Усны газрын дарга З.Батбаяр Туул голд хийсэн шинжилгээний дүнг танилцуулж, ноцтой анхааруулгуудыг өглөө.
Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжаас доош байрлах Туул голын урсцад 380 мянга куб.метр гаруй хагшаас байна гэх тооцоо гарчээ. Хагшаас бол Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэлгүй гарч байгаа хүний ялгадасны үлдэгдэл гэж ойлгоход болно. Тус хагшаасыг бүтэн гурван жил ажиллаж байж цэвэрлэх боломжтой аж. Ийнхүү Туул голоос дээж авч шинжилгээ хийхэд гэдэсний савханцар нян илэрчээ.
Гэдэсний савханцар бол хүний өтгөнөөс ялгарч гардаг нян.
Гэдэсний савханцар хаанаас үүдэлтэй вэ?
Улаанбаатарт 17 мянган худаг байна. Гэтэл 680 мянган нүхэн жорлон бий. Харьцуулбал нэг худгийг тойроод 40 жорлон байгаа тул дахиж худаг гаргаад хэрэггүй болжээ. Мөн нүхэн жорлонгийн тоог нэн даруй багасгахгүй бол аюул үргэлжилсээр байна. Байшин барих гэж байгаа бол эхлээд цэвэр, бохир усныхаа шугамыг татах хэрэгтэй. Автомашинтай явахад санаатай, санаандгүй байдлаар борооны тогтоол усыг хүн рүү цацдаг. Энэ нь гэдэсний савханцар хорхойг бие, бие рүүгээ цацаж байна гэсэн үг.
Усны газрын дарга З.Батбаяр “Улаанбаатар хотод задгай усанд орохгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Учир нь Туул гол, Сэлбэ гол, Улиастай гол гээд бүх задгай уснаас гэдэсний савханцар нян илэрч байна. Тэгэхээр Туул голын эрэг дээр шорлог зарж байгаа газраас битгий хоол, хүнс авахгүй байхыг уриалж байна” гэв.
Ундны усны чанарыг УСУГ-аас лавлахад “ундны ус чанарын шаардлага бүрэн хангаж байгаа” гэж мэдээлсэн байна.
Түүнчлэн гэдэсний савханцар ихэссэнтэй холбогдуулан савласан усны борлуулалт нэмэгдсэн. Ийнхүү 19 төрлийн савласан уснаас дээж авч шинжлэхэд ноцтой хэмжээний аюул илрээгүй байна.
Одоогоор савласан устай холбоотой MNS 5007:2022 гэх эрдэслэг цэвэр усны стандарт, MNS 6955:2021 гэх байгалийн эрдэст усны стандарт мөрдөгдөж байгаа. Гэтэл энэ 19 төрлийн усны 3 нь л стандартаас зөрөөгүй бол үлдсэн 16 ус нь стандартын маш бага зөрүүтэй байна. Ундны ус нь стандартад юу гэж заасан байна яг л түүнийгээ дагаж мөрдсөн байх ёстой.
5-6 усны савлагаанд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа усны стандарт бус хүчингүй болчихсон 2007 оны стандартын дугаарыг тавьчихсан байх аж.
Тэрбээр үргэлжлүүлэн “Улирал тутамд савласан усанд шинжилгээ хийх бөгөөд энэ удаад ерөнхийд нь анхааруулж хэлсэн бол дараагийн удаа шаардлага хангахгүй компаниудыг зарлана. Бараг бүх компаниуд крантны усыг шүүж, савлаж зарж байгаа нь үнэн тул үүнд анхааралтай хандах хэрэгтэй” гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх