УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.03/ нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Засгийн газраас төсвийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэх тусгайлсан зохицуулалт байхгүй тул уг харилцааг зохицуулсан хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар жилийн төсвийн төслийг Засгийн газар дахин боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлэх эрх зүйн орчин бүрдэх аж.
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Ерөнхийлөгч 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Төсвийг алдагдалгүй батлах шаардлага гарсан учраас таналт хийх нь мэргэжлийн яамны хариуцах ажил юм. Тиймээс УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хамтран хуралдаж, 2025 оны Төсвийн тухай хуулийг хүчингүй болгож, дахин өргөн барих тогтоолыг баталсан. Төсвийн тухай хуулийг дахин өргөн барихаасаа өмнө улс төрийн намуудад зарчмаа танилцуулж, нэгдсэн байр суурьт хүрч, хариуцлагатай хандахыг хүсье” гэв.
Эцэст нь санал хураалт явуулахад Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.5 хувь нь дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлжээ.
Сэтгэгдэл үлдээх