УИХ 2023 оны долоодугаар сарын 7-ны өдөр “Улс төрийн намын тухай хууль”-ийг баталсан. Уг хуулийг нэжгээд судалгааны үндсэнд улс төрийн намын төлөвшил, ил тод, нээлтэй байдлыг сайжруулах, санхүүжилтийг тодорхой болгоход ахиц авч ирнэ хэмээн хууль тогтоогч, судлаач нар үзэж байв.
Энд дарж, нийтлэлийг зургаар үзээрэй.
Мөн 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 19’-ийн 3-т,
“Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэсэнд нийцүүлсэн юм.
Уг хууль нь өнгөрсөн парламентаас “онц дүгнэгдэх” ажлуудын нэг байлаа. Харин өнөөдрийн нөхцөлд Засгийн газраас тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Уг төсөлд тухайлсан ганцхан өөрчлөлт байгаа нь “нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг дурдагдсан хуульд нийцүүлж” энэ онд багтаан УДШ-д хүргүүлэх байсныг хөнджээ.
Тодруулбал, намууд хуралдаж, дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэх арга хэмжээг 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар тусгасан байна.
Хууль гууль болохын үлгэр амилав
Нэгэнтээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд заасан хэм хэмжээний хэрэгжих хугацааг Засгийн газар хойшлуулах гэсэн логикгүй оролдлого нь хууль зөрчиж байгаа юм.
Учир нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт,
“Хуулийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс хойш тухайн хууль болон түүний зүйл, хэсэг, заалт, дэд заалтын дагаж мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэхгүй” хэмээн тодорхой заасан.
Хэрэв УИХ тус хуулийн төслийг хэлэлцээд, баталлаа гэж бодоход, Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг хэрэгжүүлээгүй хэмээн Цэцээс буцаагдах үндэслэлтэй. Одоогийн байдлаар хуулиа мөрдөөгүй эсвэл мэдээгүй Засгийн газарт “еэ еэ, бөө вөө” гэхээс өөр хэлэх үг үлдсэнгүй.
Алин шалтаг
Уг өөрчлөлттэй холбоотой улс төрийн намууд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, дараах тайлбарыг хэллээ.
Эдгээр тайлбарууд дундаас Засгийн газрын барьж буй үндэслэл бол энэ он дуустал намууд их хурлаа товлож, дотоод зохион байгуулалтаа өөрчлөхөд хугацаа давчуу байна хэмээн тайлбарлаж, зарим УИХ-ын гишүүд ч ийм байр суурь илэрхийлээд буй.
Тэгвэл Улс төрийн намын тухай хуулийг бүтэн жил хагасын өмнө баталж, намууд хуульд нийцүүлэн ажиллахаа мэдсээр байж өнөөдөр ийнхүү мэдэгдэж байгаа нь “алин шалтаг”. Тэгээд ч АН-ын бүлэг, "Үндэсний эвсэл"-ийн төлөөлөл тус өөрчлөлтийн эсэргүүцэж, хуулийн дагуу дотоод зохион байгуулалт, дүрмээ өөрчлөхөд асуудалгүй болохоо мэдэгдсэн.
Алтыг нь аваад, авдрыг нь хаяв уу
Улс төрийн намын санхүүжилт иргэд, татвар төлөгчдийн халааснаас гарах ба 2021 оны судалгаанд иргэд намуудад төрөөс санхүүжилт олгохыг эсэргүүцэж, тэднийг үүргээ гүйцэтгэж чадахгүй байна хэмээн дүгнэсэн байдаг.
Харин хууль тогтоогч нар Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн агуулгаар намууд дотоод ардчилал, зохион байгуулалтаа сайжруулсны үндсэнд олгохоор шийдсэн.
Өнөөдрийн байдлаар СЕХ-оос гаргасан намын санхүүжилтийн тооцооллоор хамгийн ихдээ МАН 2 тэрбум 800 сая гаран төгрөг авахаар байгаа бол хамгийн багадаа Үнэн ба зөв нам 250 сая гаран төгрөг авна.
Энэ бол намуудын хувьд урьд хожид байгаагүй өндөр мөнгөн дүн. Дээр дурдсанчлан хууль хэрэгждэгээрээ хэрэгжиж, намууд санхүүжилтээ авах ч зохион байгуулалт, дүрмээ өөрчлөхгүй гэж байгаа аж. Зарчмын хувьд энэ бол алтыг нь аваад, авдрыг нь хаяхтай адил.
МАН, АН, ХҮН-ий хөнжилд хүйт орлоо
МАН, АН, ХҮН-ий хамтарсан Засгийн газар ядаж л ирэх гурван жилдээ тогтвортой байх хамгаалалт нь хууль зөрчиж, зарчмаа гишгэлэн байж хугацаа хойшлуулах гээд байгаа чанадын шалтгаан байж болзошгүй. Учир нь МАН, ХҮН-ий хувьд аюулгүй ч АН-ын хувьд Л.Гантөмөр даргын байр суурь ганхаж эхэлсэн нь нууц биш.
АН-ын бүлгээс энэ тухай ний нуугүй мэдэгдэж, “хамтарсан засгаас гарах ёстой” гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Иймдээ ч АН их хурлаа товлож, бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөх тухайд нэн тэргүүнд намын даргаа сольж, Хамтарсан Засгийн газраас гарах тухай асуудал яригдана.
Засгийн газар хамтарсан гэх хөнжлөө халуунаар нь авч үлдэхийн тулд дээрх төслийг өргөн барьсан гэж хардаж болохоор.
Засгийн газар цагаандаа гарлаа
Монгол хэлний их тайлбар тольд “цагаандаа гарах” гэдгийг айх ичихээ болих хэмээн тайлбарласан байна. Засгийн газар бол парламентаас айдаггүй, харин ч парламентыг өөрсдийн гар хөл болгож, дуртай шийдвэрээ гаргуулдаг гэдгээ 2025 оны төсөв батлах үед харуулсан. Ийнхүү удаа дараа хууль зөрчиж, цагаандаа гарсан Засгийн газрыг байх ёстой байранд нь тавих ёстой хүмүүс бол парламентын гишүүд.
Үндсэн хуульд зааснаар “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавих” боломжтой гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.
Сэтгэгдэл үлдээх