УИХ-ын гишүүн А.Ундраа Богд уулыг нүхлэх туннелийн тендерийг цуцлахыг шаардлаа

Ж.Номин
2024-12-09

Зам тээврийн яамнаас Богд уулыг нүхлэх буюу “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсвийн 55.3 тэрбум төгрөгийн нээлттэй тендерийг 2024 оны 11 сарын 11-нд зарлажээ.

Уг асуудлаар Үндэсний эвслээс парламентад орсон УИХ-ын гишүүн А.Ундраа цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Богд Хан Уулыг нүхлэх төлөвлөгөөг цуцална уу! ТЭЗҮ хэмээх хэрэггүй цаас үйлдвэрлэх тендерээ цуцалж, 55.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаана уу. Дэлхийн анхны дархан цаазат Богд Хан Уулыг нүхлэхийг эсэргүүцэж байна” хэмээжээ.

Түүнчлэн уг тендерийг цуцлах, эсэргүүцэх, гомдол гаргах эрх зүйн үндэслэлийг судалж байгаагаа мэдэгдсэн байна. 

Тус туннел нь 15,2 км бүхий 2 эгнээтэй хос туннел бөгөөд ТЭЗҮ, зураг төсөвт 2024 онд 55.3 тэрбум, 2025-2027 онд барилга угсралтад 5 их наяд 474.7 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм. 

Ташрамд дурдахад, тус тендерийн баримт бичиг хүлээн авах хугацаа 12 сарын 16-ны 09:00 цагт хаагдаж, 09:10 цагт тендерийг нээх аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe