Хөгжлийн банкны хулгайг эргэн санацгаая

Ж.Номин
2024-12-13

Хөгжлийн банк нь 2011 онд байгуулагдсан, 100% төрийн өмчит компани буюу бодлогын банк гэдгээрээ бусад арилжааны банкнаас ялгаатай. 2017 онд шинэчлэн батлагдсан хуулийн хүрээнд тус банкнаас гаргаж байгаа нийт зээлийн 60 хувь нь экспортыг дэмжих, импортыг орлох төсөл хөтөлбөрүүдэд олгогдох ёстой юм. Өөрөөр хэлбэл, гаднаас бонд болон урт хугацаатай зээлийн эх үүсвэр бүрдүүлж, түүгээрээ том төсөл санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. Хөгжлийн банк нь нийт 3.1 их наядын зээлийн багцтай. 

 Хөгжлийн банкны гэх хэргийн тухай ?

  • Монголбанкнаас 2021 оны 11 сард тус банканд шалгалт оруулахад зээлийн активын 55.4 хувь нь чанаргүй байна гэж дүгнэсэн.
  • Тодруулбал, 2011 оноос 2022 он хүртэл цугларсан нийт зээлийн чанаргүй актив 1.7 их наяд төгрөгт хүрсэн байв.
  • Мөн 200 тэрбум төгрөгийн зээлийг эргэлзээтэй гэх ангилалд оруулсан байдаг.
  • Ийнхүү 2022 оны 1 сарын 20-нд  Хөгжлийн банкны зүгээс эхний ээлжид 2014-2019 онд зээл аваад төлөөгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан.
  • Үүний дараа буюу 2022 оны 1 сарын 31-нд үлдсэн 17 зээлдэгчийн мэдээллийг олон нийтэд ил болгосон юм. 
  • Олон нийтэд ил болгосон мэдээллээр Хөгжлийн банкны доллароор олгосон нийт зээлийн 8%, төгрөгөөр олгосон нийт зээлийн 23% нь л “хэвийн” гэсэн ангилалд багтаж байв.
  • Ийнхүү чанаргүй зээлдэгчидтэй холбоотой арга хэмжээ авснаар 2022 оны 1 сарын 20-ноос 2022 оны 2 сарын 11-нийг хүртэлх хугацаанд 39.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байдаг. 
  • 2022 оны 2 сард нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлж, 14 зээлдэгчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлж байв.
  • 2022 оны 2 сарын 11-нд Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагууд санаачлан зохион байгуулсан.
  • 2023 оны 1 сарын 16-нд УИХ-аас байгуулсан “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо”-ноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг эхлүүлэв.
  • 2022 оны 4 сарын 14-2023 оны 3 сарын 31 -ний хооронд нийт 1.08 их наяд төгрөгийг эргэн төлөлт хийгджээ.

Улстөрчдийн хамаарал бүхий Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд

  • Ц.Анандбазарын эзэмшдэг “Сод Монгол групп” ХХК 669,8 сая иений зээл авснаа хаасан.
  • Ч.Ундрамын аавын эзэмшдэг “Вояжер минерал ресурсес” ХХК 414.1 сая иений зээл авснаа хаасан.
  • М.Билэгтийн 50 хувийг нь эзэмшдэг “Монлаа” ХХК 2014 онд Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөг, 100 хувийн эзэмшил бүхий “Ачлалтрейд” ХХК 2017 онд 15 сая ам.долларын зээл авсан нь чанаргүй зээлийн ангилалд багтсан байдаг.
  • Б.Ундармаагийн эзэмшил бүхий “Капитал банк” ХХК 2014 онд 59.6 тэрбум, “Монгол эм импекс концерн” ХХК 2018 онд 7.2 тэрбум төгрөг, Монгол мах экспо ХХК 2017 онд 31.8 тэрбум төгрөг тус тус зээлсэн нь мөн чанаргүй зээлийн ангилалд орсон байв.
  • Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, Монгол Улсаас АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Ё.Отгонбаяр нарын хамаарал бүхий “Мондулаан трейд” ХХК 2018 онд 18 тэрбум төгрөгийн зээл авсан нь мөн л чанаргүй зээлийн ангилалд багтсан байдаг. 

Шүүх хурлууд юу болов?

Анхан шатны шүүх

  • 2023 оны 4 сарын 17 - “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан эхэлж, 47 өдөр тасралтгүй үргэлжилсний эцэст дүгнэлтээ танилцуулсан. 
  • Улмаар 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон байдаг. 
  • Эдгээр 80 оролцогчийн нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг. Тэрбээр  Хөгжлийн банкны хэргээр анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилээр хасуулж, 6 жил хорих ял сонссон юм.  

Давж заалдах шатны шүүх

  • 2024 оны 3 сарын 7 - Тус хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан эхэлж, 3 сарын 22-нд шийдвэрээ танилцуулсан. 
  • Анхан шатны шүүхээс нэр бүхий 48 хүнийг цагаатгаж шийдвэрлэснээс 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж, 32 хүнийг гэм буруутайд тооцсоноос 10 хүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээсэн. 
  • Мөн шүүгдэгч Н.Сүхболдод холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. 
  • Шүүгдэгч хуулийн этгээд болох “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны харгуй” ХХК-иудыг гэм буруутайд тооцсон ялыг хэвээр үлдээсэн.
  • Анхан шатны шүүхээр Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарт үйлдсэн яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн байдаг.

Улсын дээд шүүх

  • 2024 оны 12 сарын 2-ны 09:13 цаг - Улсын дээд шүүхийн хуралдаанаар 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж эхэлсэн бөгөөд шүүх хурал 2 өдөр үргэлжилж, 12 сарын 11-нд шийдвэрээ танилцуулав. 
  • Ийнхүү Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг Улсын дээд шүүх хүчингүй болгов.
  • Мөн УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгт оноосон ялыг хэвээр үлдээж,  246 сая төгрөг гаргуулахаар болжээ. 
  • Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, гишүүнээр ажиллаж байсан Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Н.Баярчимэг, Б.Махбал нарын 22 хүнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр болов. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe