Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн тавьсан төсвийн хоригийг УИХ хүлээж авна гэж бодож байна. Засгийн газрын хувьд ч шинэ УИХ анхныхаа төсвийг цаашид төсвийн бодлогын дагуу алдагдалгүй батална гэх хандлагыг эергээр хүлээж авч байна.
Засгийн газрын зүгээс алдагдалгүй төсөв батлах тооцоо хийх боломж бий.
Засгийн газар 2028 он хүртэл богино хугацааны мөрийн хөтөлбөрийг батлуулсан. Үүнд нэлээн амбицтай, томоохон зорилтууд, хөгжлийн бүтээн байгуулалт, 1 хүнд ноогдох үндэсний орлогоо 10 мянган доллар хүргэх гэх мэт олон том зорилтуудыг тавьсан. Мөрийн хөтөлбөрийн дээрх зорилтууддаа хүрэхийн тулд эхний төсвөө дэд бүтэц, дэд бүтэц гэсэн төсвийг өргөн барьсан. Мөн 2025 онд тойргууд дээр жижиг хөрөнгө оруулалт тавихгүй, нэг удаа үүнийгээ тэвчье гэсэн бодлогоор төсвөө барьсан. Хэрэв УИХ дээр төсөв алдагдалгүй байх ёстой гэж үзвэл Засгийн газар тооцооллоо эргэн харна.
2025 оны төсөв 2 хувийн алдагдалтай байгаа нь хуулийн тусгай шаардлагын хүрээнд үүссэн.
Мөн бид 4 жилийн өмнө буюу ковидын үеэр төсвийн алдагдал 8.4 хувьд хүрснийг мартаж болохгүй. 4 жилийн хугацаанд 2 хувь руу орсон байна. Хэрэв алдагдалгүй төсөв батлах ёстой гэвэл бид үйл ажиллагаагаа танах, хөрөнгө оруулалтаа царцаах шаардлага гарна.
Мөн энэ жилийн төсвийн 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа урсгал зардал байгаа. Тухайлбал, цалин, тэтгэвэр, тэтгэмж, үнийн өсөлттэй холбоотой өсөлтүүд, хууль хүчний байгууллагатай холбоотой бие даасан хуулийн дагуу орж ирж байгаа зардлын өсөлтүүд, боловсролын салбарт хийгдсэн багц хуультай холбоотой зардлууд гэх мэтийг эргэж харах нөхцөл байдал үүснэ.
Түүнчлэн төсвийн хэлэлцүүлгийн үед ярьж байсан томилолтын зардал, соёлын ваучер зэргийн дүнгүүд нь алдагдалгүй төсөв батлахад маш бага хувийг эзэлнэ. Тиймээс алдагдалгүй төсөв батлахын тулд Засгийн газар маш их таналт хийх шаардлага гарна. Үүнд бид бэлтгэлтэй байгаа бөгөөд нэлээдгүй тооцоо судалгааг хийсэн.
Маргааш, нөгөөдөр УИХ-аар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх талаар хэлэлцэгдэнэ. Хүлээж авна гэж би хувьдаа бодож байна. Хоригийг хүлээж авбал Засгийн газар нааштай хүлээж авч, тодорхой өөрчлөлтүүдийг хийхэд санаачилгатай ажиллана.
Төсөв бол төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, тасалдуулах байх үндсэн үүрэгтэй байдаг. Тийм учир өдөр тутмын үйл ажиллагаанаас эхлээд хасаж болох, танаж болох горимд шилжинэ.
2.1-2.2 их наядын зардлын таналт хийж байж алдагдалгүй төсөв батална.
Дахин тодруулж хэлэхэд, ирэх жилийн төсөв 5,3 их наядаар өсөлттэй байгаа. Үүний 1.7 их наяд нь хөрөнгө оруулалт. Үлдсэн 3.5 их наядын 2.5 нь салбар салбарын хуульд орсон өөрчлөлтөөр шууд нэмэгдэж байгаа зардлууд байгаа.
Тэгэхээр төсвийн 1 төгрөг болгоныг үр дүнтэй болгохын тулд салбар салбарын амбиц дагасан зардлыг танана.
34 төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд байгаа. Тэгэхээр үйл ажиллагааг сугалж танах нь оновчтой зүйл биш. Тиймээс үйл ажиллагааны урсгал зардлаас жигд таналт хийх урьдчилсан тооцоолол хийсэн. УИХ хоригийг хүлээн авбал Засгийн газар тоонуудаа эцэслэж гаргана.
Төсвийн орлоготой холбоотой эрсдэлтэй асуудал үүсээгүй. Харин зардал, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд яригдаж байгаа тул 1.7 их наядын хөрөнгө оруулалтаа эрэмбэлж, танана. Бараг тал нь хасагдах байх. Дараа нь урсгал зардал руугаа орно. Урсгал зардал бол бүх шатны нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой байдаг тул хамгийн сүүлд нь урсгал зардал руугаа орох юм.
Төсвийн зардлыг танаснаар макро тэнцвэр талдаа сөрөг дарамт багасах хэдий ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтууд маань ухрах талтай. Түүнчлэн нэг удаа ингээд төсвийн алдагдалгүй баталбал цаашид ч төсвөө алдагдалгүй батлах тал дээр илүү нямбай төлөвлөх хандлага руу орно" гэв.
Сэтгэгдэл үлдээх