2025 оны төсвийг 8 их наядаар тэлсэн нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж эдийн засагчид ч, УИХ-ын зарим гишүүн шүүмжилж байгаа юм. Одоогийн байдлаар улсын төсвийг үрэлгэн байна, төсөв тэллээ хэмээн шүүмжилсэн УИХ-ын гишүүний тоо 20 давсан бөгөөд тэдний ард иргэд байгаа гэсэн үг билээ. Үүнээс гадна иргэн М.Энхбадрал зардлаа хэмнэхийг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулж, нийтдээ хоёр мянга гаруй хүн дэмжээд байна.
Нийтлэлийг зургаар үзээрэй.
Засгийн газар төсвөө буцаан татах уу?
Засгийн газар 2014 онд 2015 оны төсвийн төслийг буцаан татаж байсан удаатай. Тухайн үед Эвслийн Засгийн газрын зарим сайд томилогдоогүй гэдэг шалтгаанаар МАН-аас төсвөө эргүүлэн татах шаардлага ирүүлсэн тул Засгийн газар уг шаардлагыг хүлээн авч, 2015 оны төсвийн төслийг эргүүлэн татаж байжээ.
- Иргэд нь ч, УИХ-ын гишүүд нь ч эсэргүүцэж буй 2025 оны төсвийг Засгийн газар буцаан татах нь битгий хэл, Сангийн сайд нь төсөв танахтай холбоотой асуудлыг “Би мэдэхгүй” гээд сууж байна.
- Зарим шинжээчийн үзэж буйгаар төсвийг буцаан татсан ч төсвийн цаглабарын дагуу дахин хэлэлцэхэд хуулийн хугацаа хүрэхгүй хэмээн болгоомжилж буй юм. Учир нь ирэх оны төсвийн 11-р сарын 15-наас өмнө батлах ёстой.
- Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооноос 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн билээ.
Хонгилын үзүүр дэх гэрэл
- Нэгэнт батлагдахаас аргагүй болсон ирэх оны төсвийг гацааж, анхааруулга өгөх чадамжтай нэгэн эрхэм байдаг нь Ерөнхийлөгч.
- Өөрөөр хэлбэл, хэт үрэлгэн төсөв батлагдахгүй байх эцсийн найдвар нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байх нь ээ.
- Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон хэдэн эрх байдгийн нэг нь хуульд бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавих билээ.
У.Хүрэлсүх хэрхэн супер баатар болох вэ?
- 2025 оны Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг УИХ-ын дарга ёсчилсны дараа Ерөнхийлөгчийн тамгыг газарт илгээнэ.
- Ерөнхийлөгч ийнхүү хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор хориг тавих эсэхээ шийднэ.
- Хэрэв Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд УИХ ажлын 14 хоногт багтаан хоригийг хэлэлцэх учиртай.
- Ийнхүү хэлэлцээд хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүний 66.6 хувь нь хоригийг дэмжээгүй бол тухайн хууль, тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
- Харин дэмжвэл ямар хориг тавьснаас хамааран хууль, тогтоолыг хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой.
Өөрөөр хэлбэл, эхний ээлжид Ерөнхийлөгч хориг тавих, дараа нь тавьсан хоригоо дэмжүүлэх гэсэн хоёр том ажил байна. Ингэж тэр үрэлгэн төсөв батлагдахаас сэргийлсэн ард түмний “баатар” болох боломжтой.
Өмнө нь төсөвт хориг тавьж байсан уу?
- 2009.12.14 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан.
- 2017.11.03 Ерөнхийлөгч Х.Баттулга төсөвт бүхэлд нь хориг тавив.
- 2017.12.05 Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж, зарлагын хэсэгт хориг тавив.
- 2018.11.15 Ерөнхийлөгч Х.Баттулга төсөвт бүхэлд нь хориг тавив.
- 2019.12.03 Ерөнхийлөгч Х.Баттулга төсөвт хэсэгчлэн хориг тавив.
- 2020.11.25 Ерөнхийлөгч Х.Баттулга төсөвт бүхэлд нь хориг тавьж байв. Учир нь, дэлхий дахин Ковид-19 цар тахал тархаж, ард, иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй үед 2021 оны төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй, үрэлгэн байдалтай хэмээн үзэж, тус хоригийг тавьж байжээ.
У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ хүрэх үү?
- Хамтарсан Засгийн газар байгуулагдах үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газрын буруу үйлдэлд анхнаасаа хатуу хандана” хэмээн хэлж байв.
- Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд үг дайхад “Яг тэр буруу үйлдэл чинь яг одоо л болж байна” гэж хэлье.
- Ийнхүү Ерөнхийлөгчийн хатуу хандлага ямар байдгийг 2025 оны Төсвийн тухай хууль дээр хориг тавих эсэх дээр харах л үлдлээ.
Сэтгэгдэл үлдээх