Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Huawei” компанитай 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаар хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг байгуулснаа зарлав. Уг асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Анараас эхлүүлээд иргэд эсэргүүцэн, “Үндэсний Аюулгүй байдалд халдана” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Учир нь АНУ, Япон, Канад, Их Британи, Австрали, Герман, Итали, Франц, Португал, Швед, Румын, Эстони, Дани, Шинэ Зеланд зэрэг улс “үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” хэмээн тус компанид хэсэгчлэн болон бүтэн байдлаар хориг тавиад буй.
Нийтлэлийг зургаар үзээрэй.
АНУ
- 2018 оны эхээр АНУ-ын зургаан томоохон тагнуулын байгууллагаас Сенатын тагнуулын хорооны сонсголын үеэр гаргасан анхааруулгад АНУ-ын иргэдийг Huawei, ZTE компаниудын аливаа бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэйг дурдсан байна.
- Технологийн салбарын хэвлэлүүдийн хувьд Huawei болон бусад Хятадын брэндүүд хувийн нууцад ямар нэгэн байдлаар халдлага хийдэг гэх баттай нотолгоо байхгүйг мэдэгдсэн.
- 2019 оны 5 сард АНУ Хятадын Huawei, ZTE зэрэг компаниудад хориг тавьж холбооны тоног төхөөрөмж худалдах, импортлохыг хориглосон.
Австрали
- 2012 онд Австралийн харилцаа холбооны сүлжээ халдлагад өртөж, тэдний ашигладаг Huawei брэндийн төхөөрөмжид хортой код бүхий программ суулгасан гэх асуудал гарсан.
- Тус мэдээллийг 2012-2019 оны хооронд буюу 7 жилийн хугацаанд АНУ болон Австралийн үндэсний аюулгүй байдлын албанд ажиллаж байсан 20 гаруй мэргэжилтэн баталсан байдаг.
- Ийнхүү 2018 онд Австралийн засгийн газар Хятадын Huawei компанийг 5G технологид суурилсан утасгүй төхөөрөмж нийлүүлэхийг хориглосон юм.
- Тус компанийн төхөөрөмжүүд мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл учруулж, цаашлаад БНХАУ Австралийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог гэж үзсэн тул энэхүү шийдвэрийг гаргажээ.
Канад
- 2018 оны 9-р сард Канад улс “Huawei” компанийн тоног төхөөрөмжийн үндэсний аюулгүй байдалд учруулж болзошгүй аюул заналыг хянан үзэж байж нэвтрүүлэх эсэхээ шийднэ хэмээн мэдэгдсэн.
- Үүнээс хойш хэдэн жилийн дараа буюу 2022 оны 5-р сард Канад Улс Huawei-ийн 5G сүлжээг хориглосон ч, утас, чихэвч зэрэг бусад бүтээгдэхүүнийг борлуулах нь нээлттэй байхаар шийдвэрлэсэн байна.
- Өөрөөр хэлбэл, Huawei-ийн 5G сүлжээг тодорхой хэмжээнд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэж үзсэн байгаа юм.
Канад, Хятадын дунд болсон асуудал
- 2018 оны 12-р сард Huawei-ийн Санхүү хариуцсан захирал Мэн Ванжоу залилан, мөнгө угаалтын хэргээр Канадад баривчлагдсан нь Хятад, Канад хоёр улсын харилцааг хурцадмал байдалд хүргэв.
- Мэнг баривчилсны дараа Канадын хоёр иргэнийг БНХАУ-аас баривчилж, тагнуул хийсэн хэргээр буруутгажээ.
- Ийнхүү 2021 оны есдүгээр сард Канад улс Мэнг суллахад БНХАУ-д баривчлагдсан хоёр иргэнийг мөн өдөр сулласан байдаг.
- Хятад улс Мэнг баривчилсны хариуд Канадын canola үрийн импортод гурван жилийн хориг тавьж, түүнийг сулласны дараа мөн хоригийг цуцалж байжээ.
Улс орнуудын жишээнээс харвал
- Европын орнуудын тагнуулын агентлагууд “Huawei” компанийг БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй олон улсад үйл ажиллагаа явуулахдаа тагнуул хийдэг хэмээн харддаг.
- Үүнээс гадна Huawei компанийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфэй Хятадын Ардын чөлөөлөх армийн офицер байсан бөгөөд Хятадын Коммунист намд элсэж байсан нь улс орнуудыг улам болгоомжлоход хүргэж буй.
- Уг асуудлаар “Huawei” компанийн зөвлөх Марк Ньюман “Бид хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах үүрэг хүлээсэн. Бид компанийн бүх удирдлагыг өөрсдөө авсан” гэж мэдэгдэж байв.
Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдалдаа заналхийлэв үү
- 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулсан БНХАУ-ын Үндэсний тагнуулын тухай хуулийн 1-р бүлгийн 7 дахь зүйлд “Бүх байгууллага, иргэд үндэсний тагнуулын үйл ажиллагааг хуулийн дагуу дэмжиж, тусалж, хамтран ажиллаж, өөрийн мэддэг үндэсний тагнуулын ажлын нууцыг хамгаална” хэмээн заасан.
- БНХАУ Huawei компанийн бүтээгдэхүүнийг ашиглан улс орнуудыг тагнаж, чагнаж байна гэх баттай нотолгоо гаргаагүй ч дээрх хуулийн заалтад үндэслэн дэлхийн томоохон улсууд үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд тус компанид хориг тавьж, хар жагсаалтад оруулж байна.
- Гэтэл манай улсын Засгийн газрын тэргүүн нь өөрөө гүйж очоод улсынхаа цахим шилжилтийг хамтран хийхээр болсон нь “Үндэсний аюулгүй байдлаа” хорлож буй үйлдэл үү гэж хардахаар байна.
- Канад Улсын Huawei-тай үүсгэсэн асуудлаас харахад БНХАУ “ачийг ачаар, өсийг өсөөр” хариулж байгаа нь уг хамтрал ямар эрсдэлтэйг харуулж буй.
Сэтгэгдэл үлдээх