УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг өнгөрсөн баасан гарагт баталлаа. Уг хуулиар манай улс ирэх онд 35.8 их наяд төгрөг үрж, иргэд түүнийг нь "бүрдүүлж өгөх" шаардлагатай болсон. Учир нь улсын төсвийн 92.2 хувийн иргэн, ААН-ын татвар бүрдүүлнэ.
Энэ байдлыг эсэргүүцэн УИХ-ын нэр бүхий гишүүд хууль батлахаас өмнө нийт зарлагаас 3.6 их наядыг танаж болох тооцоолол хийж, Засгийн газарт хуулийн төслөө буцаан татах хүсэлт өгсөн.
Учир нь Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-т "Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хуулийн төслөө татан авч болно" хэмээн зохицуулсныг тэд үндэслэл болгосон байна.
Үүнээс гадна иргэн М.Энхбадрал төсвийг танах өргөдөл санаачилж, тэрхүү өргөдөлд 7828 хүн нэгдсэн юм.
Засгийн газар төсөв танах хүсэлттэй холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй. Яг төсөв батлагдах чухал үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байсан нь олны шүүмжлэлийг дагуулсан.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан урдуур нь орж, "Төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгээр төсвийн төсөл Хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцсэн гэж үзсэн тохиолдолд Засгийн газар буцаан татах, УИХ-аас буцаах боломжгүй. Одоо Засгийн газар төсвийн төсөл буцаан татаж авах асуудал хуульд байхгүй" хэмээн чуулганы танхимд мэдэгдсэн. Түүний ойлгуулснаар төсвийн төслийг тусгай дэгээр хэлэлцдэг тул ийнхүү буцаан татах асуудал байхгүй хэмээж байв.
Гэтэл УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийн есдүгээр бүлэгт уг асуудлыг журамласан байна.
Шалгаж үзэхэд, тус хуулийн есдүгээр бүлэг буюу Улсын төсөв, түүний гүйцэтгэлийг хэлэлцэх журамд Засгийн газар аль нэг шатанд төсвийн төслийг буцаан татаж болохгүй гэсэн хязгаарлалт огт алга.
Засгийн газар хуулийн төслийг буцаан татах боломжтой байхад УИХ-ын дарга өндөр индрээсээ дур мэдэн нэмж тайлбарласан болж таарч байна. Хэдийгээр энэ сарын 15-ны дотор төсөв батлах хариуцлага парламентад байгаа ч хууль, зарчмаа баримталж, иргэдийн ачаанаас бага ч гэсэн хөнгөлөх боломжийг ийнхүү "сүйтгэжээ".
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд 7 хуулийн зөвлөхтэй. Түүнээс гадна УИХ-ын Тамгын газар хэмээх хууль батлахтай холбоотой бүх ажлыг хийдэг байгууллага түүний удирдлагад ажиллаж буй энэ үед хуулийг буруу тайлбарлаж буй нь түүний зөвлөхүүд нь хэр ажиллаж байгааг, УИХ-ын тамгын газар ажлаа хэр хийж байгааг бэлхнээ харуулж байна.
Парламент, шүүх, Засгийн газар бол нэгнээсээ хараат бус орших ёстой институтууд. Гэвч парламентын тэргүүн нь утсан хүүхэлдэй мэт аашилж, ийнхүү Засгийн газраа худал үгээр өмөөрч хамгаалж байгаа нь зүйд нийцэхгүй. Бүр хүндэрвэл, Үндсэн хуулийн зөрчил болох аюултай билээ.
Сэтгэгдэл үлдээх