Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохиож байна.
ШУА-аас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн гэж тогтоосон байдаг. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон.
Чингис хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархал"-ын өдөр болгон, жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ. Энэ өдөр Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог байна.
Энэ жил түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулах аж.
“Чингис хаан” одон
- 2005 оноос хойш Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис” хаан одонг гардуулж эхэлжээ.
- 2007, 2008, 2018 онд тус одонг олгоогүй, алгасаж байв.
- Монголын орчин үеийн калиграфийн урлагийн их мастер, уран зураач Д.Баттөмөр агсан Монгол төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонгийн эх загварыг бүтээсэн билээ.
- Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг байна.
"Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
- 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
- 2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
- 2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном
- 2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай
- 2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо
- 2016 онд Дуучин Г.Ариунбаатар
- 2017 онд Олимпын аварга Н.Түвшинбаяр нар тус тус хүртээд байна.
- 2019 онд The Hu хамтлаг,
- 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа,
- 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин,
- 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов,
- 2022 онд АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
- 2023 онд Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга
18 дахь “Чингис хаан” одонгийн эзэн Бан Ги Мун гэж хэн бэ?
- Бан Ги Мун 1944 оны 6 сарын 13-нд БНСУ-ын Чхунчхон-Пукто мужид төрсөн бөгөөд өдгөө 80 настай аж.
- Тэрбээр Сөүлийн их сургуулийг Олон улсын харилцааны бакалавр, Харвардыг Төрийн захиргааны магистраар төгссөн.
- 2003 оноос БНСУ-ын ерөнхийлөгчийн дипломат асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад 2004 онд тус улсын Гадаад хэргийн сайд болжээ.
- 2007-оноос НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан юм.
- Түүний хувьд Кембриж, Колумбын их сургууль, Вашингтоны их сургууль зэрэг дэлхийн алдартай 23 сургуулийн “Хүндэт Доктор”-ын зэрэг хүртэж байжээ.
- Мөн 2009 онд МУИС-ын Хүндэт Доктор болж байв.
Бан Ги Мунд Чингис хаан одон олгох шалтгаан юу байв?
- Түүний санаачилсан "Ногоон хөгжлийн сан"-гаар дамжуулж, манай улсад 470 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирсэн.
- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Далайд гарцгүй орнуудын төвийг Монгол Улсад байгуулсан.
- УИХ-ын дарга асан Г.Занданшатарын санаачилсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ"-г хоёр удаа хамтран хэрэгжүүлсэн.
- "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" нь Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудын хамтын ажиллагааг дэмжих, цаашид Монголд төвтэй, олон улсын бүлэг болгох амбиц бүхий санаачилга юм.
Сонирхолтой баримтууд
- The Guardian: Чингис хаан дэлхийн цаг уурт өөрчлөлт оруулж дөнгөсөн хүн. Түүний армийг нийт 40 сая хүний толгойг авсан гэж үздэг бөгөөд, энэ нь 700 сая тонн нүүрстөрөгчийг агаар мандлаас үгүй хийсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл дэлхийн дулаарлын эсрэг мэдэгдэхүйц өөрчлөлт гаргасан гэж ойлгох боломжтой.
- Radiolab: Чингис хааныг “Дэлхийн түүхэн дэх хамгийн амжилттай биологийн эцэг” гэж нэрийдэх нь бий. Учир нь түүний шууд үр удам болох 16 сая хүн төв Азид амьдардаг гэх тооцоо байдаг.
- History.com: Чингис хаан хэнээр ч өөрийнхөө хөргийг зуруулдаггүй байсан бөгөөд дүрээ чулуу, зоосон дээр сийлүүлэхийг хатуу хориглодог байжээ. Түүнийг нас барсны дараа тойм хөрөг зураг нь олдсон байдаг.
Хаан харвал хилэгнэх байсан даа…
Дэлхийн мянганы хүнээр нэрлэгдсэн Их эзэн Чингис хааны дүр, нэр алдрыг бизнесийн байдлаар ашигласан тохиолдлууд цөөнгүй. Тухайлбал, “Дэвжих Жавхлант” ХХК чингистэй мөнгөөр “төгрөг” гэх шоколад үйлдвэрлэж, Доминикан улсын тамхи үйлдвэрлэгч “GURKHA” брэнд “Чингис хаан” нэртэй тамхийг 250 ам.доллараар борлуулж, монголчууд өөрсдөө түүний хөрөгтэй үнсний сав хийж, архины шилэн дээр хүртэл тамгалж байна. Бүр болоогүй БНХАУ Чингис хааны зурагтай бэлгэвч үйлдвэрлэж байсан.
“Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай, “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 4 гишүүн, 2012 онд санаачилсан ч 2016 онд буцаагдаж байжээ.
Сэтгэгдэл үлдээх