Евразийн эдийн засгийн холбоотой "Чөлөөт худалдааны түр хэлцэлцээр" байгуулах асуудал татварын орлогын 20 гаран хувийг бүрдүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийн "шүдний өвчин" болсон.
Улсын эдийн засаг, хүн амын ажлын байр, хүнсний аюулгүй байдал зэрэг ачааг нуруундаа үүр дүүрч, унаж, мөлхөж, өдий зэрэгтэй өндийсөн тэдний хувьд нөхцөл байдал хэрхэн эргэх нь монгол хүн бүрийн амьдралын чанарын асуудал болж байна.
Тэртээ 2001 онд Дэлхийн банкны судалгаагаар "үндэсний үйлдвэрлэл өндөр байх нь хүн амын бүх давхаргын орлогыг нэмэгдүүлж, нэн ядуу бүлэгт үр өгөөжөө өгч, нэн ядуурлыг бууруулж байгааг" онцолж байж.
УИХ-ын гишүүд ч төрийн ордонд энэ талаар хангалттай сануулж, байр сууриа илэрхийлж байгаа. Хариуцсан яам нь мөн болгоомжтой хандах ёстой гэсэн. Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "19 нэр төрлийн 54 багц хүнсний бүтээгдэхүүнийг хэлэлцээрийн бүрэлдэхүүн хэсгээс хасах ёстой талаар ОХУ-д илэрхийлсэн байгаа. Бид энэ үйлдвэрлэлээ бүх талаар хамгаална" хэмээн мэдэгдсэн.
Харин хэлэлцээр одоогийн үзэл баримтлалын дагуу батлагдвал дотоодын үйлдвэрлэл хаалгаа барих хэмжээний аюултайг дурдсаар атал "албаны хүн" тэднийг "өчүүхэн эрх ашиг" хэмээн цоллож, өрсөлд, чадахгүй бол "чацага царайл" ухааны төмөр нүүрлэв.
Ийнхүү асуудал эрчийг авах зуур энэ сарын 20-нд хэлэлцээр байгуулах тов гарч, гарын үсэг үзэглэхээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан бэлтгэлээ базааж буй сурагтай. Хамгийн гол нь улс орны хэмжээний асуудлыг Засгийн газар бие даан шийдэх гэж байгаа ба тэдний эрх хэмжээний асуудал тул тухайлан УИХ-аар хэлэлцэхгүй. Зөвхөн "ёсчлон батламжлах" л үүрэгтэй.
Эцсийн дүндээ энэ асуудлын талаар шийдтэй хариуг Засгийн газар, ялангуяа нэр холбогдогч Шадар сайд С.Амарсайханаас нэхэхээс аргагүйд хүрсэн. Гэтэл ордны өнцөг булангаар түүнийг эрэн хайсан сэтгүүлчид энэ долоо хоногжин ганзага хоосон буцаад буй.
Нэг үгээр, ХХААХҮ-ийн сайд үйлдвэрлэгчдийнхээ талд байна. МҮХАҮТ ч ОХУ-тай хэлэлцээр хийх нь ашиггүй хэмээн мэдэгдэл гаргасан. Харин С.Амарсайхан л нүд чихгүй мэт дүлэгнэсээр үйлдвэрлэлээ дампууруулах, ХАА салбарт ажилладаг хүмүүсээ ажлын байргүй болгож, айлын хараат болох хэлэлцээр хийх вий гэсэн айдас нүүрлэлээ.
Эцэст нь Шадар сайд аа, нэг асуулт байна. Таны үзэглэх хэлэлцээрийн үр дүнд, дотоодын хүнс үйлдвэрлэгчид хаалгаа барина, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ, тусгаар тогтносон Монгол Улсын иргэдийн ходоод ОХУ-аас хамааралтай болно. Тэгвэл яг хэнд ашигтай юм бэ?
Сэтгэгдэл үлдээх