УИХ-ын чуулган Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж буй. Өнөөдрийн чуулганы ирцийн хүснэгтийг харвал А.Ариунзаяа, О.Саранчулуун, Д.Жаргалсайхан нар гадаадад томилолттой, Э.Бат-Амгалан, Р.Батболд, Б.Заяабал нар чөлөөтэй, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, С.Одонтуяа, Х.Баттулга, Х.Болормаа нар эмнэлгийн чөлөөтэй байгаа юм.
Харин С.Амарсайхан, С.Лүндэг, Д.Батбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Дам.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан, С.Эрдэнэбат, Ж.Чинбүрэн нарын гишүүд өнөөдрийн чуулганыг ТАСАЛЖЭЭ.
Гэвч 13:50 цагийн байдлаар чуулганы танхим бараг хоосон шахуу байх бөгөөд чуулганы шууд дамжуулалтаас харахад С.Ганбаатар, М.Нарантуяа-Нара, Т.Аубакир, Н.Наранбаатар, Л.Соронзонболд, Б.Батцэцэг, Х.Баасанжаргал, С.Замира, М.Ганхүлэг, П.Батчимэг, Ж.Золжаргал, Б.Мөнхтуяа, Б.Түвшин, Б.Пунсалмаа, Ц.Мөнхбат, П.Мөнхтулга, Р.Сэддорж, Ө.Шижир, Б.Жаргалан, А.Ганбаатар, А.Ундраа, Б.Батбаатар, Ч.Ундрам, С.Эрдэнэбат, Б.Хэрлэн, Б.Тулга, Ч.Номин, О.Номинчимэг, У.Отгонбаяр, О.Батнайрамдал, Д.Батлут, Н.Наранбаатар, С.Бямбацогт тэргүүтэй ихэнх гишүүд чуулганы танхим байхгүй байв.
Бараг чуулганд суугаагүй гишүүдээс илүү сууж байгаа гишүүдийг нь нэрлэвэл амар гэлтэй.
Чуулганыг ахалж байсан УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж УИХ дахь АН-ын Бүлгийн дарга О.Цогтбаатар гишүүнд хандан “Ялангуяа энэ АН-ын гишүүд бүлгийн гишүүдийн өмнө “би үг хэлнэ, би үг хэлнэ” гэж нэрээ өгчхөөд үгээ хэлэхгүй алга болчих юм. Энэ гишүүддээ арга хэмжээ авч, 2-3 удаа үг хэлэхийг нь хойшлуулах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийг чуулгандаа хүрэлцэн ирэхийг урьж байна” хэмээсэн юм.
Ийн урилга илгээсний дараа буюу 14:30 цагийн байдлаар гишүүд уварч, цувран орж ирэв. Харин санал хураалт явагдах үе буюу 14:50 цагийн байдлаар чуулганы танхим дүүрч байх жишээтэй.
Гишүүд хэлэлцэж буй асуудал бүрд хянамгай хандаж, байр сууриа илэрхийлэн, асуулт асууж, ард түмний төлөөллийн үүргээ биелүүлэх ёстой байтал ийнхүү ирцээ бүртгүүлсэн болоод л чуулганы танхимаа орхин гарч, ордноор сэлгүүцэх нь хэр зохилтой вэ. УИХ-ын даргаараа удаа дараа урьж залуулан байж, зөвхөн кноп дарах гэж чуулганы танхимаар шагай гэж гишүүн гэх сэтэр зүүлгэж, төрд илгээгээгүй шүү, түшээд ээ.
Сэтгэгдэл үлдээх