Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль яагаад хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байна вэ

.Graph
2024-11-20

УИХ-ын даргын тушаалаар жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг гарсан. Олон жилийн хугацаанд маргаантай явсан энэ асуудалд өндөр мэдрэмжтэй, ямар нэг ашиг сонирхол шингээгүй зохицуулалт хэрэгтэй.

Нэгдүгээрт, одоо мөрдөгдөж байгаа Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль нь үндсэн хуулинд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй зөрчилдэж байна гэх асуудал. Тус хуулийн 9 дүгээр зүйлд гудамж талбайд жагсаал цуглаан хийхээр төлөвлөсөн газар нутгийнхаа Засаг даргад мэдэгдэл хүргүүлнэ. Тухайн Засаг дарга мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор бүртгэсэн эсэхээ бичгээр эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ гэсэн зохицуулалт бий.

9 дүгээр зүйл. Жагсаал, цуглаан хийх журам

  1. Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ.
  2. Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана.
  3. Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

Энэ зохицуулалтын гол зорилго нь тухайн жагсаал цуглааныг хориглосон газар хийх эсэхийг нягтална.

Жагсаал, цуглаан хийхийг хориглосон газар:

  1. Нисэх онгоцны буудал
  2. Төмөр замын бүх өртөө, буудал
  3. Нийслэлийн зорчигч тээврийн төв буудал
  4. Цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар
  5. Радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага
  6. Аймаг, нийслэл дэх төв холбооны газар
  7. Олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага
  8. Хот суурин газрын хүнсний болон барааны зах, эмнэлгийн байгууллага
  9. Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэг
  10. Төрийн тусгай хамгаалалтын байнгын бүс

Мөн хориглосон агуулгаар жагсах эсэхийг шалгах зорилготой.

Жагсаал, цуглаан хийхийг хориглосон агуулга:

  1. Дайн сурталчлах
  2. Үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах
  3. Аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах
  4. Үүндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох

Товчхондоо жагсаал цуглааныг бүртгүүлж байх тухай хуулийн зохицуулалт бүхэлдээ буруу биш гэдэг нь зорилгоос нь дүгнэж болно.

Тэгвэл энэ хуулийн зохицуулалт нь яагаад хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх үндсэн хуулинд заасан эрхийг зөрчиж байна гэх маргаан үүсгэж байгааг одоо тайлбарлая. Учир нь тухайн орон нутгийн Засаг дарга жагсаал цуглаан хийх мэдэгдлийг хүлээж авсан эсвэл авахгүй гэх шийдвэрээ эргэн танилцуулах хугацаа байхгүй. Үүнээс болж хүлээж ядсан жагсагчид болон цагдаа нарын хооронд зөрчил үүсдэг.

Хэрэв хуулинд хориглосон зохицуулалт байхгүй бол ийм хугацаанд жагсаал цуглааныг бүртгэсэн талаар хариу өгч, холбогдох байгууллагууд аюулгүй байдлыг хангахыг үүрэгжүүлээд өгчихвөл үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байна гэх асуудал шийдэгдэнэ.

Хоёрдугаарт, тус хуулийн өөрчлөлтийн хүрээнд дагалдуулж төрийн албаны тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлага бий. Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 39-р зүйлийн 39.1.14-т төрийн албан хаагч төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараахыг хориглосон заалт бий. Энэ нь төрийн албан хаагч үндсэн хуулинд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж чадахгүй байдалд хүргэж байгаа.

39 дүгээр зүйл.Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл                      

39.1.14.төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараах;

Товчхондоо жагсаал, цуглаан хийх тухай журмын тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэг энэ гол заалтуудыг заавал өөрчилж, үндсэн хуулинд нийцүүлэх шаардлагатай гэсэн үг. Хэрэв энэ өөрчлөлтийг хийхгүй бол УИХ энэ асуудлыг шийдэх бус анхаарал хандуулсан дүр үзүүлж байна гэж дүгнэж болно.

Н.СУГАР

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe