Утааны тухай бидний мартсан баримтууд

Ж.Номин
2024-11-13

Утаатай тэмцсэн онцлох үйл явдлууд

  • 2011 он -  Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулан, “Утаагүй зуух” тарааж эхлэв.
  • 2016.12.26 - Утааны эсрэг ээж аавууд анх удаа жагсав.
  • 2017.01.10 - Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс нийслэлийн агаар, орчны бохирдол гамшгийн түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрөв.
  • 2017.03 сар - Засгийн газраас “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг яаравчлан баталж, 10 орчим их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөв. 
  • 2017.11.10 - “Утааны эсрэг ээж аавууд” ТББ Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулав.
  • 2018 он - Засгийн газраас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох” тогтоол гаргав.
  • 2018.05 сар - Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулав.
  • 2019.05.15 - 62-р тогтоол хэрэгжиж, түүхий нүүрсийг албан ёсоор хориглон, сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлэв.
  • 2020.01.13 - Угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж эхлэв.

Утаатай тэмцэхэд зарцуулсан гэх төсвүүд

  • 2010 онд УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “гурван жилийн хугацаанд утааг арилгахын тулд улсын болон орон нутгийн төсвөөс 8.7 тэрбум төгрөг баталж, 8.2 тэрбумыг санхүүжилтэд гаргасан” гэж мэдээлэв. 
  • Гэвч агаарын бохирдол 2007 оноос хойш 28 хувиар нэмэгдсэн гэх судалгаа гарсан байдаг.

2008-2020 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 1.1 их наяд төгрөг зарцуулсан гэх мэдээлэл бий.

  1. Улсын төсвийн урсгал зардлаас 413.2 тэрбум, 
  2. Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум,
  3. АХБ, Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ болон бусад зээлээр 524.9 тэрбум,
  4. Буцалтгүй тусламж 48.6 сая доллар /165.2 тэрбум/
  • 2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр батлуулж, 670 тэрбум төгрөг төсөвлөсөн.  
  • “Тавантолгой түлш” ХХК-ийн гол санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргасан бөгөөд 15 удаагийн гэрээгээр 1.1 их наяд төгрөг өгсөн байна. 

Их наядаар нь төсөвлөсөн тэмцлийн үр дүн

  • “Утаагүй зуух” төсөл хэрэгжсэнээс хойш 2014-2016 онд нийт 45 хүн гэртээ угаартаж нас барсан.
  • 2017 онд 34, 2018 онд 30 хүн угаарын хийд хордсон байдаг.  
  • Сайжруулсан шахмал түлш түлсэн 6 жилийн хугацаанд 11.126 хүн угаартсан гэх тоог НЭМҮТ-өөс гаргасан. 
  • Харин сайжруулсан шахмал түлш түлснээс хойш угаартаж нас барсан иргэдийн тоо тодорхойгүй буюу 129, 745, 3163 гэхчлэн янз бүрийн тоо гарч ирж байгаа юм.
  • Үүнээс харахад угаартаж нас барсан иргэдийн тоог дардаг, нуудаг гэх олон нийтийн таамаг ортой ч юм шиг. 

Улс орнуудын жишээ

Их британи 

  • 1952 оны их утааны улмаас 12.000 хүн амиа алдсан. 
  • 1956 онд гарсан “Цэвэр агаар тогтоол” /Clean Air Act/ олон мянган Лондончуудын амийг авч одсон хорт утаанаас салгаж чадсан байна.
  • Уг тогтоол нь ямар ч байшингийн яндангаас хорт утаа гаргахыг хориглосон бөгөөд зөрчвөл хатуу хариуцлага хүлээлгэх заалттай байв.

БНХАУ

  • Дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч буюу 100 м өндөртэй цамхгийг барьж, Шиань хотын агаарын чанар 10 кв.км талбайд мэдэгдэхүйц сайжирч, PM2.5 тоосонцрын хэмжээ 15 хувиар буурсан.
  • 2018 онд агаарын бохирдол ялгаруулж буй 553 төрлийн автомашиныг хориглох шийдвэр гаргаж цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашиныг хэрэглээг нэмсэн.
  • 200 орчим “ногоон барилга барьж, агаарын бохирдол, утаа, тоосонцроо багасгасан.
  • Дэлхийн хамгийн анхны ойн хот болон хамгийн том нарны зайн хөвөгч байгууламжийг бүтээж, агаарын бохирдолтой тэмцэж байна. 
  • 2022 онд 5.8 сая шавар байшингийн оршин суугчдыг орон сууцанд хамруулжээ. 

Инээх үү, уйлах уу

  • Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү 2019 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. 
  • “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн гэх 29 хүн нь өөрсдөдөө цалин урамшуулал нэрийдлээр 1.1 тэрбум төгрөг олгосон байдаг. 
  • Ц.Пүрэвхүүгийн тухайд ажиллаж байх хугацаандаа буюу 2019-2021 онд 78.7 сая төгрөгөөр “утаа бууруулсан“ гэж өөрийгөө шагнаж байв.
  • 2021 онд түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх”-өөрөө томилов. 
  • НИТХ-ын дарга, "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан 2018-2023 оны хооронд өөрийгөө 64 сая төгрөгөөр шагнаж, урамшуулж байжээ.

Эмгэнэлтэй судалгаа

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас “Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа” тайлангаа 2024 оны 9 сард гаргажээ. 

Онцлох нь: 

  • Монголд орчны (ААP) болон өрхийн (HAP) агаарын бохирдлын улмаас жил бүр 7150 хүн нас барж, 1.5 тэрбум ам.доллар (4.8 их наяд төгрөг) буюу ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол, алдагдал бий болж байна.
  • Улсын хэмжээнд 2024 онд 2839 хүн нас барсан нь зөвхөн PM2.5 агаар бохирдуулагчаас үүдэлтэй гэж тооцоолжээ. 
  • 2024 онд хүрээлэн буй орчны агаарын бохирдлын эдийн засгийн зардал, хохирол 269 сая ам.доллар (905 тэрбум төгрөг) буюу ДНБ-ий 2.4 хувь байна.
  • 2022 онд Монгол Улсад өрхийн агаарын бохирдлын улмаас нас барсан (5 голлох өвчнөөр) хүний тоо 4,350-д хүрчээ. 
  • Үүн дотроо цус харвалт, IHD өвчнөөр хамгийн олон нас баралт шалтгаалжээ байна. 

НҮБ-ээс юу гэж зөвлөв?

Гадаад орчны агаарын бохирдлын эсрэг 2055 он хүртэл тодорхой арга хэмжээ авч,  хөрөнгө оруулалт хийснээр 2.3 их наяд төгрөгийн эдийн засгийн алдагдлаас сэргийлж, 11,000  гаруй хүний амь насыг аварна. 

Үүний тулд:

  • Нүүрсэн галлагаатай зуухыг цахилгаан эсвэл хийн эх үүсвэрээр солих
  • Цахилгаан станцуудад технологийн шинэчлэл хийх
  • Энгийн галлагаатай зуухны хэрэглээг бууруулах
  • Зам, тээврээс ялгарч буй бохирдлыг бууруулах

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe