Метагийн "Reels" Монголын төрд

Ц.Чимэдцэеэ
2024-10-29

Монгол Улсад 2.5 сая фэйсбүүк, 936.6 мянган инстаграм хэрэглэгч байгаа талаар энэ оны эхээр Метагийн судалгаанд дурджээ. Мэдээ, мэдээлэл хуваалцах, солилцох зориулалт бүхий дээрх сувгуудыг ашиглан төрийн мэдээллийг олон нийтэд түгээх шийдлийг нэвтрүүлээд удаж буй.

Ялангуяа 2021 оноос ашиглагдаж эхэлсэн богино видео буюу "Reels" манай улсын төрийн ажлын салшгүй хэсэг болсон байна. 

Анх УИХ-ын дарга Г.Занданшатар "Миний ажлын байр бол энэ танхим", "Цэгцрэх хөдөлгөөн гэж юу вэ" зэргээр хөнгөн, хялбар ойлгогдохуйцаар төрийн ажлыг залууст таниулах тус форматыг ашиглаж эхэлсэн. Энэ нь ч зөв буруу гэх шүүмжээс илүүтэй төрийн ажилд "Reels чиг хандлага" тогтоох болсон.

Харин сүүлийн үед  дээрх чиг хандлага нь улс төрийнхний дунд хийрхэл, хэлбэрдэлт маягийн болж, ажил бүтээх, албан хэрэг эрхлэхээс илүүтэй анхаарал тавих болсон талаар шүүмжлэл дагуулж байна.

Гаднын айлчлал, хурал цуглаан, уулзалт, хэлэлцүүлэгт дрон нисгэж, тал талаас авсан дүрс бичлэгийг дэгжин гэгч нь эвлүүлж, ая дэвсэн цацсанаар иргэдийн амьдрал хэрхэн сайжрах вэ гэсэн асуулт ч мөн урган гарч байгаа. Үүгээр зогсохгүй хурал цуглаанд ирсэн зочид төлөөлөгч, уригдан зочилсон салбарын эрдэмтэн, судлаачдын халдашгүй байдлын хүрээний дүрсийн эрхийн асуудал ч яригдах тал бий. Гол нь reels хийх ч бас ажил учраас цаана нь төсөв мөнгө, хийсэн хүний цалин гэх мэт зардал байж таараа.

Хамгийн содон жишээ гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "ukhnaakhurelsukh" нэртэй интаграм хаягтаа "Байнгын дасгал, хөдөлгөөнтэй байх нь Эрүүл Монгол Хүний үндэс шүү залуусаа" хэмээн фитнест дасгал хийж буй бичлэгээ цацжээ.

Тус инстаграм хаяг нь "verify" тэмдэглэгээтэй, Ерөнхийлөгчийн албан ёсны www.president.mn цахим хуудсыг холбосон, айлчлалын зураг, reels түлхүү нийтэлснээс харахад, хувийн гэхээсээ илүүтэй албаны хаяг байж болохуйц аж. Харин Ерөнхийлөгчийн дасгал хийдэг эсэх асуудал бол хувь хүний чөлөөт сонголтын үр дүн бөгөөд тус бичлэгийн агуулга олон нийтэд төдийлөн ач холбогдолтой бус байна.

Хэрэв энэ мэт Ерөнхийлөгч гэдэг хүний Үндсэн хууль болоод тухайлсан хуульд заасан албаны чиг үүрэг, эх орон, ард түмний өмнө хүлээх үүрэг хариуцлагаас ангид рекламын шинжтэй дүрс бичлэг хийж, эвлүүлж, цацах хүртэл зардал төсвийг татвар төлөгчид гаргадаг бол зүгээр хараад суух асуудал биш болж хувирах юм.

Төсөв хэлэлцэж буй эдгээр өдрүүдэд албан ажилдаа олон нийтийн сүлжээний influencer маягаар хандаж буй төрийн эрхтэн дархтнуудын энэ мэт аяглах нь энгийн иргэн, татвар төлөгч бидний бодох ёстой асуудал болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe