Импортыг өдөөж, эдийн засгаа нураах аюултай хэлэлцээрийн эргэн тойронд

Ц.Чимэдцэеэ
2024-12-06

Манай улс Евразийн эдийн засгийн холбоотой 3 жилийн “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” байгуулах гэж байна.

Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Хоёр жилийн өмнөөс эхэлсэн хэлэлцээрийг одоо яг хийе гэхээр гацаагаад байж болохгүй” хэмээн УИХ-ын чуулганаар хэлж байлаа.

Хэлэлцээрийн үр дүнд “экспортыг төрөлжүүлж, худалдааны тэнцлийн алдагдлыг багасгах, ХАА-ын салбарын гол бүтээгдэхүүн болох ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, арьс ширний экспортын зах зээлийг тэлэх боломжтой” хэмээн ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү дурдсан.

Харин эрсдэлтэй тал нь импортын бараа тэлж, дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюултай хэмээн салбарынхан үзэж байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “300 сая хүнтэй зах зээл рүү гарах гэж 3 сая хүнтэй зах зээлд арай гэж өндийсөн үйлдвэрүүдээ татаж унагаах нь арай өндөр төлбөр биш үү. Тэд эргээд хүнс нийлүүлэхдээ бензин шатахуун шиг бидний хөргөгч, хүнсийг базчих юм биш үү. Эргээд бид хүнсээ өөрөө хийж чаддаггүй нөхцөл байдалд хүрээд, хоолоо айлаас гуйдаг болчих юм биш үү. Тэд бидний мах, арьсаар дутахгүй гээд хаалгаа хаачихвал яах вэ” хэмээн анхааруулсан.

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Тодорхой дотоодод үйлдвэрлэж байгаа тодорхой бүтээгдэхүүн унахаар байвал бид онцгой арга хэмжээ авч болно. Бид гаалийн татвар л ярьж байгаа шүү дээ. Жаахан итгэлтэй л баймаар байна” хэмээн хариулсан юм.

ОХУ болон Евроазийн орнуудаас Монгол руу орж ирж байгаа импорт 2.5 тэрбум доллар бол экспорт 143 сая доллар буюу 96:4-ийн алдагдалтай байдаг. Дээрх хэлэлцээрээр энэ алдагдлыг арилгана хэмээн зорьж байгаа аж.

Дашрамд дурдахад, Евразийн эдийн засгийн холбоонд ОХУ, Беларус, Казахстан, Киргиз, Армен улс байдаг. Хэлэлцээр байгууллаа гээд манай улс тус холбоонд нэгдэхгүй гэдгийг ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү албан ёсоор мэдэгдэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe