Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг завсарлаж, маргааш (2024.11.01) 10.00 цагаас үргэлжлэхээр боллоо.
Завсарлахын өмнө төсөл, арга хэмжээг өөрчлөх эсэх 25 дахь асуудал буюу 16-18 насны иргэнд үнэгүй жүжиг, кино үзүүлэх 18 тэрбум 325.9 сая төгрөг хасах тухай санал хураах гэж байсан.
Яг санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Б.Жавхлан 24 дэх асуудалтай холбоотой үг хэлж, араас нь УИХ-ын гишүүн М.Мандхай мөн 24 дэх асуудалтай холбоотой горимын санал гаргасан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уг горимын саналыг хүлээж аваагүй. Харин Б.Жавхлан гишүүн дахин үг хэлэхдээ хуралдааныг завсарлуулж, маргааш үргэлжлүүлэх горимын санал гарган, УИХ-ын дарга хүлээн авлаа.
Төсвийн зардлаас 18 тэрбум 325.9 сая төгрөг хасах эсэх асуудлын санал хураах чухал мөчид ийн аягласан нь УИХ-ын гишүүдийг лоббидох гэсэн оролдлого байх вий гэсэн хардлага төрүүлж байна.
Гишүүд зөвхөн хуруугаа уншуулах эсэх гэсэн ганц минут ч хүрэхгүй хугацааны өмнө оройтсон гэх үндэслээр ийн завсарлуулсан нь хэр зохимжтой вэ.
Дээрх мөнгөн дүнг төсвөөс хасуулах санал гаргасан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх гэж энэ саналыг гаргасан. Нөгөө талаасаа өсвөр үеийнхнийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургах гээд байгаа юм уу, эцэг эхийнх нь орлого, ажлын байрыг нэмэгдүүл л дээ. Өөрсдөө орлого олоод, мөнгөө төлөөд авах тэр ажлыг нь хийж өг л дөө гэмээр байна. Хүнээр юмаа даалгана гэдэг чинь маш соёлгүй үзэгдэл шүү дээ. Шараа биз дээ. Тийм сэтгэлгээнд дөнгөж 18 нас хүрэх гэж байгаа залуу үеийнхнийг сургаад, соёлжуулах байтугай бүр соёлгүй болоод байна шүү дээ. Өсвөр насныхныг гэгээрүүлэх нэрийн дор халамж тараах, сонгуульд бэлдэж, санал авах ажиллагаагаа больвол яасан юм бэ. Төсөв хэмнэнэ, үр ашигтай зарцуулна гэж ярьж, ярьчихаад яг цагаа тулахаар үнэгүй ваучер тараана гээд байх юм. Аудитын дүгнэлтэнд хэдэн төгрөг яаж тараах, Засгийн газрын журам зэрэг нь байхгүй гээд биччихсэн байгаа шүү дээ. Социализмын нийгэмд ч ийм зүйл байгаагүй. Энэ бол ухралт биш бүр гамшиг болох гэж байна” хэмээн үндэслэлээ хэлсэн.
Харин Соёлын сайд Ч.Номин "Энэ бол боломжтой айлын хүүхдүүдэд шаардлагагүй зүйл байх өө. Тандан судалгаанд 19.400 хүн ороод, 94 хувь нь хэрэгтэй байна гэж үзсэн. Өсвөр насны хүүхдүүд санхүүгийн боломжгүй байна. 186 мянган хүүхдийн төлөө 3км замыг л танаж байгаа хэрэг юм" хэмээн тайлбарласан байгаа.
Үе үеийн улс төрчид хавтгайрсан халамжийг зогсооно хэмээн ам гардаг ч чуулганы танхимд энэ мэт аргаар халамжийн бодлогын хамрах хүрээг бодлогоор тэлж, өсвөр залуу наснаасаа үнэгүй зүйлд нугасгүй ирээдүй хойчийг бэлтгэх гэж оролдож байна.
Маргаашийн хуралдаанд гишүүдийн дийлэнх нь 18.3 тэрбум төгрөг танах саналыг дэмжээгүй Төвсийн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны саналыг дэжихгүй байснаар энэ асуудлыг таслан зогсоох боломжтой.
Дашрамд дурдахад, өнөөдрийн хуралдаанаар төсөл, арга хэмжээг өөрчлөх эсэх 25 асуудалд санал хураасан. Энэ дунд хоёрхон арга хэмжээний зардлыг төсвөөс хасах санал гаргасан байв.
Сэтгэгдэл үлдээх