Н.Батдорж: Эрчим хүчний салбарт холимог зах зээл хэрэгтэй

Ц.Чимэдцэеэ
2024-11-22

“Эрчим хүчний реформ” хэмээх томоохон ажлын иргэдэд мэдрэгдэх анхны алхам үнэ нэмж эхэллээ. Уг шийдвэрийг нэг хэсэг нь зүйтэй хэмээж буй бол үлдсэн хэсэг нь иргэдийн ачааг нэмлээ хэмээн шүүмжилж байна. Тэгвэл яагаад нэмэх болсон, дараагийн алхам юу байх, хэдэн алхмын дараа “реформ” бүрэн хэрэгжих төсөөлөлтэй байгаа талаар “Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв” УТҮГ-ын Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын дарга Н.Батдоржтой ярилцлаа.

-Та цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр, өртөгтэй холбоотой суурь судалгааг хийж, бодлогын зөвлөмж өгдөг байгууллагыг удирдаж байна. Тэгэхээр таны энэ салбарт гүйцэтгэж буй үүргээс тодруулж, яриагаа эхэлье.

Манай байгууллага Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, хөтөлбөрүүдэд арга зүйн дэмжлэг хүргэж, судалгаа хийж, шаардлагатай бодлогын санал зөвлөмжүүд өгдөг. Шинэ сэргэлтийн бодлогод 6 сэргэлт байгаа. Үндсэн сэргэлтийн нэг бол эрчим хүчний сэргэлт.

Эрчим хүч өөрөө эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйл болоод байгаа учраас бид энэ асуудлыг судлах ёстой.

Эрчим хүчний хөгжлийн төслүүд нь дандаа ДЦС-уудын өргөтгөл, сайжруулах гэсэн ажлууд байдаг шүү дээ. Тэгэхээр үүнийг сайжруулахын тулд мөнгө хэрэгтэй. Хөрөнгө оруулалт ярихаар гадны хөрөнгө оруулалтууд хязгаарлагдчихсан байдаг. Дотоод хөрөнгө оруулалт гэхээр улсын төсвөөс өөр сонголт байдаггүй. Татаас авна гэсэн үг. Учир нь ашгийн зохих түвшинд хүрсэн бодит өртөгтөө хүрдэггүй. 

Яагаад ингэж байна вэ гэхээр нэгдүгээрт, улс төрийн нөлөөтэй, хоёрдугаарт, энэ салбарт шинэчлэл хийх гэхээр дандаа санхүүгийн нөхцөлөөс болоод хязгаарлагдчихдаг. Тэгээд цаашаа яах юм бэ гэсэн шийдлийг л бид бодлогын түвшинд санал болгоод байгаа юм.

Тухайлбал, үнэ тарифыг нэмж байж асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэнэ.

-Эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйл нь эрчим хүчний салбар болчихсон гэж дурдлаа шүү дээ. Ер нь яагаад өнөөдрийн нөхцөл байдалд хүрчихсэн юм бэ?

Ганц гэм нь хэрэглээ маань нийлүүлэлттэйгээ уулзахгүй байгаа юм. Дандаа хэрэглээ маань даваад, нийлүүлэлт дутагдаж байгаа. Станцуудын үйлдвэрлэх хүчин чадал нь тулчихсан. Өөр томоохон төсөл, хөтөлбөр сүүлийн 10 жил олигтой явсангүй. Гэтэл өдрөөс өдөрт хэрэглээ нэмэгдэж байна. Дээрээс нь ковидын үеэр улсаас цахилгаан, дулааны үнийг тэглэснээс шалтгаалаад, зах замбараагүй хэрэглээ тэлчихэж байгаа юм.

Хэрэглээний төлбөрийг улсаас дааж, Эрдэнэт үйлдвэрээс гаргаснаас болоод гэр хороолол, лагерын бүсүүдэд бараг л нохойныхоо үүрийг гэрэлтэй орхидог болсон шүү дээ.

Энгийн үед ч өрхүүд цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэснээс нь бага үнээр худалдан авч байсан. Зах зээлийн зарчмаар энэ бол дампуурал.

-Тэгэхээр эрчим хүчний үнэ нэмснээр энэ асуудал бүрэн шийдэгдэхэд хэдэн алхам дөхөх вэ? Дагаад юмны үнэ өсөх зэргээр иргэдийн нуруунд ачаа болох юм биш үү?

Тарифыг 3 янзаар нэмж байгаа. 150 хүртэлх кВт.ц хэрэглэж байгаа өрх ойролцоогоор 175 төгрөг.

Улаанбаатарын төвийн бүсийн 780 мянган өрхийн 45 хувь нь үүнд хамаарч байна.

За дараагийн хэрэглээний хэсэг болохоор 150-300 кВт.ц хэрэглэдэг өрхүүд киловатт тутамд 256 төгрөг төлнө өө гэсэн үг. 300-аас дээш кВт.ц бол 285 төгрөгөөр тооцно. ААН-ийн хувьд бол 35-аас 131 төгрөгийн ялгаатай хэлбэрээр нэмэгдэж байгаа.

Хамгийн энгийнээр тайлбарлах юм бол 150 кВт.ц дотор хэрэглэдэг өрхийн сарын төлбөр ойролцоогоор 36-40 мянга болно. Өмнө нь 140 төгрөгөөр  кВт.ц тутам тооцдог байлаа шүү дээ. Ингээд бодохоор ойролцоогоор 10-15 мянган төгрөг нэмэгдэх байх.

Тэгэхээр сард нэг өдрийн хоолны мөнгө л нэмэгдэж байна гэсэн үг.

Энийг хүндээр хүлээж аваад, эмзэглээд байх шаардлагагүй. Эрчим хүчний реформ өөрөө цогц бодлого. Тэгэхээр бас нэлээн их юм болно гэсэн үг. Наанадаж, жилд нэг удаа үнээ нэмэх ёстой.

Дагаад юмны үнэ нэмэгдэх, инфляци гэсэн асуудал байлгүй яахав. Гэхдээ энэ үнийн өсөлтийг нэмсэн шалтгаан нь эргээд харахаар цалингийн зардлууд их нэмэгдчихсэн байдаг юм шүү. Бид нарын судалгаа бол 10-15 хувь нэмэгдэнэ гэж байсан юм. Тэгэхээр инфляцад нөлөөлөх хэмжээ, өрхөд нөлөөлөх хэмжээ харьцангуй гайгүй.

Гол нь төрийн өмчийн ААН-үүд цалингийн зарлагаа нэмэхгүй, хэрэггүй худалдан авалт хийхгүй байх ёстой.

Бас нэг нийтээрээ ойлгох, санах ёстой зүйл бол эрчим хүч үйлдвэрлэх, түгээх станц бүрд өр, авлагын асуудал үүсчихсэн байдаг. Нөгөө л өртөгт нь хүргэж эрчим хүч, дулаанаа зараагүйгээс болоод ийм хүнд нөхцөл үүсчихсэн юм. Энэ бол үнэ нэмэх шалтгаан шүү гэдгийг ойлгоосой. Мэдээж тодорхой хэмжээний өр авлага дарагдсан л даа. 

-Тэгвэл дараагийн алхам юу байх вэ?

Иргэд буцаад найдвартай, хангалттай, тасралтгүй дулаан эрчим хүчээ авахыг хүсэж байна. Тэгж байж сэтгэл ханамжтай төлбөрөө төлнө шүү дээ.

Тэгвэл зах зээлийн зарчмаар эргүүлээд үнэ буух уу гэж асууя. Бууж болно. Бид нар үйлдвэрлэх ёстой. Нийлүүлэлт өндөр байгаад, эрэлтээ бүрэн хангаад байвал үнэ буурна.

Тэгэхээр таны асуулттай холбож хэлэхэд, дараагийн асуудал бол нэн тэргүүнд эрчим хүчний үйлдвэрлэл, эх үүсвэрээ нэмэх тухай юм.

Эндээс нөгөө либералчлах тухай ойлголт гарч ирнэ. Нэг жишээ дурдъя. Европт Орос Украйны дайнаас шалтгаалан хэрэглээний газны асуудал үүслээ. Тэгэхээр нь сэргээгдэх эрчим хүчний төслүүд рүү аягүй их хөрөнгө оруулалт хийгээд, дээрээс нь тархмал эх үүсвэрүүдийг цуглуулчхаж байгаа юм. Тэгэхээр үнэ нь савлаад ороод ирж байна.

Энэ нь арилжааны шинж чанартай болчихсон учраас зах зээлийн жамаар сар болгон өөрийнхөө хэрэглээний киловатт цагийг мэдэж байвал за би энэ эх үүсвэрээс тэдээр авъя аа гээд үнээ өгчихдөг.

Ингээд л хөндлөнгийн, шууд худалдан авалт хийгдэнэ. Сонголттой гэсэн үг. Манайх болохоор нэг худалдан авагч загвартаа үнэ тогтооно. Эндээсээ л авахаас өөр сонголтгүй.

-Эх үүсвэр ярьсных сая Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гэмтэл гарч, Улаанбаатар хот руу цахилгаан нийлүүлэх хугацаа хойшилчихлоо. Энэ талаар тодруулъя?

Хойшлох шалтгаан бол угаасаа байсан. Гал гарснаас ч биш. Ер нь техникийн нөхцөл нь 2025 оны I улиралд багтаагаад ямар ч байсан голдиролд ороод явах ёстой. Тэгээд яалт ч үгүй нөгөө улс төрийн хувьд ч юм уу нийслэлийн юунаас ч юм уу их л шахуулсан юм шиг байгаа юм.

-Ямартай ч станцаа нээгээд авсан.

Тийм нээсэн. Гэхдээ техник технологи гэдэг чинь тийм амархан биш. Голдиролд ороход цаг хугацаа шаарддаг. Тийм учраас одоо Бөөрөлжүүт шиг ийм хувийн станцуудыг олноор бий болгох боломжуудыг нээж өгөх ёстой.

Үүнээс гадна дулааны асуудал яригдана.

Манайх шиг эрс тэс уур амьсгалтай, хүйтний нөхцөлд амьдардаг бол заавал дулаан байх ёстой. Гэхдээ заавал дулааны шугам татаад, доогуур нь ус гүйлгэж халаагаад л нэг ийм хуучны хэлбэр байна шүү дээ. Энийгээ жоохон өөрчилмөөр байна.

Шинэ технологийг оруулж ирэх ёстой. Сая Финлянд гэхэд хэрэглээнийхээ бараг 60 хувийг ОХУ-аас авдаг байлаа шүү дээ. Тэгсэн чинь ОХУ газаа гаргахаа больчихсон. Тэгэнгүүт өөрсдөө технологийн шийдлээ хийчихсэн.

Салхиар эрчим хүчээ тодорхой хэмжээнд үйлдвэрлэнгүүтээ дулаанаа хуримтлуулаад, тодорхой сум одоо гэдэг ч юм уу тосгоны хэмжээнд шийдэж болоод байна. Газрын дулааныг газрын дулааны агуулах савандаа байршуулаад, тодорхой хэмжээнд дулаан үйлдвэрлээд, өрхүүдээ хангаад байна шүү дээ.

Тэгэхээр бид жоохон дэд бүтцийн асуудлуудаа арай өөрөөр хармаар байна.

Одоо хэрэглээд байгаа дулааны шугамын насжилт нь хэр билээ, дээрээс нь технологийн зардал нь өртөг өндөртэй. Газар ухаад л, ийм эрс тэс уур амьсгалтай орны дулааны шугамын найдвартай байдлыг хангана гээд төсөөлөхөд л зардалтай байгаа биз?

Яагаав, нөгөө хороололд "та нар газар ухаад алт хайгаад байдаг юм уу" гээд байдгийг чинь аминдаа л өргөтгөөд байгаа байхгүй юу.

Яагаад гэхээр хот тэлээд байна шүү дээ. Тэгэхээр дулааны шугамыг чинь өргөтгөж байж л тодорхой хүчин чадал нь нэмэгдэнэ. Үгүй бол цаад талын хэрэглэгч нар дулаан хүлээж авч чадахгүй байгаа байхгүй юу. 

-Та ярилцлагын эхэнд  манайх зөвлөмж өгдөг хөндлөнгийн байгууллага гэж байсан. Тэгвэл хэзээ таны сая ярьсан шийдэл, санаа Засгийн газрын үйл ажиллагаа болж хэрэгжих юм бол?

Яг эрчим хүчний үнэ тарифтай холбоотой судалгаа өнгөрсөн жил бүтэн гараад дуусчихсан.

-Тооцоо, шийдэл бүх юмтайгаа гэсэн үг үү?

Тийм. Яг тодорхой шийдлүүдийг гарсан гэсэн үг шүү дээ тэ,

-Тухайлбал ямар шийдэл?

Тухайлбал одоо яг үнэ тарифыг нэмэгдүүлээд, зах зээлийн жамаа өөрчлөх ёстой юм байна. Нөгөө талдаа нийлүүлэлтээ нэмэгдүүлэх юм байна. -Анхнаасаа хэрэгжээд эхэлж байх шиг байна тэ?

Тийм, тийм. Гэхдээ өнөө маргаашдаа юм уу ирэх жилдээ бүрэн шийдэгдчихгүй. Энэ чинь өөрөө жил жилээрээ, дунд хугацаандаа болохоор 2030 он хүртэл тооцоолол зураглалыг хийчихсэн.

Тэгээд яг яах гээд байгаа юм тэ? Ерөөсөө холимог зах зээлийг оруулж ирэх гээд байна.

Холимог гэдэг нь 10-20 хувь нь ч юмуу тодорхой нэг худалдан авагчийн загвараар түрүүний ярьсан барууны орон шиг үнэ хаялцаж авна гэсэн үг. Би тэдээр үйлдвэрлэж байна та тэдээр авах уу гээд. Хэрэглэгч сонголттой болно, хожно гэсэн үг.

Худалдан авагч их эрчим хүч хэрэглэмээр байсан чинь техникийн нөхцөлөөсөө болоод ч юм уу эсвэл нөхцөл байдлаас болоод өгч чадахгүй байвал өөр хувийн тоглогч очоод би цахилгаан үйлдвэрлэлээ заръя та авах уу, би тэдээр заръя гэхээр нь чамаас өөр хэн байна гэхэд цаана нь дахиад нэг тоглогч байх ёстой. Тэгээд энэ 2 чинь нэг ийм үнэ хаялцаж эхэлнэ.

Нэг тоглогч байж болохгүй. 2, 3 орж ирэхээр нь сонгоод, хамгийн боломжтой үнээр хэрэглээгээ хангах гээд байна.

Ингээд зах зээлийн зарчмаар өрсөлдөөн гаргаж болох юм байна аа гэдэг тооцоолол болсон байгаа.

-Сайхан сонсогдож байна. Гэтэл бодлого дээрээ болохоор либералчилна гэснээ төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулна гээд тавьчихаар чинь яг яана гэсэн үг вэ?

Харин тийм одоо бол би яг наадах руу чинь нэг оръё гэж бодоод байна. Ерөнхийдөө бас ЗГ-ын хуралдаан дээр ч,  ЗГ-ын хэрэг эрхлэх дээр ч төрийн өмчийн ААН-үүдийг цэгцлэх асуудал яригдаж байна. Эд нарыг цэгцлэхийн тулд ямар ч байсан өмчийн хэлбэрийг нээлттэй болгох ёстой.

Гэхдээ хувьчилбал муу жишээнүүд зөндөө байгаа. Манайх шиг ийм жижиг зах зээл дээр нэлээн паник, шок үүснэ. Үнийг шууд зах зээлийн замаар нь тавингуут хэрэглэгч худалдаж авч чадахаа болиод, "кат\тасалдал" үүсдэг.

Олон улсын жишгээ ярихад сайн жишээ гэхээсээ илүү улс болгон өөрийн онцлогт хүрсэн загварыг гаргаад, тэрийгээ хөгжүүлье. Жишээ нь эдийн засгийн юм ч юм уу бизнесийн талдаа сайн жишээ олоод ир гээд, олоод ирж болдог. Харин эрчим хүч дээр тийм юм байдаггүй.

Яагаад гэхээр үйлдвэрлэж байгаа хүчин чадлаасаа шалтгаалаад бүх юм тэр загвартаа удирдагддаг.

Манай үйлдвэрлэл чинь маш бага, жижиг.

-Тэгээд таны өмнө ярьдаг санаа чинь бараг иргэн болгон л үйлдвэрлэгч болчих боломжтой юм шиг?

Тэгэнгүүт зохицуулалт хэрэгтэй. Техникийн нөхцөлийн зохицуулалт хийх ёстой. Одоо бид нарын түгээхийн дамжуулж байгаа шугамууд чинь өөрөө хүчин чадлын хувьд бас тийм найдвартай биш. Энийг сайжруулах шаардлагатай хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэгж байж хэрэглэгч өөрөө үйлдвэрлээд, тодорхой хэмжээнд бусдад түгээх боломжтой.

Одоо чи анзаарах юм бол гэр хорооллын лагерийн бүсэд өөрсдөө нарны хавтан тавьчихсан айлууд өөрийнхөө хэрэглээг хангачхаад цаашаа бүсийнхээ өрхүүдэд  зарах хүсэлтээ өгчихсөн. Мөнгөө авч чадахгүй жишээнүүд байдаг.

Тэгэхээр боломжтой юу гэвэл боломжтой. Хамгийн гол нь засаглалын хэлбэрээ өөрчлөх гээд байна шүү дээ.

Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe