Мөнгөтэй ч гунигтай

.Graph
2024-10-25

Улсын төсвөөс Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулахад Д.Сумъяабазар даргын үеээс эхлэн 420 тэрбум төгрөг хуваарилж эхэлсэн. Өмнө нь Нийслэлийн төсөв дээр автозамын ашиглалтын хураамжаас түгжрэлд бага хэмжээний хөрөнгө оруулалт хуваарилдаг байсан.

Гэсэн ч түгжрэл “0” зогсолт болтлоо хөгжив.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өчигдөр(2024.10.23) “оргил цагаар хотын түгжрэл 97.3 км хүрсэн” талаар мэдээлсэн.

Үр дүнд хүрээгүй арга хэмжээнүүд

  • Зайсангийн нэг чигийн хөдөлгөөн
  • Хөдөлгөөний нягтаршил хаана хамгийн өндөр байгааг бүртгэж, хөдөлгөөн зохицуулалтыг оновчтой хийх, төлбөрийн цахим шийдлүүдийг ашиглаж, замын хураамж, торгуулийг цахимаар төлдөг болгох цахим гэрчилгээ 
  • RFID төхөөрөмжүүд, бүртгэлийн программууд
  • Ногоон автобус

Энэ дунд мэдээж алдарт BRT, LRT, дүүжин тээвэр, метро тойрог хурдны замуудыг мартаж болохгүй.

Бүтээн байгуулалтууд нь эхлээгүй ч энэ хугацаанд судалгаа, ТЭЗҮ боловсруулах болон төслийг хариуцаж буй нэгжүүдийн урсгал зардал буюу төсөв урсаад л байсан гэсэн үг. 

Мэдэх ёстой зүйл: Хотын даац

ЗХУ-ын эрдэмтэд 1975 онд УБ хотыг 100 мянган авто машин, 500 мянган хүн амьдрахаар төлөвлөж байсан байна. Гэтэл одоо УБ хотод 1.6 сая хүн, 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Анх төлөвлөсөн даацаасаа 3-8 дахин хэтэрсэн гэсэн үг. Үүн дээр УБ хотын харьяалалгүй, түр оршин суугаа, шилжин ирсэн хүн ам болон бүртгэлтгүй зорчиж байгаа орон нутгийн тээврийн хэрэгслүүд нэмэгдэнэ. 

Түүнчлэн нийслэлд их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 70.4 хувь нь төвлөрдөг. Хотын авто замын сүлжээний урт 954 км-с 1136 км болж 19 хувиар нэмэгдсэн. Тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 624.8 мянга болж 2.4 дахин нэмэгдээд байна.

Иргэд юу хүсэв?

2023 онд авсан судалгаанд оролцогчдын 73 хувь нь автомашин ачилтын төлбөрийг 100 мянга болгон нэмснээр иргэд дуртай газраа автомашинаа байрлуулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй гэж хариулжээ. 

Хамгийн их дэмжсэн ТОП-5 ажил

  1. 76 хувь нь Гэрийн ойролцоо цэцэрлэг сургуулийг шинээр барьж, хүрэлцээг нэмэгдүүлэх,
  2. 72 хувь нь томоохон зах, худалдааны төвүүдийг дэд төвүүдэд байгуулах, тархаан байршуулах ажил,
  3. 72 хувь нь метро, их багтаамжит масс транзитыг барих, нэвтрүүлэх, 
  4. 61 хувь нь нийтийн тээврийн парк шинэчлэл хийж, тав тухтай, хурдан зорчдог болгох, автобусны буудлыг ойр болгох, 
  5. 61 хувь нь ухаалаг гэрлэн дохионы системийг нэвтрүүлж оргил цаг болон ачаалалтай уулзваруудын хөдөлгөөний оновчтой зохицуулалтыг хийх гэсэн ажлуудыг дэмжжээ. 

Түгжрэлд зарцуулсан мөнгө юу болов?

  • Нийтийн тээврийн парк шинэчлэл 74.5 тэрбум төгрөг 20 хувь,
  • Газар чөлөөлөлтөд 72.4 тэрбум төгрөг төсөвлөөд 2022 онд 55 тэрбумыг авсан бол энэ онд 17 тэрбум төгрөг буюу 19 хувь,
  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 345 тэрбум төгрөгийн 20 хувь
  • Гол ба туслах замын нийт 13 байршилд томоохон гүүрэн байгууламж, зам барихад нийт 228 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 2022 онд 48 тэрбум төгрөг, энэ онд 17 тэрбум төгрөг зарцуулагдаад байна. Энэ оны төгсгөл гэхэд нийт 220 тэрбум төгрөг буюу 21 хувь,
  • 161 байршилд RFID суурилуулахад 442,477 ширхэг цахим гэрчилгээнд нийт хөрөнгийн 6 хувь
  • Явган болон унадаг дугуйн зам гарааш, хайс, гарааш, хашаа буулгахад 4 хувь, 6 хувь буюу нийт төсвийн 10 хувь

2023 онд 414 тэрбум төгрөгөөс 345 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Түгжрэл бууруулах сүүлийн үеийн төлөвлөгөө

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд 570 орчим мянган машин оролцож байгаа нь улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 орчим хувь. Оргил цагийн ачааллын үед авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 8,9-10,8 км/цаг байна. Эндээс үзэхэд 2030 онд 5 км/цаг, 2040 онд дээд цэгтээ хүрч бүтэн өдрөөр түгжрэх нөхцөл үүснэ” гэсэн урьдчилсан судалгааг Олон улсын Жайка байгууллагаас гаргаад байна.

20 минутын хот төслийн үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн

  • Дөрвөн замын уулзваруудыг хоёр төвшний болгох, нийтдээ 10 орчим уулзварыг хоёр төвшний болгохоор яриа хэлэлцээр хийгээд явж байна. 
  • Нийтийн тээврийн үйлчилгээнд автобуснаас гадна BRT үйлчилгээг нэвтрүүлэх. Мөн буруу талдаа жолооны хүрдтэй автомашинаасаа салж, зөв хүрдтэй шинэ машин руу шилжих шаардлага байна. 
  • Буруу талдаа жолооны хүрдтэй хуучин автомашины импортыг хориглох зэрэг ажлуудыг хийнэ. 

Тээврийн цагдаагийн алба:

  • Торгуулиа хуульд заасан хугацаанд төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөлөх хуулийн зохицуулалт хэрэгжиж байна. 
  • Хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй бол 50 хувиар нэмэгдүүлэхээр болсон. 
  • Мөн торгуулиа төлөөгүй замын хөдөлгөөнд оролцсон бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах журамтай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe