БНСУ-ын улс төрийн "драма"-н эргэн тойронд

Ж.Номин
2024-12-11

Энэ сарын 3-ны 22:25 цагт БНСУ-ын Ерөнхийлөгч Yoon Suk Yeol онц байдал зарлав. Уг онц байдал нь 1980 оны 5-р сарын 18-нд болсон Ардчиллын хөдөлгөөний үеэр дайны байдал зарласнаас хойш 44 жилийн дараа дахин болж буй явдал юм. 

Энэ удаагийн цэргийн онц байдал зарласан явдал нь улс төрийн дотоод асуудлаас үүдэлтэй аж. 

Ерөнхийлөгч онц байдал зарлангуутаа тус онц байдлыг удирдах хүнээр Армийн штабын дарга Park An Su-г томилсон байна. Park An Su тухайн өдрийн 23:00 цагт онц байдлын 6 тушаал гаргажээ. 

Park An Su онц байдлын хүрээнд юу тушаав?

  1. УИХ, нутгийн зөвлөл, улс төрийн нам, улс төрийн холбоо, цуглаан, жагсаал зэрэг улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  2. Либерал ардчилсан тогтолцоог үгүйсгэх, түлхэн унагаахыг оролдсон аливаа үйлдлийг хориглож, худал мэдээлэл, олон нийтийн санаа бодлыг урвуулан ашиглах, худал суртал ухуулга хийхийг хориглоно.
  3. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг генерал хяналтдаа авна.
  4. Нийгэмд эмх замбараагүй байдлыг бий болгосон ажил хаялт, хорлон сүйтгэх ажиллагаа, цуглаан хийхийг хориглоно.
  5. Ажил хаялт зарласан болон эмнэлгийн салбарыг орхисон эмнэлгийн ажилтнууд 48 цагийн дотор үүрэгт ажилдаа орж, үнэнчээр ажиллах ёстой бөгөөд зөрчил гаргасан тохиолдолд онц байдлын хуулийн дагуу шийтгэнэ.
  6. Төрийн эсрэг болон бусад хорлон сүйтгэх хүчнээс бусад жирийн иргэдийн өдөр тутмын амьдралыг хэвийн явуулж, тохиолдох хүндрэлийг багасгана. 

Дээрх тушаалыг зөрчсөн этгээдийг БНСУ-ын онц байдлын хуулийн 9-р зүйлд /Тулааны үеийн командлагчийн тусгай арга хэмжээ авах эрх/ заасны дагуу захирамжгүйгээр баривчилна.  Онц байдлын хуулийн 14-р зүйлд заасны дагуу баривчилж, цагдан хорьж, эрэн сурвалжилж, шалган шийтгэх болно. 

Гэнэтийн онц байдлын дараа юу болов?

  • БНСУ-ын хууль тогтоох төрийн дээд байгууллага болох парламентыг Үндэсний ассамблей гэдэг бөгөөд 300 гишүүнтэй. 
  • Үндсэн хуулийн 77.5-д “Үндэсний ассамблейн гишүүдийн олонхын саналаар  цэргийн дэглэмийг цуцлах хүсэлт гарвал ерөнхийлөгч тушаалаа цуцлах ёстой” гэсэн заалт бий.
  • Ийнхүү 23:00 цагт Үндэсний ассамблейн дарга Woo Won Shik “Үндэсний ассамблейн бүх гишүүдийг нэгдсэн хуралдаанд нэн даруй ирэхийг хүссэн мэдэгдэл гаргажээ.
  • Тиймээс онц байдал зарласны дараа Yeoui-dong дүүрэгт байрлах Үндэсний ассамблейн ордонд гишүүдийг оруулахгүй гэж цэрэг, цагдаа нар хаалт хийв.
  • Харин ард иргэд нь гарч ирж, гишүүдийг оруулах шаардлагыг тавьснаар гишүүд ордон руу орох боломжтой болсон байна. 
  • Тэр шөнө 4000 гаруй иргэд парламентын ордны гадаа цугласан. 
  • Үндэсний ассамблейн танхимд 12 сарын 4-ний буюу тухайн шөнийн 00:00 цагийн үед 60 орчим гишүүн ирсэн бол 00:20 цагт гишүүдийн тоо 190 болж, ирц бүрджээ. 
  • Онц байдлын цэргүүд гишүүдийг хуралдуулахгүй гэж төв байрны цонхыг хагалж, байр руу нь орох гэж оролдов. 
  • 00:40 цагт гишүүд хуралдаж, онц байдал цуцлах тухай Үндэсний ассамблейн тогтоол гаргасан бөгөөд 190 гишүүн бүгд ерөнхийлөгчөө эсэргүүцжээ.
  • Ийнхүү Ерөнхийлөгч Yoon Suk Yeol хуулийн дагуу шөнийн 04:27 цагт онц байдлаа цуцлах тогтоол гаргасан. 

Ерөнхийлөгч онц байдал зарласан шалтгаанаа юу гэж тайлбарлав?  

  1. Ард түмний амь насыг үл тоомсорлож, засгийн газрыг огцруулах ажиллагаа дураараа явуулж, прокуроруудыг огцруулж байгаа сөрөгч хүчний намын даргын замбараагүй, хэрээс хэтэрсэн үйлдлээс болж төрийн бодлого, үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон. 
  2. БНСУ-ыг коммунист хүчний заналхийллээс хамгаалж Хойд Солонгосыг дэмжигч увайгүй төрийн эсрэг хүчнүүдийг устгах замаар үндсэн хуулийн эрх чөлөөг хамгаална. 
  3. Эрх чөлөөт БНСУ-ын үндсэн хуулийн дэг журмыг уландаа гишгэж, үндсэн хууль, хуулиар тогтоосон төрийн хууль ёсны байгууллагыг эвдэж, иргэний дайн дэгдээж буй төрийн эсрэг үйлдлийг таслан зогсооно. 
  4. Үндэсний ассамблей гэмт хэргийн бүлэглэлийн үүр болсон бөгөөд тэд хууль тогтоох дарангуйллаар тус улсын шүүх засаглалын тогтолцоог саажилттай болгож, либерал ардчилсан тогтолцоог түлхэн унагахыг оролдож байна.
  5. Манай улсыг сүйрүүлж буй бузар муу үйлдэл хийсэн төрийн эсрэг хүчнийг бид гарцаагүй устгана гэжээ.

Хэн Ерөнхийлөгчийг хатгав?  

Онц байдал зарлахдаа Үндэсний батлан хамгаалахын сайд эсвэл Төрийн захиргаа, аюулгүй байдлын сайд нар зөвлөлдөж Ерөнхий сайдаар дамжуулан Ерөнхийлөгчид санал хүсэлт гаргах боломжтой. Онц байдал зарлахыг Үндэсний батлан хамгаалахын сайд Kim Yong-hyun Ерөнхийлөгчид санал болгожээ. Онц байдал цуцлагдсаны дараа Kim Yong-hyun япон руу зугтах гэж байсан бөгөөд түүнд хилийн хориг тавьсан байна. Тэрбээр 12 сарын 4-нд хариуцлагаа хүлээж огцрохоо мэдэгдсэн.  

Yoon Suk Yeol ямар хариуцлага үүрэх ёстой вэ? 

Засгийн газрыг түлхэн унагах оролдлого, улсынхаа тодорхой хэсгийн газар нутгийг албан тушаалаа ашиглан булаан авах оролдлого хийх, үндсэн хуулийг зөрчиж, үймээн самуун дэгдээх зэрэг гэмт хэргийг хийсэн нь нотлогдвол:

  • Удирдагчийг цаазаар авах, бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ
  • Хуйвалдаанд оролцсон, удирдсан, бусад чухал үүрэг гүйцэтгэсэн этгээдийг цаазаар авах, бүх насаар нь буюу таваас дээш жил хорих ялаар шийтгэнэ. 
  • Үймээн самуунд оролцсон бол таван жилээс дээшгүй хугацаагаар хорино.

Намын нөхөд нь ямар байр суурьтай байв? 

Эхэндээ Ерөнхийлөгчийн нэр дэвшсэн Ардын хүч намын дарга Han Dong-hoon Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг эсэргүүцсэн. Гэвч дараа өдөр нь уг шийдвэрээ өөрчилсөн бөгөөд зарим улс төрчдийг баривчилж хорих даалгаврыг ахлах сургуулийн бага ангид хамт сурдаг байсан тагнуулын командлагч Yeo In hyung-д өгсөн нь тогтоогдсон гэв. Гэвч 12 сарын 7-ны Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэх Ерөнхийн ассамблейн хуралд тус намын гишүүд оролцоогүй юм. 

Ерөнхийлөгч яагаад огцорсонгүй вэ?

  • 12 сарын 4-нд Ерөнхийлөгч Yoon Suk Yeol Ерөнхий сайд Han Duck-soo болон Ардын хүчний намын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг ямар ч нөхцөлд тасалдуулах ёсгүй" гэдэг дээр санал нэгджээ.
  • Солонгосын 6 намын санал болгосон Ерөнхийлөгчийг огцруулах хуулийн төслийг 12 сарын 5-ны өглөө чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. 

Үндэсний ассамблей 300 гишүүний 200 нь буюу ⅔ нь огцруулах санал өгвөл Ерөнхийлөгч огцорно. 

  • Гэвч 108 гишүүнтэй Ард түмний хүч намынхныг хуралдаа орж, саналаа өгөхийг хүлээн 3 цаг болсон боловч 2 гишүүнээс бусад нь орж ирээгүй юм.
  • Ингэснээр 200 гишүүний санал бүрдэхгүй нь тодорхой болж түүнийг огцруулах асуудал хүчингүй болов.

Онц байдлаас хойш солонгост юу болов?

  • Онц байдал зарласан шөнө К-Попын үйл ажиллагаа, фестивалиуд нэг нэгээрээ цуцлагдаж, К-Энтертаймэнтуудыг төлөвлөсөн үйл ажиллагаануудаа яаралтай цуцлахыг шаардсан байдаг.
  • Прокуророос Ерөнхийлөгчийг онц байдал зарласантай холбогдуулан бослого гаргасан гэж буруутган, шууд шалгахаар шийдсэн. 
  • 12 сарын 7-ны 10:00 цагт Ерөнхийлөгч Yoon Suk Yeol ард түмэндээ хандаж үг хэлсэн бөгөөд дахин цэргийн онц байдал зарлахгүй гэдгээ мэдэгдэж, иргэдийнхээ санааг зовоосондоо уучлалт гуйсан. 
  • Солонгост Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжсэн болон эсэргүүцсэн 2 том жагсаал болов.
  • Bong Joon Ho, Kang Dong Won, Son Ye Jin зэрэг уран бүтээлчдээр толгойлсон нийт 77 байгууллагын, 2518 кино салбарын уран бүтээлчид хамтдаа нэгдэн БНСУ-ын ерөнхийлөгчийн суудлаас Yoon Suk Yeol-ыг буулгах өргөдлийг өргөн барьжээ.
  • 12 сарын 9-нд БНСУ-ын түүхэнд анх удаа албан тушаалаа хашиж буй Ерөнхийлөгчид хилийн хориг тавьсан явдал болов.

44 жилийн дараа давтагдсан онц байдал

  • 1980 оны тавдугаар сарын 18-нд болсон Ардчиллын хөдөлгөөнийг БНСУ-ын 5 дахь Ерөнхийлөгч Chun Doo-hwan зохион байгуулж байсан. 
  • Тэрбээр ийнхүү улсын эсрэг ноцтой бүлэг гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр 1995 онд баривчлагдан анхан шатны шүүхээр цаазын ял авсан.
  • Гэвч тэрбээр давж заалдан, цаазын ялаа бүх насаараа хоригдох ял болгон хөнгөлүүлэв.
  • Харин түүнийг 1997 оны 12 сарын 22-нд өршөөлийн хуулиар суллажээ.
  • Үүнээс хойш БНСУ-д сүүлийн 44 жилийн хугацаад анх удаа байлдааны онц байдал зарласан хүн нь Yoon Suk Yeol боллоо.

Эсвэл эхнэрийн урхи байв уу?

  • БНСУ-ын Ерөнхийлөгчийн эхнэр Kim Keon hee-н талаарх дуулиан ч сенсацтай сэдэв байсаар ирсэн. 
  • Тэрбээр Сөүлийн их сургууль зэрэг хэд хэдэн их сургууль төгссөн, боловсролтой бүсгүй гэдэг байсан нь худлаа болох нь батлагдсан.
  • Өнгөрсөн зун 2250 долларын үнэтэй Dior брэндийн үнэтэй цүнх бэлгэнд авсан, хувьцааны хууль бус арилжаанд оролцсон гэж прокурорын байгууллагаас нь мэдээлж байжээ.
  • Солонгосчуудын хувьд Ерөнхийлөгчийнхөө энэ гэнэтийн үйлдлийг тэргүүн хатагтай холбон шүүмжилж байгаа аж. 
  • Эхнэрийг нь нөхрийнхөө ажилд хутгалддаг, хэт нөлөөлдөг гэж үзэж буй юм. 
  • Мөн South china morning post-д “Юн ерөнхийлөгч өөрөө өөрийнхөө улс төрийн амийг тасаллаа”, Тайваны хэвлэлд “44 жилийн дараа Сөүлийн хавар дахин ирлээ: Гунигтай, цочирдуулсан, хамгийн муу шөнө байлаа” гэсэн гарчигтай мэдээллүүд хандалт өндөртэй байгаа аж.

БНСУ-ын гадаад харилцаа ганхах уу?

  • Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хариу арга хэмжээ авах БНСУ-АНУ-ын хамтарсан цэргийн сургалт хойшлогдов
  • Вашингтонд болох гэж байсан БНСУ-АНУ-ын цөмийн асуудлаарх зөвлөлдөх бүлгийн хурал болон NCG авто замын сургуулилт хойшлов
  • Шведийн Ерөнхий сайд, Японы Ерөнхий сайд асан Ёшихидэ Суга нарын айлчлал хойшлогдож Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн 1 сард БНСУ-д хийх айлчлал тодорхойгүй байдалд хүрэв. 
  • Солонгос-Казахстаны БХ-ын сайд нарын уулзалт цуцлагдав. 
  • Сингапурын Үндэсний ассамблейн дарга Ву Вон Сикийн айлчлал цуцлагдав. 
  • Онц байдал зарласны дараа АНУ, Их Британи, Франц, Шинэ Зеланд төдийгүй дайны байдалтай байгаа Израйл улсууд иргэдээ Солонгос руу явахгүй байхыг зөвлөсөн. 
  • Тайландад зорчиж байсан иргэнд Тайландын валют солих цэгт Солонгос валют солихоос татгалзсан байна.

БНСУ-д өрнөж буй улс төрийн “драма” хэрхэн төгсөх нь сонирхолтой ч одоохондоо бид өөрсдийнхөө гунигт “драма”-д л анхаарлаа хандуулцгаая.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe