Монгол банхарын гөлөг өвөлд илүү тэсвэртэй байдаг

Б.Сувданзаяа
2024-11-22

Судлаач А.Осорын тодорхойлсноор монгол нохой нь Энэтхэгийн хар чононоос гаралтай “гарз” нохойн төрөл бөгөөд Монгол нутагт 12,000-15,000 жилийн өмнөөс гэршүүлж эхэлсэн гэдэг. Банхарыг өөрөөр түвд мастиф гэж нэрлэдэг. Англичууд Түвдээс олж аваад Виктория хатан хаанд бэлэглэхдээ “түвд мастиф” гэж нэрлэсэн түүхтэй. 1275 онд дэлхийн алдарт аялагч Марко Поло “морь шиг тийм том нохойг анх удаа үзлээ” хэмээн монгол банхарын тухай бичсэн нь бий. Монгол банхар нь Чингис хаан, Атилла хааны байлдан дагуулалтын үеэр Төв Ази, Баруун Европ, Гималайн бүс нутгуудаар өргөн тархсан юм.

Нийтлэлийг зургаар үзээрэй.

Монгол банхарын товч мэдээлэл

Монгол нохой дунджаар 15-20 жил насална. Монгол нохойн үндсэн зүс нь халтар, зүрх цагаан, хар билээ. Банхар нь аливаа орчинд дасан зохицох чадвартай. Сэтгэлзүйн хувьд меланхолик талдаа бөгөөд юм сурахдаа бусад нохой шиг хурдан шалмаг сүрхий биш. Байгалийн зөнгөөрөө юмыг мэдэрч шаардлагатай үед л хүч чадлаа гаргадаг. Юм бүхэн рүү үсэрч цовхчоод байдаггүй. Аливаа зүйлийг зааж сургах гээд нэмэргүй. Өөрийн зөнгөөрөө амьдардаг нь уугуул шинжийг нь баталж өгдөг ажээ. Монгол, Түвд банхарын хооронд амьдрах орчноос үүссэн ялгаа бий. Хасар нохой (Чоно баригч), Төвд нохой (гарз нохой), Монгол нохой, Монгол Банхар, Хоточ нохой, хоньч нохой, Дөрвөн нүдэт Хар нохой, Банхар, баавгай, Хүннү нохой (гадныхан нэрлэдэг нэршил), Буриад Монгол гарз нохой хэмээн олон янзаар нэрлэж иржээ. Монгол банхарын эр нь дунджаар 66-70 см, эм нь 62-66 см, 55-80 кг жинтэй. Үржлийн хувьд чонотой их төстэй, өвөл 11-12 сарын үед ороо нь ордог бөгөөд жилд нэг л удаа гөлөглөн ойролцоогоор 2-8 гөлөг гаргадаг, гарсан гөлөгнүүд нь өвлийн хүйтнийг тэсвэрлэн давж гардагаараа бусад нохойгоос илүү байгалийн шалгаралд тэсч үлддэг онцлогтой аж.

Олон улсын нохой судлалын холбоонд бүртгэлтэй юу?

Монголын нохой судлалын холбооны тэргүүн Б.Энхбаяр: “Дэлхийн 100 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын нохой судлалын холбоо гэж байгууллага бий. Уг байгууллагад манай холбоо 2009 онд гишүүнээр элсээд, өнгөрсөн жил албан ёсны эрхтэй гишүүн болсон. Харин ирэх жил монгол банхар нохойг албан ёсны үүлдрээр бүртгүүлэх гэж байна. Цэвэр үүлдрийн уугуул нохой мөн эсэхийг шалгадаг хэд хэдэн шалгуур бий. Тэр бүхнийг хангасан учраас 2025 онд Финландын Хельсинк хотод болох олон улсын чуулган дээр монгол банхрыг албан ёсоор танилцуулж, дэлхийн албан ёсны үүлдрээр бүртгэх юм.”

Цаашлаад Монгол банхар олон улсын тэмцээнд оролцох уу?

Энэ онд гурван банхар “World Dog Show 2024” тэмцээнд оролцсон. Анх удаа оролцсон манай баг Хорватын аварга, 11-р группийн дэлхийн аварга болоод эх орондоо ирсэн. Монгол банхар анх удаа дэлхийн рингэнд гарснаараа онцлогтой. Олон улсын нохой судлалын холбооноос тавьсан шаардлагуудыг хангасан учраас ДАШТ-д оролцох эрх авсан.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe