Өвөл айсуй…

Ж.Номин
2024-10-22

Намрын сүүл сал бараг шувтарч, өвлийн эхэн сар хаяанд ирлээ. Түгжрэл, утаа, нийтийн тээврийн хүрэлцээ, тог цахилгааны хэлбэлзэл, халтиргаа гулгаа гээд нөгөө л харанхуй амьдрал руу гаа орох нь дээ. “Цагаан сар л болчихвол “хавар”-тай золгоно доо” гэж сэтгэлээ дэвтээмээр байвч 2025 оны цагаан сар хаа байсан 3 сарын 1-нд болно гэнэ. Тэгэхээр ирэх 4 сарыг аятайхан даваад гарахын тулд эртнээс сэтгэл зүйгээ бэлдэцгээе, найзуудаа. 

Даарахаас өөр зовлон бас байна аа

Сэтгэл зүйч Л.Нарангоо:

  • Хүн дулааны улиралд илүү тайван амгалан байдлыг мэдэрч, бүтээлч байдал нэмэгддэг.
  • Харин өвөл болоход сэтгэл санааны гутранги байдалд автах нь элбэгшиж,  сэтгэл түгшилт ихэсдэг гэнэ. 
  • Улирлаас хамааралтай сэтгэл зүйн хямрал хүний ажлын бүтээмж, эрүүл мэнд, нойр, хооллолтод нөлөөлж, хүндэрвэл хүн нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлах шинж илэрдэг байна. 
  • Өдөр шөнийн харьцааны өөрчлөлтөөс мэдрэлийн эсүүд хоорондын мэдээ дамжуулагч бүтэц болох серотонины хэмжээ эрс багассанаас хүмүүс нозоорол, залхууралтын байдалд орох нь элбэг.
  • Гэхдээ хүйтний улиралд хүмүүс үргэлж гунигтай байхгүй. Тухайлбал, баяр ёслолын үеэр хүн “истресс” буюу “эерэг стресст” өртөж болно. Жишээ нь, гадаа хэдий хүйтэн, завгүй байсан ч шинэ жилийн  баярын зүйлсээ цуглуулж явахдаа хүн тодорхой хэмжээний эерэг стресст автдаг аж.
  • Улирлын нөлөөтэй өвчлөлд эмэгтэйчүүд эрчүүдээс дөрөв дахин илүү өртөгддөг байна.
  • Үүний гол шалтгаан нь тархинд үүссэн биологийн урвал болон даавар нийлэгжлийн тэнцвэр алдагдах өөрчлөлтүүд байдаг

Хүйтнээс үл хамааран сэтгэлзүйгээ тордоорой

  • Тогтмол идэвхтэй хөдөлгөөн: Өглөө байгалийн гэрэл гарангуут дасгал хөдөлгөөн хийх нь их ашигтай. 
  • Хөгжим сонсох: Хурдан хэмтэй болон тааламжтай дууны сонголттой “Хөгжмийн эмчилгээ” нь сэтгэл гутралын сонгодог эмчилгээ юм.
  • Агаарт явган явах: Өдрийн цагаар байгалийн гэрэлд явган явдаг байх нь өндөр ач холбогдолтой. 
  • Зорилготой бай: Ирж буй шинэ оноо угтан, өөртөө зорилт тавьж, төлөвлөсөн ажлаа гүйцэтгээрэй. 

Өвөл "хүний бие"-д нөлөөлөх нь 

  • Аливаа вирус халуун гэхээсээ хүйтний улиралд улам хурдацтай тархдаг. 
  • Мөн температур буурахад арьсны чийгшил дагаад багасдаг. Хүйтэн цаг агаарын арьсанд үзүүлэх хамгийн тод нөлөө бол хуурайшилт юм. 
  • Түүнчлэн агаарын бохирдол болон хүйтэн агаараас болж үс маш их бохирдож гэмтдэг байна. 
  • Тиймээс өвлийн улиралд зулайнаас даарч болохгүй. 
  • Зулайнаас даарахад захын мэдрэлийн эсүүд гэмтэж үс унадаг. 
  • Мөн өвлийн цагт агаарын бохирдлоос болж үс маш их хагтдаг.

Өвөл “улс төр, нийгмийн амьдрал”-д нөлөөлөх нь

  • Аравдугаар сарын улс төр: 
    • 10 сарын 1-нд УИХ-ын чуулган эхэлснээр иргэдийн улс төрийн идэвхжил нэмэгддэг. 
    • Улс орны эдийн засаг улирлын чанартай холбоотой учир төрийн албаны цалин нэмэх, тэтгэвэр тэтгэмжийг өсгөх арга хэмжээ авдаг. 
    • Мөн парламентаар ирэх оны улсын төсөв хэлэлцэж эхлэх тул гишүүдийн идэвх нэмэгдэнэ.
    • Үүний зэрэгцээ УИХ-д шахалт үзүүлэх, засгийн газрыг огцруулах агуулга бүхий жагсаал цуглаан гардаг.
  • Арваннэгдүгээр сарын улс төр: 
    • Хүйтэрч эхлэхтэй уялдан мал нядалгаа эхэлж, салчид өвлийн идшээ бэлтгэдэг.
    • Энэ үеэр махны үнэ хамгийн их хямдардаг нь хүнс нөөцлөх боломж олгоно. 
    • Дулааны станцууд болон орон сууцны халаалт хариуцсан сүлжээ компаниудад хандсан “Өвөлд бэлэн үү?” гэсэн асуулт бүхий нийтлэл, шүүмжлэл элбэгшинэ.
  • Арванхоёрдугаар сарын улс төр: 
    • Улс төрийн уур амьсгал идэвхтэй хэвээр байна. 
    • Улсын төсөв үргэлжлэн хэлэлцэж 12 сарын 1-ний дотор дуусгах хуультай. 
    • Энэ сарын төгсгөлөөс эхлэн шинэ жилийн баярын уур амьсгал бүрдэж, баяр цэнгүүндээ бэлдэх мөнгөний хэрэгцээ ихэсдэг гэнэ. 

“Хүйтний синдром”-той алдарт сургаалууд

  • “Өвөл болохоор хүйтэн болдог” - УИХ-ын гишүүн асан М.Билигт
  • “Энэ өвөл сэтгэл тайван байж болно. Өнгөрсөн жилийнхтэй ижил түвшинд давчих байх”, "Иргэдээ өвөл хөлдөөхгүйн тулд ажиллана. Гайгүй байх", "Өвлийг давж, хавартай золгох хэрэгтэй", “Өвөл болно, хавар болно, тэгээд зун болно” - Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  • “Гал түлэлт их байна. Сайжруулсан түлш хямд учраас иргэд илүү их түлээд байгаа байдал ажиглагдаж байна” - НЗД-ын орлогч асан Д.Ихбаяр

Өвлийг хамтдаа давах найзууддаа өгөх бяцхан зөвлөгөө

  • Дулаан хувцаслаарай.
  • Халтирдаггүй гуталтай өвөлжөөрэй.
  • Шим тэжээлтэй хоол унд хэрэглээрэй.
  • Дархлаагаа дэмжээрэй.
  • Амны хаалтаа зүүгээрэй.
  • Арьс, үсээ чийгшүүлж хамгаалаарай. 
  • Малгай ороолтоо сайн зүүгээрэй. 
  • Агаарт гараарай. 
  • Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээрэй. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe