"Таван Богд" группийн Ц.Баатарсайхан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч болох уу

Ж.Номин
2024-11-27

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нөхөн сонгууль энэ сарын 28-нд товлогджээ. Уг танхим 6 мянга орчим гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 2З улсад 51 төлөөлөгчтэй. Тэгвэл Ерөнхийлөгчид нэр дэвшихээр нэрээ өгсөн гишүүдтэй танилцъя.

Нийтлэлийг зургаар үзэх бол энд дарна уу.

  1. МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн - UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2019 оноос МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар томилогдсон. 
  2. МҮХАҮТ-ийн УЗ-ийн дарга Л.Төр-Од - Энэтхэг Улсын Хууль зүйн Үндэсний Их Сургуулийн Эдийн засгийн бакалавр, Хууль зүйн бакалавр, Лондон Их Сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургуулийн Олон улсын хууль зүй, Хөгжлийн эдийн засгийн Хууль зүйн магистрын зэрэгтэй. Түүний хувьд ХасБанк, Монголын банкны холбоо,  М Банк, Ашид капитал ХХК, Монгол  даатгал ХХК-д ажиллаж байсан туршлагатай.  
  3. “Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан - Коёотэ ХХК-ийн захирал, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч
  4. “Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав - 2014-2019 онд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрбээр Польш улсад боловсрол эзэмшсэн, эдийн засагч мэргэжилтэй нэгэн. 1994 онд Урбанек компанийг байгуулсан бизнесмен юм. 2017 оноос хойш Монгол банкны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын Гимнастикийн холбооны Ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашсан.
  5. “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан - Тэрбээр Япон улсад боловсрол эзэмшсэн, инженер, бизнесмен хүн.  Англи, япон, орос хэлтэй тэрбээр Жуулчин ХХЗ, Палас зочид буудал, МИАТ компанийг толгойлон ажиллаж байжээ. 
  6. Эдийн Засагч Б.Лакшми - Орос-Монголын хамтарсан III сургууль, ХБНГУ-ын Берлин хотын эдийн засаг, техникийн дээд сургуулийн магистр, Дрезден хотын эдийн засаг, техникийн дээд сургуулийн бакалавр, Форст хотын мэргэжлийн боловсролын сургуулийг эдийн засгийн шинжээчээр төгссөн. Мигма ХХК-д маркетингийн менежер, Наран моторс ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. 
  7. Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий - Тэрбээр Програм хангамжийн инженер, Олон нийтийн бодлогын магистр. 2016-2018 он хүртэл Ардчилсан Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2015-2017 онд Монголын сайтын холбооны хяналтын зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан бөгөөд Мэргэжлийн боловсролын дэмжих сангийн тэргүүнээр ажиллаж байна. 
  8. “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх - Хөдөө аж ахуйн ухааны доктор, Хууль зүйн ухааны магистр, Москвагийн Их сургуулийн Олон улсын эрх зүйн танхимд үндсэн хууль ба хүний эрхийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. 
  9. “Комаг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Майдар - 1982-1986 онд МОНЦАМЭ агентлагт сэтгүүлч, сурвалжлагч, орчуулагчаар, 1988 оноос Нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан тэрбээр “Oxford” клуб англи хэлний сургалтын төвийг ажиллуулдаг. 2006 оноос хойш англи хэлний сурах бичгээ хэвлүүлж буй тэрбээр “Комаг” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг.  МҮХАҮТ-аас өргөмжилдөг “ENTREPRENEUR” ёслолын ажиллагааны 2013 оны Боловсролын салбарын оны онцлох Энтрепренерээр шалгарч байжээ. 

МҮХАҮТ-ын дүрэм

  • МҮХАҮТ-ын дүрэмд зааснаар Үндэсний танхим нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр байгуулагдаж, өөрөө удирдах ёсонд тулгуурлан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль болон МҮХАҮТ-ын дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах, төвийг сахисан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
  • МҮХАҮТ-ын ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй.

Ерөнхийлөгч яагаад чухал вэ?

  • Манай улс 30 гаруй жилийн тэртээ зах зээлийн эдийн засагт шилжсэн.
  • Гэтэл өдгөө төр томроод бүх орон зайг эзлээд эхлэхээр хүссэн хүсээгүй төрөөс хамааралтай эдийн засаг руу орж байна.
  • Бизнесийн орчинд төрөөс үзүүлж буй хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэгчдээ өмгөөлж ажиллах чухал үүрэгтэй хүнийг МҮХАҮТ энэ удаагийн Ерөнхийлөгчөөр сонгох учиртай.
  • Тэгэхээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 99 мянга гаруй ААНБ, МҮХАҮТ-ын 6 мянга гаруй гишүүн байгууллагын эрх ашгийг хэн хамгаалж, хэн тэднийг чиглүүлэн явах вэ гэдгийг харах л үлдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe