УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Б.Түвшин нар төсвийн зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн билээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, А.Ундраа, Ш.Бямбасүрэн, Н.Алтанхуяг нар Засгийн газарт шаардлага хүргүүлээд буй 4 гишүүнтэй нэгдэж, дэмжин гарын үсгээ зуржээ. Түүнчлэн иргэд 2025 оны Улсын төсвийн үрэлгэн зардлаа хэмнэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардсан цахим өргөдлийг гаргаад байна.
Тэгвэл төсвийн зардлыг бууруулах талаар дэмжиж, үгээ хэлсэн “манай” талын гишүүд хэн хэн байна вэ?
2025 оны Улсын төсвийг эсэргүүцэн, байр сууриа илэрхийлсэн гишүүд
Н.Алтанхуяг
Төсвийн зарлагыг 5 их наядаар нэмээд Монгол Улсыг сүйрүүлж байна. Үүнийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч өөрчлөх хүсэл алга. Б.Жавхлан чи монголын ард түмний өмнө хариуцлага хүлээх цаг ирнэ ээ.
Д.Батбаяр
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулсан мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан бэ гэдэгт бодит үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр зарцуулах үнийн дүнг нэмэгдүүлээд байвал тэнд хяналт алдагдана.
Н.Батсүмбэрэл
Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг залуу гишүүд гарч ирж байна. Энэ бол сайн жишиг. Өмнөх 76 гишүүн шиг олон сонгогдсон МАНай намын ах нар тойрогтоо төсөв татах гэж бусдыг блоклох хэрэггүй.
П.Ганзориг
Тэрэлж рүү л гэхэд 1 км замыг 6 тэрбум төгрөгөөр тавина гээд нийт 37 км замыг 220 тэрбумаар тавихаар төсөвт оруулчихсан байна. 2025 оны төсвийн төсөлд хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдээ бодитоор дэмжих бодлого алга.
Г.Дамдинням
Төсөв тэлснээр импорт өсөх, инфляц нэмэгдэх айдас байна. Соёлын сайдаас асуухад томилолтын зардал нь 221 саяас 349 сая болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, 57 хувийн өсөлттэй байна. Энэ бол төсөв дээрх огцом өсөлт шүү дээ.
Б.Жаргалан
Хаалтын гэрээ, сургалт семинарын танхимын зардал гэх мэт эрээвэр хураавар төсвийг бусдаар гүйцэтгүүлэх ажил гэх мэт нэртэй орууллаа. Татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж, үрэлгэн төсвийг танах орон зай хомс байна даа.
Ж.Золжаргал
Төсвийн зарцуулалтыг 50 хувиар бууруулмаар байна. Илүү мөнгө, орлого хуримтлагдаад байгаа бол баялгийн сан, ирээдүйн өв сан, хөрөнгө оруулалтын сан гэх мэт сангууд руугаа оруулж байна
Ч.Лодойсамбуу
Төсвийн урсгал зардал бол товчхондоо элсэнд асгадаг ус. Тэгээд тэр зардлаа жил болгон нэмнэ гэдэг бол манайх шиг импортлогч оронд ерөөсөө л гадаад валютын ханшийн өсөлт, инфляцын өсөлт дуудаж байна гэсэн үг.
Б.Мөнхсоёл
Ирэх оны төсвийн төсөл энэ чигээрээ өндөр дүнтэй батлагдвал мөнгөний бодлого “дагаж” уялдах буюу бодлогын орон зай багасна, бизнесийн секторт олгох зээл хумигдана, зээлийн хүүг ярих ч илүүдэх биз ээ.
П.Мөнхтулга
18 тэрбумаар кино үзэх эрх тараахын оронд Дарханы арьс ширний үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж болохгүй юм уу. Малынхаа түүхий эдийг эргэлтэд оруулах нь чухал биш үү. Ард түмэн яаж ч эсэргүүцсэн 18 тэрбумыг хасах боломжгүй л болж байна.
О.Цогтгэрэл
35 их наядын төсвөөс бараг 3 дахин мөнгө хөрөнгө төрийн өмчит 122 ААН дээр байна. Эрдэнэс Таван толгойгоос бусад нь дандаа алдагдалтай, төсвөөс төрөөр угжуулдаг. Ялсан намын бодлого, шахаагаар тавигдсан голдуу хүмүүсийг шингээсээр өнөөдөр 60,000 хүн тэнд ажиллаж байна.
Г.Очирбат
2025 оны төсвийг харахад хэт үрэлгэн, хэт тансаг, хэмнэх бүрэн боломжтой төсөв гэж харж байна. Бид өөрсдөөсөө эхлэх ёстой. УИХ-ын ТГ-ын төсөв л гэхэд 2017 онд 31,5 тэрбум байсан бол 2025 онд 191,1 тэрбум болж орж ирж байна. Иймэрхүү юман дээр гишүүд өөрсдөөсөө эхлэн хэмнэх хэрэгтэй.
Б.Пунсалмаа
2010 онд 3 их наяд байсан төсөв өнөөдөр 35 их наяд. 15 жилийн хугацаанд 12 дахин өссөн. Цалин тэтгэвэр 12 дахин өссөн үү. Бид төсвийнхөө өгөөжид анхаарах хэрэгтэй байна.
П.Сайнзориг
Холбогдох байнгын хороо дэмжээгүй саналуудыг чуулган дээр босгож, 16 орчим тэрбумыг үр ашиггүй төсөл арга хэмжээнд зарцуулахаар нэг сайд улаарч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн цэцэрлэг барих мөнгийг танаж зам тавих юм байх.
Д.Цогтбаатар
2024 онд гэхэд 76 тэрбумаар гадаад томилолтод явсан байна. 2025 оны төсөв дээр томилолтын зардалд 111 тэрбум төсөвлөсөн байх юм. Төсвийн төслөө буцаагаад, хэт үрэлгэн урсгал зардлаа танаад, дахин ярилцах нь зүйтэй.
С.Цэнгүүн
Бид чухал зүйлдээ төсвөө оновчтой зарцуулж чадахгүй байсаар Монгол Улсын хөгжил гацчихсан. Хэрэгтэй, хэрэггүй олон сангуудаар дамжуулж татвар төлөгч нарын мөнгийг үр дүнгүй зарцуулдгаа болих хэрэгтэй.
Төсвийн зарлага нэмэгдсэн нь өөрөө бодит эрсдэл
Сэтгэгдэл үлдээх