Улаанбаатар хотын авто замын ачаалал бууруулахаар хүний эрхийг хязгаарласан хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлж буй.
Тэдний нэг нь орон нутгийн дугаартай автомашин Улаанбаатар хотод зорчиход 48-ийн дотор 1000 төгрөг, түүнээс дээш цаг болоход хоног тутам 5000 төгрөгөөр торгох зохицуулалт.
Уг зохицуулалтыг НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сарын 7-нд 02 дугаартай тогтоолоор журамлажээ. Энэ хэм хэмжээний актыг Хууль зүйн яамнаас бүртгэж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бол биелэлтийг нь Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцаж байгаа аж.
Нийслэлийн замын хөгжлийн газраас тодруулахад, уг журам есдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Одоогоор хэдэн хүн торгуулж, нийт торгуулийн төлөлт хэр байгааг эргэж мэдээлье гэсэн юм.
Мөн энэ сарын 8-аас эхлэн автомашины хотын дугаарыг гарааштай байх, оноо цуглуулах гэх мэт шалгуураар олгох болсон. Уг зхицуулалт Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу хэрэгжиж байна.
Уг асуудалтай холбоотойгоор хүний эрх зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаа бизнес эрхлэгчид өчигдөр (2024.11.12) мэдэгдсэн.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д иргэн "улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох... эрхтэй" хэмээн заасан байдаг.
Иргэдийн зүгээс хотын дугаар олгохгүй, орон нутгийн дугаартай явахаар торгоно гэж байгаа нь илт хүний эрхийн зөрчсөн үйлдэл хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм.
Эрх баригчид энэ мэт зөвхөн иргэдийн эрхийг хязгаарлах, хорих гэсэн шийдэлтэй байгаа нь олны шүүмжлэл дагуулаад буй. Ганцхан сарын өмнө хотоо, орон нутгаа хөгжүүлэх өөрсдийн төлөөлөгчийг сонгож, тэдэнд эрх мэдлээ шилжүүлсэн иргэдийн итгэл ийнхүү “хөсөрдөж” байна.
Сэтгэгдэл үлдээх