Энэтхэгт агаарын бохирдлын улмаас бага сургуулиудыг хаажээ

Ж.Номин
2024-11-20

Агаарын бохирдлын улмаас Энэтхэгийн нийслэлийн “Шинэ Дели” хотын бүх бага сургуулиуд хаагдахаар болсон бөгөөд тус улсын ерөнхий сайд Атиши Марлена Сингх X сайтад нийтэлсэн нийтлэлдээ, хотыг бүрхсэн өтгөн утааны улмаас бага сургуулиуд онлайнаар хичээллэх шийдвэрийг гаргалаа хэмээн мэдэгдсэн.

Тодруулбал, Дели болон ойр орчмын хотуудад хүмүүсийн эрүүл мэндэд аюултай гэж үзсэн бохирдлын түвшин ажиглагдсан бөгөөд агаарт байгаа нарийн ширхэгтэй тоосонцор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  аюулгүй гэж үздэг хэмжээнээс 60 дахин их байгаа аж. 

IQAir-н статистикаас харахад Шинэ Дели хотын агаарын бохирдол 449 буюу “Маш их бохирдолтой” байгаа юм. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээ аж. Түүнчлэн агаарын бохирдлоороо дэлхийн улс орнуудаас тэргүүлж байна.

Харин Улаанбаатар хотын хувьд хамгийн их агаарын бохирдолтой хотуудаас 4-рт орж байгаа бөгөөд бохирдлын хэмжээ 275 буюу “Бохирдолтой” гэх ангилалд багтжээ.

“Бохирдолтой” гэх ангилалд байгаа ч PM2.5 тоосонцор нь ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс 40 дахин их байгаа юм. 

Шинэ Дели хотын агаарын бохирдлын хэмжээ нь зүрх судас, амьсгалын замын өвчлөл үүсгэж болохоос гадна бага насны хүүхдийн хөгжлийг удаашруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Одоогоор Дели хотын оршин суугчдын нүд аргаж, амьсгалахад хүндрэлтэй байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлээд байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe