Ваучераас илүү мартаж болохгүй өв байгаа шүү, СОЁЛЫН САЙД АА!

Ж.Номин
2024-11-25

Өнгөрсөн үеийнхний бүтээсэн, олон жилийн цаг хугацааны шалгуурыг даван туулж, үнэ цэнтэй, хүндэтгэлтэй зүйл болгон хойч үедээ өвлүүлэн үлдээсэн соёлын өвөө бид хайрлан хамгаалах шаардлагатай. Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад 21 аймаг болон Улаанбаатар хотод нийт 209 дурсгал багтдаг. Эдгээрээс 116 жилийн настай Чойжин ламын сүм музейг онцолж байна.

Дэлхийн онцлох дурсгалт газар

  • Жил бүр “World monument fund”-аас дэлхийн онцлох 25 дурсгалт газрыг зарладаг. 
  • Дэлхийн өнцөг булан бүрээс 250 дурсгалт газрууд өрсөлддөгөөс 2019 онд Монголын Урлагийн Зөвлөлийн нэр дэвшүүлсэн Чойжин ламын сүм музей шалгарч байжээ. 
  • Ийнхүү “American Express болон Stavros Niarchos”, “Ford” сангаас олгох нийт 1.6 сая ам.долларын санхүүжилтээр эдгээр 25 дурсгалт газар соёлын өвийг хамгаалах төслүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 
  • Төслийн хүрээнд 2021 оноос 1.1 тэрбум төгрөгөөр Чойжин ламын сүм музейн Ядмын сүмийн барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг алдагдуулахгүй сэргээн засварлаж, 2023 онд хүлээлгэн өгсөн байдаг. 

Чойжин ламын музейн түүх

  • Нэгэн цагт Монголын ард түмэн 700 гаруй сүм хийд бүтээн, соёлын үр цэцэглэн хөгжүүлж байсан бөгөөд тэр бүх сүм хийд дотроос Чойжин ламын сүм өвөрмөц онцлогтой.
  • Уг сүмийг Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтын төрсөн дүү, Төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавт зориулж  дор монгол урчуудын уран гараар Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлага дор бүтээж байжээ.
  • Тухайн үед манай улс Манжийн эрхшээлд байсан тул Монгол Улсын төрийг хамгаалан чойжин бууж байх зориулалттай сүм барихыг Манжийн зүгээс эсэргүүцэж байж.
  • Тиймдээ ч 1899-1901 онд ард түмний хандив тусламжаар Зүүн хүрээнд тусгайлан босгосон Чойжин ламын сүмийг учир битүүлгээр 1903 онд галдан шатаасан байна.
  • Тухайн үеийн тэргүүн зэргийн газар шинжээч лам нар “Далхын дэнж” буюу одоогийн Чойжин ламын сүм музей буй газрыг сахиус оршоох зан үйлд нэн тохиромжтой хэмээн шинжсэнээр 1904 оноос монгол, хятад урчуудын ур ухаан, хүч хөдөлмөр шингэсэн үзэмж төгөлдөр сүм, өргөө байгуулах ажлыг эхэлж, 1908 оны үед бүрэн дуусгажээ. 
  • Тус сүм өргөөг бурхан тахил, эдлэл хэрэглэлийн хамт бүтээн босгоход 69230 лан, 7 цэн, 8 пун мөнгө зарцуулсан байна.
  • 1941 оны 11-р сарын 13-ны өдрийн 79-р тогтоолоороо Чойжин ламын сүмийн Ямпай хаалга буюу Халх хаалгыг улсын хамгаалалтад авсан байна.
  • 1961 оны 10-р сарын 09-нд Чойжин ламын сүм, Богдын ногоон ордон зэргийг улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад байх түүх-соёлын дурсгалт зүйлийн жагсаалтад оруулсан байна.
  • 1938 оноос 1961 он хүртэл тус музейг зөвхөн гадаадын томоохон зочид төлөөлөгчдөд үйлчилдэг “Хаалттай музей” байсан бөгөөд 1961 онд сэргээн засварлалт хийсний дараа олон нийтэд нээлттэй үйлчлэх музей болжээ.

Музейн нэр

  • 1904 - 1938 он Өршөөлийг хөгжүүлэгч сүм
  • 1938 - 1990 он Сүм музей
  • 1990 - 1999 он Шашны түүхийн музей
  • 2000 - Одоог хүртэл Чойжин ламын сүм музей

Музейн зохион байгуулалт

  • Музей нь Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм гэх нийт 5 сүм, хүндэтгэлийн 5 хаалга бүхий Монголын түүх, шашин, соёлын өвийн цогцолбор юм.

Музейн сан хөмрөгт монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэр хадгалагддаг. Хүрээ, Манзушир, Чойр хийцийн 80 орчим цамын баг байдаг.

  • Үүнээс 77 үзмэр нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг.
  • Жилд ойролцоогоор 10 мянга гаруй хүн музейгээр үйлчлүүлдэг. Жилийн дөрвөн улирал үйл ажиллагаагаа явуулдаг.

Сэргээн засварлалт

  • 1961 онд сэргээн засварлаж олон нийтэд нээлттэй болгосноос хойш 60 гаруй жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлалтын ажил хийгдэж байсан. 
  • 2023 оны 10 сараас бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийхээр 1.7 тэрбум төгрөгийн тендер зарлан Зэндмэнэсуварга ХХК шалгарсан.
  • Засварын ажлыг 2024 оны 8-р сард багтаан дуусгахаар төлөвлөж байсан ч одоог хүртэл засварын ажил дуусаагүй бөгөөд гадаа талбайн засварыг зогсоож, дотор засварын ажлыг үргэлжлүүлж байна. 

Музейд тулгамдсан асуудал

  • Тус музей нь төвийн дулаан, төвлөрсөн шугамд холбогдоогүй буюу огт халаалтгүй юм.
  • Мөн газрын гүндээ цэвдэгтэй учраас музейд жилийн дөрвөн улиралд гадна агаарын хэмээс хүйтэн байдаг бөгөөд өвлийн улиралд жавар хурдаг аж. 
  • Үүнээс шалтгаалан үзвэрийн танхим дахь соёлын өвүүдийн хадгалалтын стандарт алдагдаж, үзэгчид хүйтэн, тухгүй орчинд үйлчлүүлдэг байна. 
  • Музейн сан хөмрөгийг хадгалан хамгаалах, судлах, сэргээн засварлах байгууламж барих асуудал Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаж, тендер зарлан, зураг төслийг 120 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр “Хатанбаатар” ХХК шалгарч байжээ.
  • 6000 гаруй үзмэрийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, 20 гаруй ажилтын эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломжийг бүрдүүлэх, ирээдүйд үйлчлүүлэх хэдэн арван мянган үйлчлүүлэгч, жуулчдын тав тухыг хангах үүднээс Чойжин ламын сүм музейд анхаарал хандуулах хэрэгтэй байна Соёлын сайд аа. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe