Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс НДШ авч байгааг эсэргүүцэж, хуульч Ө.Эрдэнэ-Очир, эдийн засагч С.Баярхүү нар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Иргэд, ААН-үүдээс төвлөрүүлэх НДШ-ийн 2024 онд 5.9 их наяд байсан. Гэтэл 2025 оны төсөвт 6.9 их наяд болгож, нэг их наядаар НДШ-ээс төвлөрүүлэх орлогыг нэмжээ. Энэ нэг их наяд төгрөг бол бизнес эрхлэгч, хувь хүмүүс, ААН-үүдийн нуруунд шууд ирэх ачаалал болно. Нэг их наядыг төвлөрүүлэх зорилгоор хуульд өөрчлөлт оруулсан гэх асуудлыг хөндсөн юм.
Хөлсөөр ажил хийх гэрээний дүнгээс НДШ авч байгаа хуулийг өөрчлөхгүй бол ААН-үүдийн удирдлагыг Эрүүгийн хуулиар яллах нөхцөл үүснэ.
Санхүүч С.Баярхүү "2024 оны НД-ын төсвийн тухай хууль удахгүй хэрэгжих гэж байна. Бизнес эрхлэгчид хуулийн өөрчлөлтийг анзаарах сөхөөгүй ажил хийж байна. Гэвч НДШ-ийн өрөнд орж, татварын дарамтад орж байна. Юунаас болоод энэ их өрөнд ороод байгаагаа бизнес эрхлэгчид анзаарах сөхөөгүй яваад байна. Төсвөө бүрдүүлэхийн тулд зөрчлийн ял шийтгэлээс гадна Эрүүгийн хуулийн ял шийтгэлээр захирлуудыг дарамтлах нь тодорхой байна. Иймээс энэ хуулийн зүйл, заалтыг хасуулах талаар нөлөөллийн аян үзүүлэх, шаардах хэрэгтэй байна" гэлээ.
Хуульч Ө.Эрдэнэ-Очир "НД-ын тухай хууль өнгөрсөн жил батлагдсан. Үүнээс өмнө хэлэлцүүлгийн шатанд хуульчид, санхүүчид УИХ-ын НББХ-ны холбогдох хүмүүсийг байлцуулан НДШ-ийг бизнесийн харилцаанд, ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах тэдгээртэй адилтгах гэрээний хувьд тухайн иргэнээс, ажил олгогч байгууллагаас хоёр талаас давхардуулан НДШ авч байгааг гаргаж дүгнэлт, зөвлөмж хүргүүлсэн. Гэвч энэхүү зөвлөмжийг хүлээж авалгүй наадмын өмнө хулгайн байдлаар энэ хуулийн төслийг баталсан нь одоо хэрэгжээд явж байна. Бид хууль хэрэгжсэний дараа тухайн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан ч авч хэлэлцээгүй. Тухайн хуулийн заалт нь нийгмийн даатгал нэртэйгээр хувиараа ажил гүйцэтгэгч, ажил олгогчоос давхардсан байдлаар шимтгэл авж байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх