Дэлхийн банк: Монгол улсын эдийн засаг 2025 онд 6 хувиар өсөх ч инфляц хөөрөгдөх эрсдэлтэй

.Graph
2024-11-29

Дэлхийн Банкнаас хагас жил тутам эрхлэн гаргаж буй Монголын Эдийн засгийн тойм тайлангийн сүүлийн дугаарт уул уурхайн салбарын олборлолт эрчимжиж, дотоод эрэлт тэлэх нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 2024 онд 5.3 хувь, 2025 онд 6.5 хувиар өсөх төлөвтэй байгааг танилцууллаа.

Эдийн засгийн идэвхжил 2024 оны эхний хагас жилд тогтвортой байж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн бөгөөд сүүлийн саруудын тоон мэдээллээс үзэхэд дээрх идэвхжил гуравдугаар улиралд ч мөн адил тогтвортой хадгалагджээ. Уур амьсгалын эрс тэс нөхцөлөөс үүдэж хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл хумигдсан хэдий ч уул уурхай болон тээврийн үйлчилгээний салбарын өсөлт тогтвортой байж эдийн засгийн идэвхжилийг ийнхүү тэтгэв.

Нүүрсний салбарт хөтлөгдсөн эдийн засгийн өсөлт 2023 оноос хойш эрчимжсэнээр Монгол Улс 2024 онд дундаас дээш орлоготой улс орны ангилалд багтах болов.

Уул уурхайн салбар сэргэсэн нь хувийн секторын орлого, улсын төсвийн аль алиныг тэтгэж дотоод эрэлтийг тэлэхэд нөлөөлөв. Улмаар импортын өсөлт хурдсаж түүхий эдийн экспортоос давах болсон нь төлбөрийн тэнцэлд дарамт учруулав.

Дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх боловч хөрөнгө оруулалтын эрчимтэй өсөлт, мөчлөг дагасан төсвийн зарцуулалт нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн гадаад дотоод тэнцлийг алдагдуулах мөн эрсдэлтэй.

Хөдөө аж ахуйн сектор огцом агшсан ч уул уурхай болон тээврийн үйлчилгээний салбарын ачаар ДНБ хурдацтай өсөв.  Инфляц 2023 оны эцэст 7.9 хувьтай байсан бол 2024 оны 9 дүгээр сард 6.7 хувь болон буурлаа. Дотооддоо төгрөгийн нэрлэсэн ханш тогтвортой байж, харин гадаад орчинд хүнс, түлш шатахууны үнэ буурсан нь импортолсон инфляцыг алгуур бууруулав.

Дотоодын бараа, үйлчилгээний (махнаас бусад) үнийн өсөлт оны турш саарах хандлагатай байв.

Инфляцын дарамт ийнхүү буурсан нь Монголбанкинд бодлогын хүүгээ 2024 онд 13 хувиас 10 хувь хүртэл 3 удаа бууруулах боломжийг олгов.

Мөнгөний бодлогын төлөв ингэж зөөлөрсөн ч зээлийн хүүнд үзүүлэх нөлөө сул байсан нь хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлж байсантай холбоотой. Гэсэн ч зээлийн өсөлт хурдсаж хэрэглээний болон бизнесийн зээлийн аль аль нь нэлээдгүй тэлэв.

Монгол Улсын эдийн засаг 2024 онд тогтвортой өсөх бол 2025 онд хэдий нүүрсний үйлдвэрлэл сул байх ч Оюу толгойн уурхайн үйлдвэрлэл тэлснээр эдийн засгийн өсөлт хурдсах төсөөлөлтэй байна. ДНБ 2024 онд 5.3 хувиар өсөхөөр хүлээгдэж байна.

Харин 2025 онд эдийн засгийн өсөлт 6.5 хувьд хүрч хурдсахад ОТ уурхайн үйлдвэрлэл, 2024 оны зудын нөлөөг гэтлэн давах ХАА-н салбарын сэргэлт нөлөөлөхөөр байна. Эдгээр хоёр салбарын өсөлт нүүрсний салбарын бууралтыг нөхөх төлөвтэй. Түүнчлэн Монгол Улс төсвийн системийн ядуурал, тэгш бус байдлыг бууруулах чадамжийн үр нөлөө, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах нь зүйтэй гэжээ.

Эдийн засгийн энэхүү хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хэд хэдэн эрсдэлүүд байна. Тухайлбал,

  • Төсвийн зардал хүлээгдэж байснаас давсан тохиолдолд инфляцын дарамтыг нэмэгдүүлж, төсөв болон урсгал дансны алдагдлыг тэлж болзошгүй.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж, эрч нэмэгдэж, улмаар Монгол Улсад, нэн ялангуяа ядуу, эмзэг бүлгийн өрхүүдийн хувьд эдийн засгийн томоохон эрсдэлийг бий болгож болзошгүй.
  • Дэлхий дахинд эдийн засгийн өсөлт хүлээлтээс удааширсан тохиолдолд гадаад эрэлт суларч, экспортын гол нэрийн барааны үнэ хүлээлтээс буурах эрсдэлтэй.
  • Геополитикийн нөхцөл байдал улам хурцадсан тохиолдолд түлш, шатахууны үнэ өсөж, улмаар импортын гаралтай инфляц болон үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх, цаашлаад импортын төлбөрийг эрчимжүүлэх эрсдэл бий.

Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли:

-Эдийн засгаа төрөлжүүлэх, сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөлд тэсвэртэй байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг авч хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм

Тус тайланд энэ мэтчилэн эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар дурдсанаас гадна Монгол Улсын төсвийн тогтолцооны хуваарилалтын үр нөлөө, тэр дундаа татвар болон нийгмийн зориулалттай төсвийн зардал тус бүрийн ядуурал, орлогын тэгш бус байдалд үзүүлэх нөлөөллийг авч үзсэн.

Уг шинжилгээний үр дүнгээс харахад төсвийн тогтолцоо ядуурал, орлогын тэгш бус байдлыг бууруулахад үр дүнтэй байгаа боловч хэт өргөн хүрээг хамарсан хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэхэд төсвийн хөрөнгө их шаардагддаг гэж харж болохуйц байна. 

Иймд нэгдүгээрт, хувь хүний орлогын албан татварын шатлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын шинэчлэлийг нэн тэргүүнд чухалчлах, хоёрдугаарт, зардлын хувьд илүү хэмнэлттэй ядуурлыг бууруулах хөтөлбөрүүдэд төсвийн хөрөнгийг чиглүүлэхийг тайланд зөвлөмж болгон тусгажээ.

 Эх сурвалж: Дэлхийн банк

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe