Богд уулыг нүхлэн туннел хийх, Ган татлагат гүүр барих зэрэг төслүүд үргэлжилнэ, ТӨСВӨӨС ХАСАГДААГҮЙ

Ж.Номин
2024-12-05

Монгол Улсын Засгийн газар 2025 оны Улсын төсвийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг өчигдөр буюу 12 сарын 4-нд УИХ-д өргөн барьсан. 

Шинээр өргөн барьсан төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай болно гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хориг тавьсан өмнөх төсвийн төсөлтэй харьцуулахад 2.3 их наядаар бууруулсан байна. 

Ингэхдээ гадаад зээлийн ашиглалтаас 700 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахын тулд Үндэсний хиймэл дагуулын төсөлд төсөвлөсөн 211.6 тэрбум төгрөгийг хасаж, бусад төслөөс 457 тэрбум төгрөгийн зардлыг бууруулснаар 2025 онд гадаадын зээлийн ашиглалтын зардалд 1.5 их наяд төгрөг тавьсан байна. Ийнхүү 14 томоохон мега төслөөс ирэх жил Үндэсний хиймэл дагуулын төсөл хасагдлаа. 

Харин Богд уулыг нүхлэх буюу “Хөшигийн хөндийн туннел”, түүнтэй залгаа “Өөдөө тэмүүлэх монгол” ган татлагат гүүрний ТЭЗҮ, зураг төслийн төсвийг нийслэлийн төсөв рүү шилжүүлсэн байна. 

Сангийн яамнаас анх өгсөн мэдээллээр Хөшигийн хөндийн туннелийн зураг төсөвт 55.3 тэрбум,  “Өөдөө тэмүүлэх монгол” ган татлагат гүүрний ТЭЗҮ-д 28.6 тэрбум төгрөгийн төсвийг төлөвлөж байсан. Тэгэхээр ирэх жил гэхэд нийслэлийн төсвөөс нэлээдгүй хэдэн тэрбумын зардлыг ТЭЗҮ нэрийн дор гаргахаар байна. Улсын төсвийг эцэслэн баталбал нийслэл төсөвтөө тодотгол хийж, дээрх мега төслүүдийн төсвийг нэмэх нь тодорхой. 

Харин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы мэдээллээр Богд уулыг нүхлэхэд эхний ээлжид 700-800 сая доллар буюу ойролцоогоор 2.4-2.8 их наяд төгрөг тусгасан гэх. Түүний хэлж байгаагаар тэрбумаар биш их наядаар хэмжигдэх төсөв нийслэлийн толгойны өвчин болох нь. Түүнчлэн ган татлагат гүүрний ТЭЗҮ-г хийх тендерийг зарласан. Энэ ажил 2025 оны төсөвтэй хамаагүй гэх бүдэг бадаг, бөөрөнхий тайлбарыг хэлэв.

Угтаа бол 12-р сарын 1-нээс өмнө гарын үсэг зурж тендер зарлаагүй төслүүд хасагдсан хэмээн мэдээлэл явж байсан ч нийслэл рүү шилжүүлэх байдлаар дээрх том хэмжээний зардал бүхий төслүүд үргэлжлэхээр болжээ. Харин бодит төслийн өртгийг төсвөөс бус хувийн хэвшилтэй түншлэх байдлаар гаргана хэмээн тооцжээ. 

Ташрамд, урсгал зардлаас 800 тэрбум төгрөгийн хэмнэлт хийхийн тулд нэг удаа хойшлуулж болох дараах зардлыг бууруулахаар төлөвлөжээ. Үүнд:

  • Тавилга авах зардлыг 100 хувь хасна.
  • Багаж, техник хэрэгсэл, бичиг хэргийн зардлыг 50 хувь бууруулна.
  • Дотоод, гадаад томилолтын зардал 50 хувь бууруулна. /Өндөр түвшний айлчлал, өндөр түлшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад/
  • Тээвэр шатахууны зардал 50 хувь бууруулна. /ЭМ, Тусгай чиг үүргийн байгууллагаас бусад/
  • Хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлыг 50 хувь бууруулна. /ЭМС, БС, ХЗДХС, БХС-аас бусад/

Эдгээр зардлыг бууруулахын тулд Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe