2020 оны 7 сараас эхэлсэн АСА циркийн засварын ажил дуусаж, өнгөрсөн амралтын өдрүүдэд /11 сарын 1/ нээлтээ хийв. Ингэхдээ цирк бус “АСА арена” нэрээр үүд хаалгаа нээж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна гэдгээ зарласан юм. Хувийн өмчийн нээлтийн ёслолд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин оролцож, баяр хүргэсэн гэнэ.
Нийтлэлийг зургаар үзээрэй.
Циркийн барилгын түүх
- 1968 он - Монгол Улсын Сайд нарын зөвлөлөөс 2000 хүний суудалтай цирк барих шийдвэр гарав.
- 1971 он - Улаанбаатар хотод Румын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар гурван сая орчим рублиэр Монголын Улсын Циркийн шинэ байрыг барьж, ашиглалтад оруулав.
- 2007 он - ТӨХ-ны хаалттай уралдаант шалгаруулалтаар Улсын циркийг хувьчлав.
- 2008 он - ТӨХ-ны 352 дугаар тогтоолоор “АСА” багт Улсын циркийг албан ёсоор худалдав.
- 2016 он - Монголын циркийн 75 жилийн ойн баярын хүрээнд “Эргэн дурсагдах Монгол цирк” нэгдсэн тоглолт болов.
- 2020 он - Циркийн үндсэн хийц загварыг өөрчлөхгүйгээр иж бүрэн шинэчлэл засвар хийхээр болов.
- 2024 оны 11 сар - Циркийн засвар бүтэн 4 жилийн дараа дуусаж, “Аса арена” нэртэйгээр нээлтээ хийв.
Хуучин циркийн онцлог
- Циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч, дугуй хэлбэртэй байхаар гаргаж байв.
- Түүнчлэн аварга том өргөө гэртэй төстэй, хоёр мянган хүний суудалтай байхаар төлөвлөн барьжээ.
- Гурван сая рубль буюу тухайн үеийн ханшаар 7.4 сая ам.доллароор бүтсэн аж.
- 2008 онд хувьчлагдах хүртлээ найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан, бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байж.
- Түүнчлэн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байв.
- Мөн долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байв.
- Монголын цирк 1970-1990 он хүртэл чансаагаараа дэлхийн тавцанд эхний тавд ордог байжээ.
Циркийг хувьчилсан нь
- Үндэсний цирк улсаас жил бүр 200 сая төгрөгийн урсгал зардлын татаас авдаг байсан нь циркийг хувьчлах шалтгаан болжээ.
Өөрөөр хэлбэл, улс 200 сая төгрөг хэмнэх гээд 68 жил (1940-2008) хөгжүүлсэн мэргэжлийн урлагаа худалдсан байна.
- Ийнхүү 2007 онд ТӨХ болон БСШУЯ, нөгөө талаас “АСА” багийн хооронд Улсын циркийг хувьчлан авах тухай Менежментийн гэрээг хоёр жилийн хугацаатай хийжээ.
- Улсын циркийг худалдаж авах үнийг 1.5 тэрбум төгрөгөөр тогтоов.
- Мөн “АСА” баг гэрээний үүргийн барьцаа болгож, 300 сая төгрөгийг байршуулснаар гэрээ хэрэгжиж эхэлсэн байна.
- Гэвч хоёр жилийн Менежментийн гэрээний хугацаа болоогүй байхад буюу 2008 оны долоодугаар сарын 17-нд ТӨХ-ны 352 дугаар тогтоолоор Менежментийн гэрээг дуусгавар болгож, “АСА” багт Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр худалджээ.
- Тухайн үед буюу 2008 онд циркийг хувьчлах тогтоолд гарын үсэг зурсан Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 48 сая иен буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр тансаг орон сууц худалдан авсан байдаг.
Циркийг балгас байх хугацаанд циркчид хаана байв?
- 2015 оны 6 сарын 24-нд Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Дашчойлин хийдийн баруун талд байрлах Циркийн сургууль шатсан юм.
- “Эх дагинын аймгийн дуган” байсан тус барилгыг 1880 онд барьсан бөгөөд 1940 оноос циркийн зориулалтаар ашиглаж эхэлжээ.
- Ийнхүү 140 гаруй жилийн настай, шатсан, хэзээ мөдгүй нурж мэдэх, халаалтгүй, тоос бужигнасан барилгад багш, сурагчид бэлтгэл хийж байв.
- Түүнчлэн Аса циркийн дэргэд сар бүр 15 сая төгрөг төлж бэлтгэл хийдэг байсан.
- Мөн майхан циркт болон Монгол Улсын Консерваторийн биеийн тамирын зааланд хоёр хуваагдаж бэлтгэл хийдэг байжээ.
- Хойд Америк, Европт 1300 орчим монгол циркчин ажиллаж байгаа бол чадварлаг циркчдийг бэлддэг багш нарын 20 хувь нь гаднын оронд багшилж байгаа гэх мэдээлэл бий.
- 2010 оноос хойш монголын циркчид улсаас нэг ч төгрөгийн цалин авч үзээгүй бөгөөд хувиараа нийгмийн даатгалаа төлдөг гэж Циркийн тэнхимийн эрхлэгч Х.Ганболд мэдээлж байжээ.
- Өдгөө Циркийн сургуулийн оюутнууд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах хувь хүний сэндвичин барилгыг сарын 15 сая төгрөгөөр түрээслэн хичээллэж байна.
- Өөрийн гэсэн сургуулийн барилгагүй, үзвэрийн танхимгүй ч Монголын циркчид дэлхийд чансаагаараа 3-рт эрэмбэлэгдэж буй.
Алдагдсан боломжийн өртөг
- Бүтэн 4 жилийн хугацаанд циркчин бэлтгэх сургуулийн байр ч үгүй, ёслоод гарах стандарт хангасан манеж ч үгүй байсан циркийн салбар хэр их алдагдал хүлээж буй нь тодорхой.
- Энэ салбарын алдагдсан боломжийн өртгийг салбарын мэргэжилтнүүдээс нь тодруулах гэхэд бүгд л мэдээлэл өгөхөөс татгалзан, цааргалж байна.
- Учир нь, тэд Аса аваргыг амласнаа биелүүлж, шинэ байрандаа оруулах байх хэмээн найдаж байгаа аж.
Циркчин М.Баяржаргалын Time.mn сайтад өгсөн ярилцлагад:
“Байртай болох нь сайн хэрэг ч байргүй байх хугацаанд бидний алдагдсан боломжийн зардал гэдэг маш том зүйл байгаа. Байргүй байх хугацаанд монголын циркийн урлаг яаж доройтож, жүжигчид нь “модоо барьсан” уй гашуу хохирлыг юугаар ч үнэлшгүй”.
Дэлхийн хэвлэлүүд монголын циркийн тухай
NewYorkTimes: Монгол циркчид эх орноосоо бусад газарт “од”
Хана нь цуурч, тааз нь хөгцрөн, тамхины нэвширсэн үнэр шингэсэн Монголын циркийн сургууль хөргөгч адил хүйтэн. Нурах шахсан энэ барилга нэгэн цагт бахархал, бардамналын илэрхийлэл байв.
Deutsche Welle: Салбараа аварч үлдэхээр тэмцэж буй Монголын циркчид
Монголд цирк ихээхэн алдартай, харин циркийн жүжигчид нь дэлхий дахинаа нэр хүндтэй байв. Гэвч шинэ жүжигчдийн бэлтгэх боломж, санхүүгийн дэмжлэг байхгүйн улмаас олон олон жүжигчин эх орноо орхин явж байна.
Шинэ цирк … биш ээ … “арена”
- Циркийн засварыг анх эхлүүлэхдээ 2020 оны 7 сарын 1-нээс 11 сарын 15-ныг хүртэл буюу 4 сар хагасын хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж байв.
- Гэвч үүнээс хойш бүтэн 4 жилийн хугацаа өнгөрч, 2024 оны 7 сарын 7-нд ашиглалтад оруулна гэж “АСА” циркийн захирал Д.Дагвадорж өөрийн сошиал хаягаараа мэдэгдэж байв.
- Ийнхүү дахин нээлтийн хугацаа хойшлогдож 10 сарын 21-нд нээх байсан ч мөн л амлалтдаа хүрэлгүй эцэст нь 11 сарын 1-нд нээлтээ хийсэн байна.
- АСА арена нь 3400 хүний суудалтай, босоогоор 6000-7000 хүн хүлээн авах боломжтой аж.
- Одоогийн байдлаар “АСА” циркийн захирал Д.Дагвадорж циркчидийг байрандаа оруулах эсэх асуудалд тайлбар өгөөгүй байгаа юм.
АСА арена-гийн захирал, Их аваргад хаяглах нь…
Д.Дагвадорж 2007 онд циркийг хувьчлахдаа ажилчдад нь дараах амлалтуудыг өгч байжээ.
- Орон тоог хоёр дахин нэмэгдүүлнэ.
- Цалинг 2-3 дахин нэмэгдүүлнэ.
- Дэлхийн хэмжээнд аваачиж, хөгжлийг тодорхойлно.
- Майхан циркийг барьж, орон нутгуудаар үйлчилнэ.
Түүнчлэн 2008 оны “Гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх, хувьчлах тухай” 352 дугаар тогтоолд тусгасан
- Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах,
- Улсын циркийн жилийн нийт зардлын 30-аас доошгүй хувийг циркийн уран бүтээлийн зардалд зориулж ажиллах зэрэг нөхцөлүүдийг хангаж ажиллах үүрэгтэй юм.
Сэтгэгдэл үлдээх
нийтлэлд баярлалаа, олон хэрэгтэй зүйл мэдлээ
tse
Дэмжих үү?
1 0