Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар төрийн албан хаагчийн ёс зүйн хэд хэдэн хэм хэмжээг "зөрчсөн" үг хэллээ.
Тэр НИТХ-ын өнөөдөр(2024.11.15) болсон анхдугаар хуралдааны үеэр "Дугаар зогсоож байгаатай холбоотой асуудлууд яригдаж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аар хууль нь батлагдсан шүү дээ. Одоо тэгээд жилийн дараа манай ченжүүд хэдэн төгрөг цуглуулаад л би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг зарчмаар намайг огцруулах акц хийж байна гэсэн.
Би айж, ичээд байх зүйлгүй. Хууль батлагдсан. Би өөрөө хууль зөрчиж болохгүй. НИТХ дээрх хуулийн дагуу журам баталсан. Би хэдэн халтар төгрөг цуглуулсан нэг муу хэдэн ченжүүдээс айхгүй. Энэ хүмүүс монгол төгрөгийг хамгийн их гадагшлуулж байгаа. Сүүлийн жилүүдэд иений ханш 25 хувиар унасан. Ханшны сулралтай холбоотойгоор 2024 онд 140 мянган машин оруулж ирсэн.
Бид хичнээн метро, тойрог зам бариад жил бүр 140 мянган машин хотод явах зам байхгүй. Дээр нь ченжүүд 1 тэрбум ам.долларыг гадагшлуулж байгаа. Нөгөө муу нэртэй, луу данстай уул уурхайгаас орж ирсэн Монгол Улсын валютын нөөцийг, өчнөөн жил ард иргэдээ шулж амьдарлаа. Чаддаг юм бол энд ирээд жагсаал, суулт хийл дээ. Би өөрсдөд нь хэлье. Би ч гэсэн хэл, амтай хэвлэл мэдээлэлд хэлэх үгтэй, баримт, тооцоо судалгаатай байгаа шүү" гэв.
Ийнхүү хэлсэн нь олон нийтийн эсэргүүцлийг төрүүлээд зогсохгүй хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн шинжтэй байж болзошгүй байна.
Нэгдүгээрт, "халтар" хэмээн монгол төгрөгийг тодотгосон нь цалингаас цалингийн хооронд, амьжиргаагаа арай ядан залгуулж буй иргэдээс хол тасарч, мөнгөний үнэ цэнийг төдий чинээ тоохоо байсныг нь харуулж байна хэмээн олон нийт шүүмжлээд буй.
Хоёрдугаарт, машин худалдан борлуулдаг иргэдийг "нэг муу" хэмээн дорд үзсэн хандлага нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.2.3.хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах хэмээсэн хориглох заалтыг зөрчсөн байж магадгүй байгаа юм. Учир нь тухайн бизнес эрхлэгчдийн хувийн буюу эрхэлж буй албан тушаалаар нь ийнхүү шошголох нь зохисгүй үйлдэл хэмээн хардагдаж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд "хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй" хэмээн тусгасан байдаг.
Гуравдугаарт, "чаддаг юм бол ирээд жагсаал, суулт хий л дээ" хэмээсэн нь тэднийг өдөөн турхирсан, басамжилсан өнгө аястай байгаа юм. Энэ нь мөн хуулийн 8.1.4.бусдын ажил хэрэгч саналыг үл хайхрах, мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх гэснийг мөн зөрчсөн байж болзошгүй. Учир нь тухайн бизнес эрхлэгчид нь НЗДТГ-т хүсэлт хүргүүлэн, холбогдох журамд хүний эрх зөрчсөн байж болохуйц зарим хэм хэмжээг арилгах, засах саналтай байгаагаа удаа дараа илэрхийлээд байгаа юм.
Төрийн чухал албан тушаал эрхэлдэг хүн ийнхүү албан ёсны хуралдаанаар ийн хэсэг бүлэг хүмүүст хандсан, өдөөн турхирсан, басамжилсан үг хэлэх нь эгэл жирийн иргэдийн нүдээр "муухай" харагдах нь аргагүй биз.
Сэтгэгдэл үлдээх
Хэдөн халтар төгрөг олчих гээд түгжирч угаартөж амтдарч бн даа
Номин
Дэмжих үү?
0 0