НЭМҮТ: Агаарын бохирдлыг бууруулахгүй л бол үүний хохирлыг хүүхдүүд амсана

Ж.Номин
2024-12-06

Эрүүл мэндийн байгууллагуудаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа бол үүний 47 хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар /АЗЦХХ/ өвчлөгсдийн 90 хувь нь 15 хүртэлх насныхан байгаа бол үүний  72 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад 5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 9 хувиар нэмэгджээ. Орны ачааллын хувьд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 75 орчим хувь нь Улаанбаатар хотод эмчлүүлж байна.

Эрчимт эмчилгээний тасагт 100 орчим хүүхэд эмчлүүлж байгаагийн 55 хувь нь АЗЦХХ-ын шалтгаантай. Улсын хэмжээнд 1800 орчим ор дэлдгэгдсэн байгаагаас нийслэлд 1400 орчим нь дэлгэгдээд байна. 

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул: 

- Өнгөрсөн 7 хоногт үндэсний хэмжээнд эрүүл мэндийн байгууллага, эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн 90 орчим хувиас томуу, томуу төст өвчин илэрсэн. Үүсгэгчдийг задлан үзвэл 6 төрлийн эмгэг төрүүлэгч өвчний шалтгаан болж байна. Үүнд, хамгийн өндөр тархалттай байгаа нь адиновирус 36.6 хувьтай, амьсгалын замын синцитиал вирусийн халдвар 23 хувь, риновирус 10 хувь, SARS-COV-2 7 хувьтай бүртгэгдсэн.

Томуугийн А(H1N1) вирус энэ 7 хоногт идэвхжиж байна.

Мөн энэ жил улирлын шалтгаанаар нэг шинэ төрлийн вирус бүртгэгдсэн. 5-с дээш насны хүүхдүүд маш хүнд хатгалгааны өөрчлөлттэй ирж байна. Нэг талын уушги нь огт агаар дамжихгүй болж, уушги нь устсан, зүрхний үнхэлцэг хальсанд шингэн үүссэн хүүхдүүд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Энэ жил нэг хүүхдэд 3-4 вирус зэрэг илэрч байгаа. 

ЭНЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга У.Цэгмэд:

- ЭНЭМҮТ 330 ортой ажилладаг бол өнөөдрийн байдлаар 540 гаруй хүүхэдтэй байна. Эдгээрийн 80-90 орчим хувь нь АЗЦХХ-аар хэвтэн эмчлүүлж байгаа. 5 хүртэлх насны хүүхдүүд шуугиантай амьсгалаар илэрч, рентгенээр хатгалтаа үүссэн байгаа. Богино хугацаанд вирусийн анхдагч шалтгаанаар хүүхдийн дархлаа сулрах, амьсгал дамжуулж байгаа гуурс агшдаг. Амьсгалын зам нарийссан тохиолдолд цэр, салстын ялгарал ихэсдэг. 

Хэвтэн эмчлүүлэх орны ачааллаараа манайх нийслэлийн ⅓  хувийн ачааллыг үүрч байна.

Эмч, сувилагчдын ачаалал маш өндөр байна. Бид хүүхдийг хатгаатай гэж оношилчхоод гэр рүү нь буцаах боломж алга. Тиймээс яаж ийж байгаад л хүлээн авч, хэвтэн эмчилгээ хийж байна. Эцэг, эхчүүд маань эмнэлгийн ажилтан, албан хаагчдыг ойлгож, хүндэтгэлтэй хандаарай. 

НЭМҮТ-ийн орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны дарга Б.Сувд: 

- Эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтарч хийх хэрэгтэй. Хүүхдэд ханиадны шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах, эсвэл асаргаа сувилгааг сайн хийх хэрэгтэй. Хүүхдүүдээ 2-3 вирусийн хавсралттай болгож болгохгүй. Томчууд хүүхдүүдэд вирус халдааж байгаа тул эцэг эхчүүд өөрсдөө амны хаалтаа зүүгээрэй.

Хүүхэд нь ханиад хүрвэл цэцэрлэгт битгий явуулаарай.

Эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь маскаа зүүхгүй байна. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалтаа зүүгээрэй. Эмнэлэгт хүүхдээ сахихдаа гадуур хувцастайгаа сахиж байгаа эцэг эхчүүд ч байна. Хүүхдүүдтэй чихэрлэг зүйл өгөхгүй байх, халуун шим тэжээлтэй хоол унд өгөх, гараа сайтар угааж хэвших хэрэгтэй байна. 

Агаар дахь PM2.5, PM10 тоосонцор бол амьсгалаар шууд дамждаг тоосонцор. Энэ тоосонцроор дамжиж нян халддаг. Тоосонцрын хэмжээ өмнөх онуудтай харьцуулахад буурсан боловч стандарт хэмжээнд хүрэхүйц буураагүй. Тиймээс маскаа л сайн зүүх хэрэгтэй. Зүрх судас, амьсгалын замын өвчлөлийн 20 хувь нь агаарын бохирдолтой холбоотой.

Агаарын бохирдлыг бууруулахгүй л бол үүний хохирлыг нь хүүхдүүд амсана.

Яагаад гэвэл хүүхдүүд өөрсдийгөө хамгаалж чадахгүй. Өвдөөд байгаа шинж тэмдгээ бүрэн илэрхийлж чадахгүй. Бүх эд эрхтэн болон дархлалын тогтолцоо нь бүрэн хөгжөөгүй байгаа учир агаарын бохирдолд хамгийн эмзгээр өртөж, түрүүлж өвддөг. 

Халдварт өвчнийг эсэргүүцдэг бие организмын чадавх гэж байдаг. Энэ нь олон хүчин зүйлээс болж сулардаг. Агаарын бохирдол бол халдварыг эсэргүүцэх организмын чадавхыг бууруулдаг. Агаарын бохирдол ихтэй орчинд вирусийн халдварын тохиолдол их байдаг. Тиймээс хүн бүр амны хаалтаа тогтмол, зөв зүүж хэвших хэрэгтэй байна гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe