Одоогоос 4 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс коронавируст цар тахлыг дотооддоо алдсан. Тодруулбал, Алтанбулаг боомтоор хил нэвтэрч, “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч Д-ээс коронавирусийн халдвар илэрч, тухайн хүний ойрын хавьтал болсон 24 хүнийг тусгаарлав. Иргэн Д нь 2020 оны 11 сарын 8-нд UB palace-д болсон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн "Хархан нүдэн" тоглолтыг үзсэн байсан бөгөөд үүнийг мэдсэн албаныхан тус тоглолтыг үзсэн 3 мянга орчим хүнийг яаралтай шинжилгээ өгөх шаардлагатайг зарлаж байв.
Ийнхүү 2020 оны 11 сарын 11-ний энэ өдөр Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарган “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэн.
Үүнээс хойш Монгол Улсад 1,011,496 ковидын тохиолдол бүртгэгдэж, 2284 хүн ковидын улмаас амь эрстэн, 1,008,991 хүн эдгэрээд байна.
Ковидын төсөв - Засгийн газар
- 2020 оны 4 дүгээр сард “Коронавируст цар тахлын эсрэг 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр” танилцуулж 10 дугаар сард зарим арга хэмжээний хэрэгжих хугацааг сунгасан.
- 2021 оны 2 дугаар сард “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлэхээр зарласан.
- Мөн 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 4, 5 дугаар сард дээрх хөтөлбөр, төлөвлөгөөнд тусаагүй цахилгаан, дулаан, усны төлбөрийг төр хариуцах, иргэн бүрд 300 мянган төгрөг олгох, вакцин хийлгэсэн иргэн бүрд 50 мянган төгрөг олгох гэх мэт шийдвэрүүдийг Засгийн газар гаргасан байдаг.
- Монгол Улс 2020-2022 онд цар тахлын эсрэг арга хэмжээнд 11.2 их наяд төгрөг зарцуулсан гэж үздэг. Энэ нь өнөөгийн ханшаар Чингис бондын 1.5 тэрбум ам.доллароос хоёр дахин өндөр дүн юм.
- Эрүүл мэндийн яам цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд 2020-2021 онд нийт 92.5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн.
- Онцгой байдлын ерөнхий газар цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд 2020-2021 онд нийт 10.22 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
- Хоёр байгууллага л тус бүрдээ ийм хэмжээний зардал гаргаж, ковидтой тэмцсэн байхад харьяа яамд, төрийн байгууллагуудын гаргасан зардал хэд болох нь тодорхойгүй.
Ковидод 20 их наяд гэнэ үү?
2023 оны 10 сарын 23-нд коронавируст халдварын цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол болсон. Энэ үеэр АН-ын төлөөллүүд ковидод 20 их наяд төгрөг зарцуулсан тухай шүүмжилсэн юм.
АН-ын гаргаж ирсэн 20 их наядын төсвийн тайлбарт Сангийн сайд Б.Жавхлан тайлбар хийсэн. Тэрбээр “Татвар болон эрчим хүчний хөнгөлөлтөд нийт 6.7, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөрт 10 их наяд төгрөгийг зарцуулсан. Бусад зээл, тусламж, төсвийн арга хэмжээ гэх мэт зүйлсийг оролцуулаад нийт 20 орчим их наяд төгрөг гэх тоог хэлсэн юм болов уу гэж ойлгосон" гэх хариуг өгсөн байдаг.
Зардлаа нэгтгэж чадахааргүй зардал гаргачхав уу?
- Сангийн яамны мэдээлснээр 2020 онд Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор 532 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл, 1.8 их наяд
- 116 сая ам.долларын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн гэрээ байгуулснаас оны эцсийн байдлаар 88 хувийг авч ашиглажээ. 394,4 тэрбум
- Үүний зэрэгцээ тус яамны мэдээллээс тооцож үзвэл, өнгөрсөн онд ойролцоогоор 28 сая ам.долларын буцалтгүй тусламжийг гадаад улсын засгийн газар, олон улсын байгууллагуудаас хүлээж авчээ. 95,2 тэрбум
- Дээрэхээс харахад 2020 онд Засгийн газраас 1.8 их наяд, зээл, тусламж, санхүүжилтээс 489.6 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Хэн хэн яасан гэнэ үү?
Энэ үеэр хамгийн өндөр дүнтэй ажил, бараа, үйлчилгээ нийлүүлсэн компаниуд дунд улстөрчдийн хамаарал бүхий хэд хэдэн компани байгаа юм. Тодруулбал,
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн "Хурд Авто" ХХК 689 сая төгрөгөөр ОХУ-д үйлдвэрлэгдсэн 3 ширхэг УАЗ-Хантер, 17 ширхэг УАЗ-Пургон буюу нийт 20 автомашин;
- БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядагийн "Мед Импекс Интернэшнл" ХХК 3.17 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тоног төхөөрөмж;
- УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий "Монгол эм импекс концерн" ХХК 3.85 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ковидын эсрэг эм;
- УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн хамаарал бүхий "Монос Трейд" ХХК, "Моносфарм Трейд" ХХК, "Энхийн шүүдэр" ХХК-иуд 5.32 тэрбум төгрөгийн амны хаалт, вирусийн эсрэг эм
- Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий "Милл Хаус" ХХК 612 сая төгрөгийн гурилыг улсын нөөцөд нийлүүлсэн,
- УИХ-ын гишүүн бөгөөд Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн хамаарал бүхий "Стимо" ХХК 2021 онд улсын нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд 52.2 сая төгрөгөөр цай,
- УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хамаарал бүхий "Альфа инжиниринг инвест" ХХК 2021 онд 133.2 сая төгрөгөөр ковидын түргэвчилсэн оношлуур тус тус нийлүүлсэн байна.
Төсвийн зарцуулалт нь эцэслэгдээгүй Ковид
- Сангийн Яам Ковид-19 цар тахлын үед 11.2 их наяд төгрөг зарцуулснаас 13%-ийг нь эрүүл мэндийн салбарт зарцуулсан гэж тайлагнасан байдаг.
- Тухайн үед нэг хүнийг эмчлэхэд 8 сая төгрөг зарцуулж байсан ч удалгүй 160 мянган төгрөг, улмаар 70 мянга болж багассан.
- Ковид-19 цар тахлын үед ЭМЯ 3 сайд дамжчихсан учир ковидын эмчилгээний төсөвт нарийн тооцоо гаргасан баримт ЭМЯ-нд байхгүй.
- Нэг тун вакцины дундаж үнэ 12,5 доллар. Манай улс 73 сая доллароор 8,620,150 тун вакцин худалдан авсан ч бүгдийг нь хэрэглээгүй. Агуулахад байгаа вакцины хадгалах хугацаа дууссан учраас устгалд оруулсан.
- Эцэст нь сөрөг хүчин болох УИХ дахь АН-ын бүлгээс КОВИД-19 цар тахлын орлого, зарлагыг нийтэд ил болгох асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийнэ, хийхгүй гэж шуугиан тарьсны эцэст 2023 оны 10 сарын 23-нд сонсголыг эхлүүлсэн.
- Гэтэл сонсголоор ямар ч үр дүн гаргалгүй, сонсголоо ч бүрэн дуусгалгүй төгсгөсөн байдаг.
Сэтгэгдэл үлдээх