Монгол Улсын Засгийн газар Францын Засгийн газраас зээл авч, “Үндэсний хиймэл дагуулын төсөл” хэрэгжүүлэхээ зарласан. Ийнхүү үндэсний хиймэл дагуулыг 2027 оноос 2041 он хүртэл сансарт хөөргөхөөр төлөвлөжээ. Инновац, цахим бодлогын байнгын хорооны энэ лхагва гарагийн (2024.10.16) хуралдаанд уг төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээллийг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар маргалдав.
Төслийн нийт зардал 328 сая евро.
Төслийн ТЭЗҮ-ийн нийт зардал нь 212.9 сая евро. Хиймэл дагуулын хөөргөлт 58 сая евро. Зөвлөх үйлчилгээ 3 сая евро. Даатгал 40 сая евро. Ажиглалтын зардал нь нэг жилд 0.91 сая евро, 15 жилд 13.65 сая евро байна.
УИХ-ын гишүүг Ч.Анар:
Н.Учрал гишүүний хэлж байгаа шиг олон төрөлт хиймэл дагуул дэлхий дээр байхгүй
Би 24 жил энэ салбарт ажиллаж байгаа, гурван улсад хиймэл дагуул угсарч байсан туршлагатай инженер хүн. Н.Учрал сайдын танилцуулж байгаа малчин өрхөд интернэт хүргэнэ, 5G, цаг агаар, гамшгийн мэдээлэл гэх мэт ийм олон төрөлт хиймэл дагуул дэлхий дээр хана ч байхгүй. Тодорхой мэдээлэл эхнээсээ өгөхгүй бол дараа нь энэ хэрэгжихгүй байх асуудал үүснэ.
Малчин өрхөд эдийн засгийн өртгийн хувьд болоод технологийн хувьд хүртээмжгүй.
260 мянган малчдад интернэтийн үйлчилгээ хүргэх гээд байгаа. Өндрийн хиймэл дагуул маш том. 1.1-1.4 метр тавган антенаар интернэтэд орно.Энэ нь өндөр өртөгтэй. Дээрээс нь Ddish-г бодвол мэргэжлийн инженер тохируулдаг. Тэгэхээр малчин өрхөд эдийн засгийн өртгийн хувьд болоод технологийн хувьд хүртээмжгүй.
Ийм төсөвт өртгөөр хийх шаардлагагүй
Манайд хиймэл дагуул зайлшгүй шаардлагатай. Гэхдээ ийм төсөвт өртгөөр хийх шаардлага байхгүй. Хэрвээ ийм өртгөөр хийх бол үүнд цэргийн болон тагнуулын тоног төхөөрөмж байгаа юу. Тийм бол улсын нууцад хамаарах ёстой.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
Хиймэл дагуултай болох чухал цагийг алдаж болохгүй.
Японд ТЭЗҮ дээр шинэчлээд, Францын инженер техникийн ажилтнууд ажиллаад, мэргэжлийн зөвлөлөөр нь оруулаад батлаад явж байгаа төсөл. Хоёр улсын Засгийн газрын нээлттэй хэлэлцээр л явж байгаа юм. Ямар ч байсан улс орныхоо өнцөг булан бүрд интернэттэй болох боломж бүрдэнэ. Энэ удаа бол геополитикийн хувьд, санхүүжилт, технологийн хувьд чухал яриа хэлэлцээр өрнөсөн. Тиймээс хиймэл дагуултай болох чухал цагийн алдаж болохгүй.
Өөр ямар орноор яаж хийлгэх вэ гэдгийг олж ирэх хэрэгтэй
Хэрвээ ингэж яриад явна гэвэл энэ төсөл цаашаа явах хэрэггүй. Энэ Их хурлын шийдвэр. ҮАБЗ-д танилцуулахаар бэлтгэж байна. Түүнээс биш цэрэг үүргийн, нууцад хамааруулсан зүйл байхгүй. Бид сансар дахь замаа барьж байна гэсэн үг. Тэр зам дээр юу явах нь дараагийн асуудал. Дэд бүтэцтэй болох гэж байна.
Засгийн газраас төслийн ач холбогдлыг юу гэв?
Монгол орны нийт газар нутгийн 26.8 хувьд 4G сүлжээ нэвтэрсэн. Тус төсөл хэрэгжсэнээр сүлжээ нэвтрээгүй үлдсэн 73.2 хувь буюу орон нутгийн иргэд, малчин айл өрхийг шилэн кабелиар интернэт сүлжээнд холбоход шаардлагатай 29.0 их наяд төгрөгийг хэмнэнэ. Монгол Улс бусдаас арилжааны хиймэл дагуул түрээслэхэд жилд 9.2-12 орчим сая ам.доллар төлдөг. Түрээсийн зардлаа өөрийн хиймэл дагуултай болоход зориулах нь эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын давхар ашиг тустай гэнэ. Улс орны өнцөг булан бүрд интернэтийн сүлжээ нэвтрэх боломжтой аж. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул, ослын үед газрын сүлжээнд саад доголдол гарсан тохиолдолд сансрын холбооны сүлжээ нь найдвартай холбооны сүлжээ болно.
Сэтгэгдэл үлдээх