдөлмөрийн бүтээмж бодиттой үнэлэгддэггүй. Ажлын байран дээрх үе хоорондын таарамжгүй байдал нь ажлын бүтээмжид нөлөөлдөг. Мөн ажлын байрны тухтай орчин чухал. Цаашлаад, ажилтай, орлоготой байхаас илүү хувийн өсөлт хөгжил, өөрчлөлт чухал болсон гэнэ. 

Ажил олгогчид ямар байр суурьтай байна?

Intelligent.com сайтаас 1000 орчим бизнесийн удирдагчдыг хамруулсан хөдөлмөрийн зах зээлийн тухай судалгааг танилцуулжээ. 

Зургаан бизнес эрхлэгч тутмын нэг нь Z үеийг харилцааны ур чадвар, зан төлөв болон мэргэжлийн ур чадвараас нь болж ажилд авахдаа эргэлзэж байгаа.

10 ажил олгогч тутмын зургаа нь 2024 онд ажилд орсон төгсөгчдийг ажлаас нь халжээ. Ажил олгогчдын  39 хувь нь Z үеийнхнийг харилцааны ур чадвар муу, 46 хувь нь мэргэжлийн ур чадвар дутмаг нь  хамтран ажиллахад хэцүү гэж хариулсан байна.

Байр суурь

“Intelligent”-ийн Боловсрол, хөгжлийн ахлах зөвлөх Хуй Нгуен:

Z үеийнхэн бага бүтэцтэй орчин, ажлын байрны соёлын динамик байдлыг хангаж ажиллахад хангалттай биш байдаг. Тэд онолын мэдлэгтэй ч ихэвчлэн практик, бодит туршлага, мэргэжлийн ур чадвар дутмаг байна. Мөн Z үеийнхний хувьд ажлын байран дээрээ залхуу, багаар ажиллах чадваргүй гэсэн хэвшмэл ойлголтыг бий болгосон. 

Хүний ​​нөөцийн зөвлөх Брайан Дрисколл:

Гол асуудал нь Z үеийнхэндээ биш, боловсролын системтэй холбоотой байж магадгүй. Өнөөгийн боловсрол онолыг чухалчилдаг. Гэвч ажил олгогчид шинээр ажилд орсон хүмүүстээ зааж сургахын оронд туршлагагүй, чадваргүй, юу ч мэдэхгүй гэж ажлаас нь халж байна. Шинэ төгсөгчдийг ажлаас нь халаад байвал урам хугарсан, дутуу үнэлэгдсэн ажилчдын үеийг бий болгоод зогсохгүй ажиллах хүчний урт хугацааны өсөлтийг сааруулж, хөдөлмөрийн зах зээл өөрөө доголдох эрсдэлтэй. 

Ажлын цагийн уян хатан зохицуулалт чухал уу?

Дэлхийн хамгийн урт цагтай 20 улсыг www.insidermonkey.com сайт жагсааснаас манай улс есдүгээрт орсон байна. Бид долоо хоногт дунджаар 47,3 цаг ажилладаг аж. Түүнчлэн 2000-2019 онд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ жилд дунджаар 5.4 хувиар  өссөн хэдий ч хөдөлмөрийн бүтээмж харьцангуй доогуур байгааг тус судалгаанд дурджээ. 

Мөн CNBC/Generation Lab-аас 18-34 насны нийт 1033 хүнээс судалгаа авсан байна. Тус судалгаанд оролцогчдын 81 хувь нь долоо хоногт 4 өдөр ажиллах нь компанийн бүтээмжийг нэмэгдүүлнэ хэмээн хариулжээ.

Цалингийн хэмжээг бууруулахгүйгээр долоо хоногийн ажлын өдрийг дөрвөн өдөр болгон бууруулах зохицуулалтыг олон улсын зарим байгууллага туршиж эхэлсэн бөгөөд ажилтнуудын эрүүл мэнд болон компанийн бүтээмж, гүйцэтгэл нэмэгдсэн гэж мэдээлжээ.

Deloitte-с 2022, 2023 онд хийсэн Gen Z ба Миллениалуудын судалгаанаас харахад  4 залуу тутмын гурав нь уламжлалт цагийн хуваариас татгалзаж ажил амьдралын тэнцвэрт байдал, бүтээмжийг дээшлүүлэх цагийн хуваарийг эрэлхийлдэг гэж хариулжээ. 

Долоо хоногийн 4 өдөр ажиллах зохицуулалт хийж буй улсууд

АНУ-ын “Exos” компани тус зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд туршилтын эхний зургаан сарын тайлангаар ажлын долоо хоногийг багасгах нь компанийн орлого, бүтээмж, үр ашиг зэргийг нэмэгдүүлсэн хэмээн онцолжээ.

БНСУ долоо хоногийн 68 цаг ажиллах журам гарсны дараа тус улсын залуу боловсон хүчин дургүйцлээ илэрхийлж, ажил амьдралын тэнцвэртэй байдлаа алдагдуулж байгаагаа илэрийлсэн. Тэгвэл Кёнги мужийн 50 гаруй салбарын байгууллага ажлын дөрвөн хоногтой байх эсвэл ажлын бага цагтай байх гэсэн хоёр туршилтыг хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр ажлаар халшрах мэдрэмж арилж, ажилчид сэтгэл санаа өөдрөг байдлаар гүйцэтгэл сайтай ажиллах эсэхийг судлах аж. 

Сингапур Улсын 10 ажил олгогч тутмын долоо нь ажлын дөрвөн өдөртэй болох боломжтой гэж үзэж буйг саяхны нэгэн судалгааны үр дүн харуулжээ. Ажил олгогчдын 69 хувь нь “ийм зохицуулалт хийснээр бүтээмж дээшиллнэ” гэж үзсэн байна. 

Малайз Улсын ажил олгогчдын 79 хувь нь ажлын дөрвөн өдөртэй болох боломжтой гэж үзсэн бол Тайланд Улсын ажил олгогчдын 77 хувь, Филиппин Улсын ажил олгогчдын 75 хувь нь уг зохицуулалтыг дэмжиж байгаа гэнэ.

Их Британид 2022 онд 61 байгууллага, 2900 орчим ажилчдыг хамарсан зургаан сарын туршилт хийжээ. Ажил олгогчдын тал хувь нь тус зохицуулалтыг байнгын болгон өөрчилсөн байна. 

Бельги Улс 2022 оноос хойш долоо хоногийн дөрвөн өдөр ажиллаж, цалингаа бүтэн авдаг болсон байна.

Япон Улсын засгийн газар анх 2021 онд ажлын долоо хоногийг богиносгохыг дэмжиж буйгаа мэдэгдсэн.

Тухайн үед хууль тогтоогчид ч үүнийг дэмжсэн байр суурь илэрхийл байжээ. Одоогийн байдлаар Япон компаниудын 8 хувь нь л ажилчдаа долоо хоногт гурав ба түүнээс дээш өдөр чөлөө авахыг зөвшөөрдөг байна. 

Их Британийн Атом банк 2021 онд ажилтнуудынхаа цалинг бууруулахгүйгээр ажлын 5 өдрийг 4 өдөр болгосон нь хүний нөөцийн хомсдолыг бууруулж, aжилтнуудын өвчлөлийг багасгасан байна.  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe